“Дэвшилтэт техник технологи руу шилжүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт уулзалт болно

2021 оны 05 сарын 03

Монгол улсын Засгын газрын 62-р тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-аас хэрэгжиж эхэлснээр түүхий нүүрсний хэрэглээг Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсэд хориглож, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр 2019-2020 оны өвлийн улиралд өмнөх жилүүдтэй харьцуулахад агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан.

2021-2024 онд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулахаар зорилт тавин, сайжруулсан түлшний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, үнэ тарифыг тогтвортой байлгах, байгальд ээлтэй дэвшилтэт технологиор халаалтыг шийдэх, барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, орон сууц, ногоон байгууламжийн норм стандартыг мөрдөж, эрүүл баталгаатай амьдрах орчинг бий болгохоор олон талын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад анхаарч байна.

Иймд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын нэвтрүүлж буй байгаль орчинд ээлтэй, шинэлэг дэвшилтэт технологи, бодит үр дүн үзүүлж буй төслүүдтэй танилцах, хамтран ажиллах санал солилцох зорилгоор “Дэвшилтэт техник технологи руу шилжүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top