“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд бонд гаргахаар тусгагдсан.
Тэгвэл уг шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20 сая ширхэг хүртэлх бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анхлан нээлттэй бондыг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол юм.
Сэтгэгдэл ( 1 )
Like