Д.Ангар: 10 их наядын төлөвлөгөө хэрэгжих боломжгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 25

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө, тус төлөвлөгөөнд багтсан ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн эргэн тойронд эдийн засагч Д.Ангартай ярилцлаа. Тэрбээр 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжих боломжгүй гэдгийг ийнхүү тайлбарлаж байна.


-Та “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр ашгийг хэрхэн харж байна вэ. Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж болох хамгийн зөв зохицуулалт нь тус хөтөлбөр байсан уу?

-Анх хөтөлбөр зарлагдахад маш таатай хүлээж авсан. Зайлшгүй авах ёстой тэдгээр арга хэмжээнүүдийг 2021 он гаргаад биш 2020 оны эхний хагаст багтааж авах нь илүү үр дүнтэй байсан. Учир нь дэлхийн улс орнууд халдвар гарснаас хойш удалгүй 2020 оны эхний хагастаа багтааж эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг хадгалах хөтөлбөрүүдийг зарлаж байсан. Монгол Улсын Засгийн газар ковидын эхний жилд эдийн засаг, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн арга хэмжээ аваагүй тул 2021 он гараад эдийн засагт таагүй үр дүнгүүд гарч эхэлсэн. Үүний нэг жишээ нь 60 мянган ажлын байр алдагдсан. Засгийн газраас эрүүл мэнд талаа хэт анхаарч явж байгаад эдийн засаг сэргэхийн аргагүй хямарч эхэлснийг сүүлд нь олж харсан. Улмаар 2021 оны хоёрдугаар сард 10 их наядын төлөвлөгөөг зарласан. Хэдийгээр хугацаа алдсан боловч зөв арга хэмжээ байсан. Гэвч харамсалтай нь эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжих боломжгүй нь ойлгомжтой боллоо.

-10 их наядын төлөвлөгөө хэрэгжих боломжгүй гэлээ. Яагаад тэр вэ. Аль хэдийн санхүүжилт нь шийдэгдсэн биш үү?

-Хэрэгжих боломжийг нь төр өөрөө хаасан. Ерөнхийдөө эдийн засгийг зохицуулж байгаа хоёр институт байна. Нэг нь Засгийн газар, түүнийг төлөөлж Сангийн яам төсвийн бодлогоор эдийн засгаа зохицуулна. Нөгөө талд Монголбанк мөнгөний бодлогоор эдийн засгийг зохицуулдаг. Тэдгээрийн аль нь ч байлаа гэсэн нийлээд төрийн бодлого болно. Төрийн бодлого нэгдсэн байх ёстой. Миний харж байгаагаар 10 их наядын хөтөлбөр дээр Сангийн яам болон Монголбанкны зорилт эсрэг тэсрэг байна. Иймээс 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь мөнгөгүй, орлогогүй, борлуулалтгүй “хатсан” эдийн засаг руугаа мөнгө шахаж оруулах байсан. Гэтэл Монголбанк үүний яг эсрэг бодлого хэрэгжүүлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг руу орж байгаа мөнгийг Төв банк өөртөө буцааж татаж байна. Гарч буй мөнгө эдийн засаг руу орохоос нь өмнө Монголбанк өөртөө авч хадгалаад байгаа учраас хөтөлбөр хэрэгжихгүй.

-Хөтөлбөр хэрэгжихгүй байх шалтгаан нь Монголбанкны бодлогод байгаа гэж үү. Монголбанканд төрийн бодлогыг сааруулах шалтгаан байхгүй л баймаар. Энэ тухайд сайн тайлбарлаад өгнө үү?

-Монголбанк зургаан хувийн хүүтэй Төв банкны үнэт цаас эдийн засаг руу гаргаж байна. Үүнийг арилжааны банкууд хоёр сонголтоор хүлээж авахаас өөр аргагүй. Эрсдэл хүлээгээд гурван хувийн хүүтэй зээл гаргах уу эсвэл тэр мөнгөө Монголбанканд ямар ч эрсдэлгүйгээр зургаан хувийн хүүтэйгээр хадгалуулах уу гэдэг сонголтууд байна. Арилжааны банк бизнесийн байгууллага учраас ашиг, эрсдэлээ бодно. Тиймээс мөнгөө зээлээр гаргах биш Төв банк руу хийгээд байна. Энэ замаар эдийн засаг руу орох мөнгийг Монголбанк татаад байна. Жишээгээр тайлбарлая. Төв банканд жил гаруйн өмнө таван их наяд төгрөг л байдаг байсан. 10 их наядын хөтөлбөр зарлагдахаас өмнө 7-8 их наяд төгрөг байсан. Гэтэл өнөөдөр Төв банкны үнэт цаасан дээр 9.5 их наяд төгрөг байна. Энэ тоо 10 их наядын хөтөлбөр зарлагдсанаас хойш 1.5 их наяд төгрөгийг эдийн засгаасаа татсан гэдгийг харуулж байна. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүдээ төөрөлдүүлж, цагийг нь барж байгаа төрийн маш буруу үйлдэл. Аж ахуйн нэгжүүд хоосон горьдлого тээж байна. Аж ахуйн нэгжүүдэд өгнө гээд байгаа мөнгийг нь Монголбанк өөр дээрээ өндөр хүүтэйгээр аваад эдийн засгаа улам хатааж байна шүү дээ.

-Эдийн засгийн эргэлтэд орж ажлын байрыг дэмжих ёстой мөнгөний эргэлтийг санаатайгаар явуулахгүй байна гэвэл үнэхээр том асуудал болно. Таны хэлээд байгаа нөхцөл байдал яаж үүсчих вэ?

-Монголбанкны тухай хуулийн гажуудал асуудал үүсгэж байна. Тус хуулинд Монголбанкны эрх үүргийг “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах” хэмээн заасан. Үүнийг инфляцыг барих ёстой гэдгээр ойлгож болно. Монголбанк уг хуулийн шаардлагаа биелүүлэхийн тулд эдийн засгаасаа бүх мөнгийг татаж байгаа юм. Мөнгөгүй эдийн засагт инфляц үүсэхгүй учраас тэр. Бусад улс орны хувьд Төв банкны үүрэгт инфляцыг барих бодлого байна. Үүнээс гадна ихэнх улс орны Төв банкны эрх үүрэг дээр ажилгүйдлийн асуудлыг оруулсан байдаг. Аж ахуйн нэгжийн болон ажлын байрны нөхцөл байдал, бодит эдийн засгаа Төв банк харж явах ёстой. Гэтэл Монголын Төв банкны тухай хуулинд ажилгүйдлийн асуудлыг оруулаагүй учраас компаниуд дампуурах, ажлын байр үгүй болох, эдийн засаг сүйрэх нь ч төдийлөн хамаарахгүй байна. Зөвхөн инфляцыг барьсан, бууруулсан гэдгээ танилцуулж ярина. Мөнгөгүй эдийн засагт эдийн засгийн эргэлт байхгүй. Тиймээс инфляц зогсоно шүү дээ. Үүнд л Төв банкны бодлого чиглээд байгааг анхаарах хэрэгтэй.

-Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн хүрээнд гурван хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ зээлийн дэмжлэгийг олон аж ахуйн нэгж авахыг хүсэж, хүлээлттэй байна. Саяхан Сангийн яамнаас 7963 зээлдэгчид 557.8 тэрбум төгрөгийн гурван хувийн зээл олгосон гээд мэдээлсэн. 10 их наядын төлөвлөгөө хэрэгжихгүй байгаа юм бол энэ тоо юу болж хувирах вэ?

-Тэр тоонд би итгэхгүй байгаа. Бодит байдал дээрээ бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээс зээл авсан хүн ч олдохгүй байна. “Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй, бизнесийн орлого нийцэхгүй” зэргээр ямар нэг байдлаар арилжааны банкууд зээлийн хүсэлтийг нь буцааж байгаа.

-Нөхцөл байдлаас гарах цаашдын шийдэл юу байгаа вэ. Төв банкы тухай хуулийн асуудлыг нь яах вэ?

-Цар тахлын нөхцөл байдалд улс орнуудын гаргасан эдийн засгийн бодлогыг аваад үзэхээр Төв банкууд нь бодлогын хүүгээ тэглээд эдийн засаг руугаа мөнгө шахаж оруулж байна. Энэ эдийн засагт оруулсан мөнгө нь эргэлтэд ороод ажлын байрыг үүсгэж, аж ахуйн нэгжүүд сэргэнэ. Үүний дагуу л байдлыг засах хэрэгтэй. УИХ-аас Төв банкны тогтолцоог өөрчлөх цаг нь болжээ. Төв банкны хуулинд өөрчлөлт оруулаад эрх үүрэгт нь ажилгүйдлийн талаар оруулж өгч байж зөв бодлого явуулдаг болно. Эдийн засгаасаа мөнгө татах биш эдийн засаг руу мөнгө оруулна. Бодлогоороо энэ зохицуулалт явагдана. Ажилгүйдлийн бодлогыг хуулиндаа тусгаснаар бизнесийг орлоготой болгох, ажлын байрыг дэмжих чиглэлд зайлшгүй анхаарна. Үүнийгээ дагаад зээл, хадгаламжийн хүүг бууруулах, санхүүжилтын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг болно. Энэ бол бусад улс орны жишиг. Монгол Улсын Төв банкны хуулиар ажилгүйдлийн асуудлыг тусгаагүй учраас холбогдох асуудлууд нь ч орхигдоод байгаа юм. Хуулийн дагуу инфляцаа л барих гэдэг нь Төв банкны хувьд сүүлийн 30 жилийн хамгийн том гажуудал болсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.60) 2021 оны 04 сарын 25

chudlaa yridag ESaid Ouuynerdene dald orj uz

0  |  0
Жонхуун сэтгэлгээ(66.181.191.29) 2021 оны 04 сарын 25

Оюун-Эрдэнэд сайхан цаг яг одоо ирж эдийн засгаа бурзайлна аа.

0  |  0
Top