Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг өгсөн. Энэ дагуу Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүллээ.
Тодруулбал, Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29 буюу өчигдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хааж, Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл засварын ажлыг гүйцэтгэх юм.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат “Энхтайваны гүүр 1961 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 1983, 2004 онд их засварын ажлуудыг хийж байсан. Харин энэ удаад хэв гажилтын заадас засварын ажлыг хийнэ. Уг нь аравдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хөл хорионы үед хөдөлгөөний ачаалал багатай байгаа учраас Энхтайваны гүүрний засварын ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорионы үед бусад зам засварын ажлууд мөн үргэлжилж байгаа” гэлээ.
Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг ийн хааж, хэв гажилтын заадас засварын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт оруулаад байна.
Тодруулбал, дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийлээ.
Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.
Энхтайваны гүүр хаахтай холбогдуулан нийтийн тээвэр, замын хөдөлгөөний чиглэлд орох өөрчлөлтүүд
Сэтгэгдэл ( 1 )
ene balai hujaa guuree tumur zamtai ni avch hayaachee