Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэндтэй ярилцлаа. Тэрбээр “Ажлыг байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл эзэндээ хүрч байна уу” сэдвийн хүрээнд ийнхүү хариулт өгсөн юм.
-Дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа танай компанийн үйл ажиллагаанд хөл хорио хэрхэн нөлөөлж байна вэ?
-Манай компани хүнс, хоолны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ хийдэг. Бүтээгдэхүүнээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн гал тогоо зэрэгт нийлүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч юм. Ковидын үед иргэдийг хүнсээр тасралтгүй хангах ёстой хэдий ч манай компани хөл хорионд ажиллахгүй байгууллагын жагсаалтад байгаа. Эмнэлгүүдийн ор нэмэгдэж байгаа энэ үед хоолны тоног төхөөрөмж авах гэсэн хэрэглэгчид байгаа ч үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Хөл хорионы үед үйлдвэрлэл 100 хувь зогсож байгаа.
-Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд материалаа өгсөн үү. Зээл бүтэх нь үү?
-ХААН банканд материал бүрдүүлж өгсөн. Тус банкны идэвхтэй харилцагч, барьцаа хөрөнгө маань банканд байгаа. Тиймээс зээл бүтнэ гэж үзээд материалаа өгсөн. Гэтэл “Судалж байгаа, мөнгө байхгүй хүлээж байгаа” гэх зэрэг шалтгаанаар 45 хоногийн өмнө өгсөн зээлийн хүсэлт одоо хүртэл шийдэгдээгүй байна. Төрийн байгууллага нь ч, банк нь ч хөл хорионы үед “Ажиллахгүй байгаа, цахимаар ажиллаж байна” гэсэн хариулт өгөөд хаалттай, хүнд сурталтай байх юм. Сураглаад үзэхээр миний эргэн тойронд бизнес, үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээс зээл авсан хүн нэг ч байхгүй. Ямар хүмүүст нь, ямар аж ахуйн нэгжид нь зээл олгогдоод байгааг мэдэхгүй юм. Зээл авч байгаа аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг “шилэн” болгомоор байна. Хөдөө орон нутагт дэлгүүр, лангуутай худалдаа эрхэлдэг хүмүүст зээл илүүтэй хүрч байгаа гэсэн сураг сонссон. Миний мэдэхээр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст зээл очихгүй байна.
-Та хэзээнээс зээлийн материалаа бүрдүүлсэн бэ. Зээлийн шалгуур тийм хэцүү юм уу?
-Гуравдугаар сарын 2-ноос бичиг баримтаа бүрдүүлээд хамгийн эхэнд зээлийн хүсэлт өгсөн. Өмнөх бизнесийн зээлээ төлөөд дууссан учраас дараагийн зээл авах боломжтой болсон, банканд манай барьцаа хөрөнгө бэлэн байсан. Арван хэдэн шалгуурыг нэрлэвэл их юм болно. Тэдгээр шалгуурын дагуу олон судалгаа, бичиг цаас болж материал өгсөн. Өмнө нь энэ төрлийн бичиг баримт бүрдүүлж байсан учраас харьцангуй гайгүй байсан ч гурван хувийн зээлд борлуулалтын орлого, үйл ажиллагааны идэвхи, барьцаа хөрөнгө, тухайн банкны зээлийн судалгаанд тэнцэх нь чухал гэж ойлгосон. Туршлагагүй жижиг, дунд бизнес эрхлэгч бол тэр олон шалгуурыг хангаж, материал бүрдүүлж бараг чадахгүй юм байна лээ. Мөн Зээлийн батлан даалтын сантай банк хамтарч ажиллах сонирхолгүй байдаг.
-Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдаж байсан уу?
-Өмнө нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг дөрвөн удаа авах гэж оролдоод чадаагүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө хүрэхгүй байна гэсэн шалтгааныг ихэвчлэн хэлдэг. Өнгөрсөн жил жижиг, дундын зээл авах гэхэд үйл ажиллагааны чиглэл таараагүй шалтгаанаар авч чадаагүй. Японы ЖАЙКА-гийн тусламж, арилжааны банкны бизнесийн зээл авч байсан.
-Танай компани хэдэн ажилчинтай вэ. Бага хүүтэй зээл авчихвал ажлын байрыг хадгалахад чухал хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд зээлээс гадна ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?
-Үйлдвэрлэлд 30-40 ажилчин, худалдаа үйлчилгээнд байгаа ажилчдаа нэмэхээр 100 орчим хүн ажилладаг. Эргэлтийн хөрөнгөө сайжруулах, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийх, шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн тулд бага хүүтэй зээл авчихдаг бол үнэхээр хэрэгтэй. Дараагийн асуудал нь төрийн худалдан авалтаар үйлдвэрлэгчдийг дэмжиж, шууд худалдан авалт хийдэг бол зүгээр байна. Олныг дагаад хөл хорио тогтоосон үед нь хорионд ороод, үйл ажиллагаа явахад нь ажиллаад байж байна. Гэхдээ үр дүнгүй хөл хорио тогтоох ч юм уу үр дүнгүй зээл олгох гээд төрийн буруу шийдвэрүүдээс болж аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэл түрүүчээсээ дампуурч байна. Нэгэнт үйлдвэрлэл унахаар болчихвол босно гэдэг хэцүү учраас үнэхээр харамсалтай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Ажлын байрыг нэмэглүүлж дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ газруудаа дэмжмээрсэндээ...
Хамгийн дампуу төр, сүйрсэн засаг
Уул нь Хаан банкны шалгуурыг хангаад л зээл авсан. Одоо 3 хувийн хүүтэй зээл авах гээд хшсэлт өгөхөөр судална шалгуур өндөр гэхийн. Бүх барьцаа хөрөнгө хаан банкинл байгаа юун нь судлах гээд байгаа. Юм болоо
Zaaval chinii oir orchnii hvn avsh yostoi uy.