Б.Жавхлан: 558,8 тэрбум төгрөгийн зээлийн цаана 22,9 мянган ажлын байр дэмжигдэж байна

2021 оны 03 сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүйгээр 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжсэн. Яг одоо Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал болж байна. Хуралд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл өгч байна.


Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлагдаад, банкуудтай гэрээ байгуулан, яг зээл эхэлсэн өдрөөс хойш гурав дахь 7 хоног явж байна. Ажлын 16 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих зээл, эпотекийн зээл, репо санхүүжилтаар олгож байгаа зээлд нийтдээ 558,8 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Эдгээр зээлийн цаана 22,9 мянган ажлын байр дэмжигдэж байна. Нийт энэ жилдээ гаргах зорьж байгаа гүйцэтгэлийн 5,6 хувь нь гарч байна.

Зээл нэг бүрээр нь хэлбэл:

-3 хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээл гуравдугаар сарын 29-ны байдлаар 152,8 тэрбум төгрөгийн 2431 зээлдэгчийн зээл гарчээ. Энэ нь 14 хоногийн богино хугацаанд харьцангүй идэвхжил сайн, банкууд идэвхтэй, боломжийн оролцож, чамлахааргүй хүртээмжтэй харагдаж байна. Тиймээс хоёр их наяд төгрөгийн нийт зээл тавдугаар сарын сүүл гэхэд нэлээд өндөр хувийн гүйцэтгэлтэй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

Олгогдсон зээлийн 660 нь Улаанбаатарт, орон нутагт 1771 зээл олгогджээ. Үүний 72,2 тэрбум нь 343 аж ахуйн нэгжид, 80,6 тэрбум төгрөгийг 2088 иргэн байна. Үүнээс шинээр олгогдсон зээл нь 149,4 тэрбум 2383 зээлдэгч байна.

Үүний цаана банкуудын барьж байгаа бодлого зөв юм болов уу гэдэг нь харагдаж байна. Банкууд одоо яг шинээр зээл хэрэгтэй байгаа, энэ зээлийг аваад эргэлтийн хөрөнгөдөө ашиглаад, одоо байгаа ажлын байраа хадгалах зорилготой зээлдэгч нарт эхний ээлжинд олгож байна.

Нэгэнт өндөр хүүтэй зээл авчихсан, хүүгээ багасгахаар хүлээгдэж байгаа зээлүүд түр зуур, хоёрдугаар ээлжинд тавьсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.179) 2021 оны 03 сарын 31

жавхлан гуай худал ярихаа боль доо. Улаан цагаан худал яриад байна. Ийм новш сайд хийгээд байж болж байгаа юмуу ер сайдаа

1  |  0
Top