Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд орон нутагт газар үнэгүй өмчлөх эрхтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын иргэн нэг удаа өрхийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ?

-Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 202.148 иргэн газраа өмчилсөн байна. Талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10752.1 га газрыг иргэдэд өмчлүүлжээ. 2014-2016 оны хооронд 69836 иргэнд цахимаар газар өмчлүүлсэн байна.

-Улаанбаатар хотын 1.3 сая иргэнээс 200 мянга гаруй нь газар өмчилжээ. Зургаан хүний нэг нь газар өмчилсөн гэхээр иргэдэд газар эзэмшиж, өмчлөх хэрэгцээ байсаар байна. Ер нь нийслэлд өмчлөх газрын нөөц байгаа юу?

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөлт хийсэн газрын нөөц өнөөдрийн байдлаар дууссан бөгөөд дахин төлөвлөлт хийж, шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол буюу 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах ёстой. Дээрх бодлогын бичиг баримтуудад тусгасны дагуу иргэдэд газар өмчлүүлэх суурьшлын бүсийн хилийн төлөвлөлтөөс гадуур иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй юм.

Энэ жил Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөлт хийгдэж байна. Эдгээр төлөвлөгөө батлагдаж, суурьшлын хил зааг тодорхой болбол төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Тэгэхээр цаашид хотын төвөөс алслагдсан газруудад газар олгож таарах нь ээ?

-Нийслэлээс суурьшлын хилээ тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа учир шинэ, хаяа дагуул хотууд руу өмчлүүлэх газрыг батлах болов уу гэсэн таамаглал байна. Ер нь цаашид иргэдэд газар өмчлүүлэхдээ эхлээд тухайн өмчлөх байршлууд дээрээ төлөвлөлтөө нарийвчлан боловсруулж, түүндээ уялдуулан дэд бүтцээ шийдвэрлэсний дараа газрынхаа өмчлөх шийдвэрийг гаргаж ажиллахаар ажлуудаа зохион байгуулж байна.    

-Нийслэлийн иргэн орон нутагт газар өмчилж болох уу?

-Болно. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний,  аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 46 мянган иргэн орон нутагт газар өмчлөхөөр нийслэлд газар өмчлөх эрхээ хасуулсан байна.Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг.

-Нийслэлийн иргэн аль нэг аймаг, суманд газар авах хүсэлт гаргахад тухайн орон нутаг нь  “Нутгийнхаа иргэдэд л газар өмчлүүлнэ” гээд хүсэлт хүлээж авдаггүй тал бий. Ингэж болох уу? 

-Аймаг, сумын Газар зохион байгуулалтын алба болон газрын даамал ийм хариу өгөх ёсгүй. Иргэний хүсэлтийг судлаад асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлэх үүрэгтэй юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас  egazar.mn цахим сайт ажиллуулж, аймаг, сум, нийслэл, дүүргүүдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухайн төлөвлөлт, байршлыг оруулж байна. Аль байршлуудад, ямар зориулалтаар олгох газрын бүх мэдээллийг агуулсан. Хүсэлтээ өгөхөд татгалзсан хариу өгөх нь тухайн төлөвлөлт, байршилд тусгагдаагүйгээс бусад үндэслэлээр татгалзах боломжгүй юм. Харин иргэд дээрх төлөвлөлт, байршилд тусгагдаагүй тохиолдолд дахин өөр байршилд газар сонгох эрхтэй. Хэрэв нэг байршилд хоёр иргэн хүсэлт гаргасан бол эхэлж өргөдлөө өгсөн иргэний асуудлыг шийдвэрлэнэ.

-Хүүхэд газар өмчлөх эрхтэй юү?

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлө  нийслэл болон дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албад иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэдэн газар эзэмшиж байна, хэдэн оны захирамжтай байсныг нь хянаж үзээд, газрын үнэлгээг нарийвчлан тооцож, дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажил хийж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд суурилан газрыг иргэн бүрд тэгш, шударга, хүртээмжтэй хүргэх хүрээнд хийж байгаа ажил. 

-Улаанбаатар хотын харьяат иргэн нийслэлд хоёр дахь газраа эзэмшихээр авсан бол ямар хэмжээний төлбөр төлнө гэсэн үг вэ?

-Тухайн иргэний газрын захирамж олгосон түүхчилсэн лавлагаанд үндэслэн хэдэн онд газар олгосноос шалтгаалж нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн төлбөр авч байна.

-Нэг газар өмчилж авсан иргэн дахин газар эзэмших, ашиглах тохиолдолд хаана хандах вэ?

-“Газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно. Газар өмчлөх талаар өмнөх асуултандаа тайлбарласан тул эзэмших эрхийн тухай хуулийн ямар зохицуулалт хэрэгжиж байгааг тайлбарлая.

Газрын тухай хуулийн 29-р зүйлд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас илүүгүй, багийн Иргэдийн нийтийн хурлын санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр тус тус эзэмшүүлж болохоор заасан. Гэхдээ нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тохиолдолд тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар таван га хүртэл байна. Дээр дурдсан хэмжээнээс бусад тохиолдолд газар эзэмших, ашиглах бол Газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших, ашиглах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд mle.mn сайтад ямар байршлуудад газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдээ, мэдээллүүд нь бий. Нийслэл болон дүүргүүдийн ИТХ-аар  батлагдсан, төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг дуудлага худалдаанд оруулдаг. Иргэд энэ сайт руу хандаж, эзэмших, ашиглах газрынхаа мэдээллийг авч, дуудлага худалдаанд оролцох бүрэн боломжтой. Иргэд дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны үнийг төлснөөр хэдэн ч газар эзэмшиж, ашиглах эрх үүснэ. Газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч болно.

-Дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг хэрхэн тогтоодог вэ?

-Бид дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг иргэн, аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, нийслэл болон дүүргийн ИТХ-ын тогтоолоор жил бүр оны сүүлээр батлуулдаг. Газрын дуудлага худалдааг 2005 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд энэ жилээс газрыг хөрсний шинж байдлаар нь судалж, газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой гэх мэтээр иргэдэд илүү нарийвчилсан байдлаар газар санал болгох, таатай нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн жил бүр газрын төлбөр төлдөг. Энэ төлбөр барагдуулалт нь ямар түвшинд байдаг бол?   

-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн жил бүр газрын төлбөр төлнө. Эзэмших, ашиглах эрхийн төлбөрийг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль,  Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолд заасан суурь үнийг үндэслэн тухайн нийслэл, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан итгэлцүүрээр бүсчлэн тогтоосон байдаг.
Газрын зориулалт, байршлаас нь хамааран 1-16 хүртэлх бүсчлэлээс шалтгаалан итгэлцүүрийн үнэ өөр өөр байдаг. Нийслэл, дүүргүүдийн газрын албад төлбөрийн ногдуулалтыг хийж, барагдуулалтыг Татварын алба хэрэгжүүлдэг. Төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж байна.  

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа, хайсыг буулгах ажил зохион байгуулж эхэлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хайс, хаалт байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс, барьж ашиглах буулгах журам баталсан. Дээрх журамд нийцүүлэх хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайг бусдад шилжүүлсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшилд нь оруулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цаашлаад сургууль, цэцэрлэг барих газрыг нэмэгдүүлэх ажлыг бид хамтран хэрэгжүүлж буй юм.


Эх сурвалж:  НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эм(66.181.180.203) 2021 оны 04 сарын 13

Хөдөө суманд очоод газар өмчлөх гэхэд тус сумын харъяат иргэн бай гэдэг биз дээ.

0  |  0
(192.82.77.79) 2021 оны 04 сарын 12

engiin irgen yuugaa hiij avahvde,nuguu hulgaichuud chini harin hujaanudad zarnashuudee

0  |  0
Top