Архангай аймагт хөл хорионы дэглэмийг ДРОНООР ХЯНАЖ байна

2021 оны 04 сарын 01

Архангай аймагт коронавируст халдварын улмаас тогтоосон хөл хорионы дэглэмийг дроноор хянаж байна.

“Ковид-19” халдварын цар хүрээг богино хугацаанд хумих зорилгоор Архангай аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоосон бөгөөд иргэдийн хөдөлгөөнийг дроноор хянаж, хөл хорионы дэглэм зөрчиж буй хүмүүст анхааруулга өгч ажиллаж байна. Сүүлийн 24 цагийн шинжилгээгээр тус аймаг дахь дотоодын халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж, тохиолдлын тоо 61 болоод байна.

Монгол Улсад коронавируст халдварын дотоодын халдвар гарснаас хойш Архангай аймагт анхны тохиолдол Батцэнгэл суманд 2020.11.27-нд бүртгэгдэж, нийт 3 иргэн халдвар авч, нийслэлд эмчлэгдсэн. Үүнээс хойш 3 сар гаруй хугацааны дараа Хайрхан суманд 2021.03.16-нд нэг тохиолдол батлагдаж, тус иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчлэн эдгэрүүлээд байгаа. 

Харин 2021.03.24-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 сувилагч халдвар авсан нь тогтоогдсоноос хойш Эрдэнэбулган суманд үүссэн голомтын ойрын хавьтлаас буюу зөөвөрлөгдсөн зэрэг Архангай аймагт 61 тохиолдол бүртгэгдээд байна. 61 гэсэн энэ тоонд Батцэнгэлийн гурван иргэний тоо орж тооцогдож буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top