Шүлсээр өгөх ковидын шинжилгээ үнэ төлбөргүй бөгөөд хариу нь 2-3 цагийн хугацаанд гарна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Ковидын шинжилгээ өгөх гэж хэдэн цаг дугаарлаж, нулимсаа гартал хамраа ухуулдаг цаг нэгэнт өнгөрч байна. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Ковидыг илрүүлэх дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Оношлуурын мэдрэх чанар өндөр байгааг судалгааны явцад тогтоогджээ. Энэ талаар АШУҮИС-ийн багш Г.Чимэдлхамсүрэн дараах мэдээллийг өглөө. “Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оношлуурын сав нь таван мл багтаамжтай. Вирус тээвэрлэгч улаан өнгийн шингэнтэй. Үүнийг ашиглан сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх боломжтой. Одоогоор манай улс 4000 оношлуурын нөөцтэй байгаа. Оношлуурын алдааны магадлал хоёроос таван хувьтай. Иргэд бүртгүүлэх хэсэгт бүртгүүлснээр шинжилгээгээ өгөх боломжтой. Шинжилгээг бүх насны, ямар ч өвчтэй хүн өгч болох юм. Урьдчилан цаг авах шаардлагагүй, үнэ төлбөргүй юм. Нэг хүн шинжилгээ өгөхөд тухайн хүний шүлсний гарах хэмжээнээс нь хамаарч гурваас таван минут шаардагдана. Шүлсээр шинжилгээ өгснөөр иргэд өөр өөртөө үйлчилж, эмчийн биед хүрэхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгийн ажилтнуудын халдвар авах эрсдэл буурна” гэсэн юм.

Шинжилгээг АШУҮИС-ийн эмнэлзүйн молекул оношилгооны төвд очиж өгөх боломжтой бөгөөд иргэд шүлсээр хэрхэн өгөх зөвлөмж, дарааллыг гаргажээ. Нэгдүгээрт, шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсээ цэртэй хийж болохгүй. Амны хөндийд цугласан шүлсээ өөрөөр нь гоожуулж хийх ёстой. Шүлсийг савны дунд хэсэг хүртэл хийнэ. Хоёрдугаарт, юүлтүүрийг авч хаяна. Дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг шингэн хэсгээр тооцно. Гуравдугаарт, шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг тооцохгүй. Ингээд шүлстэй савыг шинжилгээнд өгнө. Шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө амаа зайлахгүй, шүдээ угаахгүй, шингэн зүйл уухгүй, хоол идэхгүй, тамхи татахгүй байх ёстой. АШУҮИС-ийн эмнэлзүйн молекул оношилгооны төв бусад лаборатороос ялгарч буй давуу тал нь сорьц хадгалах өрөө гаргаж хөргөгч, хөргүүрийг байршуулсан. Мөн ажилчиддаа олон улсын лабораторийн дүрэмд байдаг шүршүүрийн өрөөг тусгайлан гаргаж, халдваргүйжүүлэх нөхцөлийг хангажээ.

ХӨСҮТ-ийн лабораторийн их эмч Н.Амарбаясгалан “Шүлснээс Ковидыг илрүүлэх шинжилгээг 41 өвчтөнөөс авсан. 39 өвчтөн дээр эерэг хариу өгөөд, хоёр өвчтөн дээр сөрөг хариу өгсөн. Учир нь нэг өвчтөний хувьд коронавирус биш ижил төрлийн сарбеко вирус байсан учраас сөрөг хариу өгсөн. Нөгөө өвчтөний хувьд сорьц өгөхөөсөө өмнө хориглосон заалтуудыг зөрчсөн учраас сөрөг хариу өгсөн юм” гэлээ.

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яам 47 сая төгрөг, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Улсын Онцгой Комиссоос 109 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Шүлснээс коронавирусийг тодорхойлох оношлуурыг Япон, АНУ, Филиппин, Унгар, БНСУ-уудад хэрэглэж байгаа юм. Гэхдээ манай улс шиг шүлснээс шинжилгээ авах оношлуурыг бүтнээр нь гаргаж аваад ЭМЯ-аасаа гэрчилгээ авсан тохиолдол байхгүй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(66.181.161.69) 2021 оны 04 сарын 07

Hayag ni haana yum be shal hudlaa haigad oldohgui hayaggui utaschgui gazar bnle

1  |  0
хх(66.181.191.126) 2021 оны 04 сарын 05

Хэзээнээс авч эхлэхүү? шүлсээр

1  |  0
Top