Л.Энхсайхан: Вакцин хийлгэсний дараа жирэмслэхээс сэргийлэх нь зүйтэй

2021 оны 04 сарын 07

Коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.07/ мэдээллийн үеэр ирүүлсэн зарим асуултад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өглөө.


-Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын хоёр дахь тун хэзээнээс эхлэх вэ?

-Бид хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалтыг эхэлсэн. Тэгэхээр энэ өдөр Астразеника вакцин хийлгэсэн хүмүүс найман долоо хоногийн дараа вакцинжуулалтыг хийж эхэлнэ. Тэгэхээр бид ерөнхийдөө дөрөвдүгээр сарын 15-аас эхлээд Астразеника вакцины хоёрдугаар тунг тарьж эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 20-оос авахуулаад Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн хүмүүсийг вакцинжуулахаар байна. Вакциныхаа нэгдүгээр тунг хийлгэсэн газраа очиж хоёрдугаар тунгаа албал хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа. Хэрвээ үнэхээр хөдөө гадаа ажилтай, жишээ нь Замын-Үүдэд ажиллаж байгаад Улаанбаатарт ирчихсэн байвал мэдээллээ байгууллагатаа мэдээлээд, тухайн хүмүүсийг Улаанбаатарт вакцинжуулж болно гэж ярилцаж байгаа.

-Жирэмсэн хүмүүс вакцин хийлгэж болох уу? Вакцин хийлгэснийхээ дараа жирэмсэн гэдгээ мэдсэн бол яах вэ?

-Энэ асуулт дээр судалгаа хийж байна. Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын талаарх судалгаа одоогоор хийгдэж байгаа. Эмнэл зүйн судалгааны үр дүн эцсийн байдлаар мэдээлэгдээгүй байнаа. Ер нь вакцин хийлгэсний дараа, хэрвээ жирэмслэхээр төлөвлөж байвал жирэмсэн болохоос аль болох сэргийлэх аргыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ вакцин хийлгэсний дараа жирэмсэн гэдгээ мэдсэн тохиолдолд жирэмслэлтийг шууд тасална гэж зөвлөхгүй. Ерөнхийдөө жирэмсэн хүмүүс, хөхүүл хүмүүс халдвар авах эрсдэлтэй нөхцөлд байвал хөхүүл хүмүүсийг вакцин хийлгэхийг зөвлөж байна. Жирэмсний эхний гурван сард ураг бүрэлдэж байдаг учраас жирэмсний эхний гурван сард аливаа вакцин, эм биологийн бэлдмэлийг аль болох зөвлөдөггүй.

-Файзер вакциныг өвдөгний үе солиулсан хүнд хийх үү?

-Файзер вакциныг эхний ээлжинд Нэгдүгээр эмнэлэг, ХСҮТ-ийн хяналтад байгаа, бөөр, элэг зэрэг цул эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст тарь байгаа юм. Дараагийн шатны вакцины нийлүүлэлтээр файзер вакцин ирвэл өвдөг шилжүүлэн суулгасан болон үе шилжүүлэн суулгасан хүмүүстээ тарилгүй яахав.

-Улсын хэмжээнд уушги орлуулах апарат хэд байгаа вэ? Нэн хүмүүст энэ аппарат хүрэлцэж байгаа юу. Цаашдаа энэ хүмүүсийг ямар байдлаар зохицуулах вэ?

-Энэ мэдээллийг би нарийн мэдэхгүй байна. Нэг байгаа гэж сонсож байсан. Эмнэлгийн тусламжийн даргаас асуугаад маргааш хариу хэлье. Харин амьсгалын аппарат 900 гаруй байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top