ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд 119 тохиолдол батлагджээ

2021 оны 03 сарын 31

ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.31/ мэдээллийн үеэр сэтгүүлчдээс ирүүлсэн дараах асуултад албаны хүмүүс хариулт өглөө. 

-Энэ 7 хоногт хэдэн насны хүмүүсийг вакцинжуулж байна вэ? Жишээ нь, харьяа дүүрэгтээ очоод вакцин хийлгэж болох уу?

О.Дашпагма: Энэ 7 хоногт 50-аас дээш насны хүмүүсийн 45 хувийг вакцинд хамруулсан байна. Хамрагдаагүй 50 хувь хүнээ вакцинжуулахаар ажиллаж байна. Харьяа дүүрэгтээ байгаа вакцинжуулалтын нэгжүүд дээр очиж, вакцинаа хийлгэнэ. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань эдгээр насны хүмүүс рүү мэдээлэл өгч, утсаар холбогдож байгаа. Эрүүл мэндийн төвийн эмч нарын заасан цэг дээр очиж хийлгэх, мөн дүүрэгтээ байгаа дархлаажуулалтын цэг дээр очиж хийлгэх боломжтой.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулж байгаа юу? Тийм бол хэдэн хувь нь хамрагдаад байна вэ. Харьяа хороо, дүүрэгтээ вакцинд хамрагдах уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулж байгаа. Одоогийн байдлаар бид 2200 орчим иргэнийг хамруулсан байна. Эдгээр хүмүүст мөн мэдээлэл хүргэн, вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн харьяа дүүргийнхээ вакцинжуулалтын нэгж дээр очиж вакциндаа хамрагдах боломжтой.

-Орон нутгийн харьяатай боловч Улаанбаатарт амьдарч байгаа 50-аас дээш насны хүмүүс вакцинд хамрагдах боломжтой юу. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Энэ насны Улаанбаатарт байгаа иргэд тухайн амьдарч байгаа дүүргийнхээ дархлаажуулалтын цэг дээр очоод вакцин хийлгэх боломжтой.

-Вакцины хоёр тунг хийлгэснээр хэр хугацаанд халдвараас хамгаалах вэ?

-Вакцины хоёр тунг хийлгэснээр хэр хугуцаанд хамгаалах вэ гэдгийг вакцин бүр дээр дэлхий дахинаараа судалж байгаа. Манайд мөн судалгааг эхлүүлээд явж байгаа. Гэсэн хэдий ч хоёр дахь тун хийгдэж эхлээгүй байна. Синофарм үйлдвэрийн Вироцель вакцины хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 10-наас, Астразеника вакцины хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 20-ноос хийгдэх учраас бүрэн тунг хийсний дараа тодорхой түвшинд судалж, хариуг нь хэлнэ.

-Одоо хийгдэж байгаа вакцинууд эсрэг биет үүсгэж байгаа талаар судалгаа хийсэн үү. Хийсэн бол ямар үр дүн гарсан бэ?

-Эсрэг биет үүсгэж байгаа талаар судалгаа хийгдэж байгаа. Хоёр дахь тунгийн дараа дархлаа тогтож уу, үгүй юу гэдгийг илэрхийлэх хэмжээнд очих учраас үүний дараа судалгаанууд бүрэн дуусна.

-Өнөөдрийн байдлаар халдвар авсан 0-17 насны нийт хэдэн хүүхэд байна вэ? Биеийн байдал нь ямар байгаа вэ? Байршлаараа хэд нь орон нутагт, хэд нь зөөвөрлөгдсөн гэж бүртгэсэн бэ?

Ж.Байгалмаа: Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүнээс 1623 нь 0-17 насны хүүхэд байна. Энэ нь нийт халдварын 19 хувийг эзэлж байна. Эдгээр хүүхдийн 1601 нь дотоодод халдвар асан, 22 нь гадаадаас буюу аав, ээжтэйгээ чартер нислэгээр ирсэн. Өвчлөлийн хувьд 20-оос доош насныхан хөнгөн өвчилж байгаа. Тийм учраас хүүхдүүдийн хувьд ямар нэг байдлаар хүндэрсэн тохиолдол байхгүй.

-ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд халдвар гарсан. Дотоодод халдвар гарснаас хойш хаана, ямар, хэдэн хорих ангид халдвар гарсан бэ? Агааржуулалт муу, битүү орчинд нэг дор хадвар авч байна гэсэн. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Ж.Байгалмаа: ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд гуравдугаар сарын 23-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүний мөрөөр хийсэн судалгаагаар тухайн байранд 119 хүн халдвар илэрсэн. Тухайн үед саатуулах байранд байсан хүмүүсийн 48 хувь нь гэсэн үг. Ер нь бол хаалттай орчинд халдвар гарсан тохиолдолд маш өргөн халдвар тархах эрсдэлтэй байдаг учраас өндөр хувьтай халдвар ирэрч байдаг. Тиймээс бид хаалттай орчинд халдварыг оруулахгүй, халдвар гарсан тохиолдолд маш яаралтай хариу арга хэмжээ авч, аль болох халдварт өртөхөөс сэргийлэхээр хариу арга хэмжэ авч байна. Одоогийн байдлаар бусад хорих ангид халдвар гараагүй байна.

-ГССҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ зэрэг томоохон эмнэлгүүд дээр халдвар гарсан. Одоогоор хэчнээн эмнэлэгт халдвар гараад байгаа вэ. Эмнэлгийн хэчнээн ажилтан халдвар авсан талаар тодруулна уу?

-Монгол Улсад нийт 46 эрүүл мэндийн байгууллагат халдвар гарсан байна. Эдгээр эмнэлэгт гуравдугаар сарын 28-ны байдлаар 326 эрүүл мэндийн ажилтан өртсөн байна. Эдгээр нь нийт өвчлөлийн 4.6 хувийг эзэлж байна.

ДЭМБ-ын хийсэн тооцооллоор эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд эзлэх халдварын хувь ойролцоогоор 12-14 хувьтай байдаг. Үүнтэй харьцуулбал Монгол Улсад харьцангуй бага байна. Гэсэн ч сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагат бүргэгдэх халдарын тоо нэлээд нэмэгдэж байна. Ялангуяа гуравдугаар сарын 22-оос хойш улс, хувийн хэвшлийн нийт 16 эмнэлэгт халдвар гарч, 32 эрүүл мэндийн ажилтан коровируст халдвар батлагдсан тохиолдол болсон. 326 эрүүл мэндийн ажилтны ойролцоогоор 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан, 30 хувь нь хүн амын дундаас халдвар асан байна. Эрүүл мэндийн ажилчид хүн амын дундаас халдвар авах нь сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ нь хүн амын дунд халдвар өргөн тархсан байгааг харуулдаг нэг үзүүлбэр байгаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top