“ЭТТ”-н босгох 2 их наядаар төмөр зам, цахилгаан станц зэрэг төслүүдийг санхүүжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

 

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20 сая ширхэг хүртэлх бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгээд байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд бонд гаргахаар тусгагдсан. Энэ хүрээнд 24-26 сарын хугацаатай,  нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй,2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.  

Тус компани бондоо энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдах юм.

Сануулахад, "Эрдэнэс-Тавантолгой" компани 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны  "А6-20"  бизнес төлөвлөгөөгөө холбогдох яамд, төрийн байгууллагууд, ТУЗ-аар хэлэлцүүлэн батлуулснаа энэ сарын 10-нд мэдээлсэн.

Ирэх таван  жилийн хугацаанд тус компани  10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл хөтөлбөрүүдэд оруулж, охин компаниудаа санхүүжүүлж, бизнесээ хөгжүүлнэ гэж мэдэгдсэн. Компанийн зүгээс хамаарч ажиллах найман төсөл, хамтарч ажиллах, дэмжиж  төслүүдийг нийлүүлж тооцохоор нийт  20 төсөл, хөтөлбөр бий гэж байсан.

Тэгвэл энэ онд багтаан дотоодын зах зээлээс босгох 2 их наяд төгрөгөөр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.27.119) 2021 оны 03 сарын 29

ГашуунСухайтыг маш хурдан дуусгамаар

1  |  0
Top