Австралийн “Вояжер Ресурсес” компани манай улсын уул уурхайн салбар дахь үйл ажиллагаагаа өдөр ирэх тусам тэлсээр байна. Тэд саяхан манай улсын Өмнөговь аймагт орших Хул Морьтын зэс, молебдиний ордыг худалдан авсан. Тэгвэл “Вояжер Ресурсес”-ийнхэн Хул Морьтын зэс, молебдиний ордод өрөмдлөг хийж эхэлснээ өчигдөр зарлалаа. “Вояжер Ресурсес”-ийн удирдлага энэхүү ордод 10 мянган метрийн гүн өрөмдлөг хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү компанийн мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр Хул Морьтын ордоос маш өндөр агууламжтай зэс, молебдин гарах магадлалтай гэнэ. Учир нь Хул Морьт нь дэлхий дээрх алт, зэсийн хамгийн том ордод тооцогдож буй Оюу толгойн дэргэд оршдогтой холбоотой аж. Оюу толгойн орд нь агууламж болон чанар маш өндөртэй зэс агуулдаг тул Хул Морьт ч мөн ийм байна хэмээн “Вояжер Ресурсес”-ийнхэн найдаж байгаа аж. Уг орд нь 50 орчим километр талбайг хамардаг бөгөөд ашиглалтын таван лицензэд харьяалагддаг юм байна. Энэхүү ордын зэс, молебдиний нөөц удахгүй тодорхой болох аж. Харин ордыг эзэмшигчид арвин нөөцтэй гэдэгт ихээхэн найдлага тавьж буй гэнэ. Энэхүү орд газар нь Оюу толгойн алт, зэсийн ордоос баруун тийш 320 километрийн зайд оршдог аж. Өнгөрсөн тавдугаар сард Хул Морьтын зэс, молебдиний орд газарт ажиллах эрхээ авсан Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Вояжер Ресурсес” компани одоогоор манай улсад хэд хэдэн төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал, Баянхонгор аймаг дахь Дальтын өврийн алтны ордын 80 хувийг эзэмшихийн зэрэгцээ Цагаан-чулуут, Аргалантын алтны ордод олборлолт хийдэг аж. Мөн энэ оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймаг дахь Хонгорын алт, зэсийн төслийг бүхэлд нь эзэмшихээр болсон юм. Эдгээрээс үзвэл “Вояжер Ресурсес”-ийнхэн манай улсын уул уурхайн салбарт маш өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нь харагдаж байна.
“Вояжер Ресурсес” Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд ирээдүйд Хонгконг болон Лондоны хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжихыг зорьж байгаа аж. Хул Морьтын зэс, молебдиний ордод өрөмдлөг эхэлсэн талаарх мэдээлэл гарсны дараа буюу өчигдөр Австралийн хөрөнгийн бирж дээр “Вояжер Ресурсес”-ийн хувьцааны ханш 0.5 хувиар өсч, 0.040 австрали долларт хүрчээ. Иймээс нэгэнт үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа тул энэхүү компанийн хувьцааны ханш цаашид ч өсөх нь тодорхой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )