Золгүй байдлын золиос болсон хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Золгүй байдлын золиос болсон хүүхдүүдэд тавих хараа хяналт сул байгаагаас үүдсэн харамсалтай хэргүүд гарсаар байна. Онцгой байдал, Цагдаагийн газраас өгч буй албаны мэдээллээс харахад хүүхдүүдэд тохиолдож буй золгүй байдал улам бүр нэмэгдэх шинжтэй. Баримт түшье.


 

НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ БЭРТЭВ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагчид дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан хүүхдийг аварчээ. Тодруулбал, Мөрөн сумын Наран багт нэг настай эрэгтэй хүүхэд  жорлон руу унасан гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын  дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад С.Ганболд, Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахмад Л.Ганзоригоор ахлуулсан есөн алба хаагч, хоёр автомашинтай очиж  дөрвөн метрийн гүнтэй жорлонд унасан нэг настай хүүг  аюулгүй гаргаж  эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх,  өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх нь чухал байна.  Мөн  чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байх, нүхэн жорлонд хаалт хамгаалалт хийх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулав.

 

ЗАЙДСАНД ХАХАЖ  АМИА АЛДАВ

Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг албаны хүмүүс анхааруулсаар байна. Учир нь долоон сартай хүүхэд зайдсанд хахаж амь насаа алдсан харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ийм харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг анхааруулж байна" гэв. Энэ хэрэг гараад долоо ч хоноогүй байгаа аж.

 

ДӨРВӨН Ч ХҮҮХЭД МАШИНЫ ОСОЛД ОРОВ

Он гарсаар дөрвөн хүүхэд машины ард тоглож байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг  бүртгэгджээ. Тээврийн цагдаагийн албанаас жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг удаа дараа сануулсаар байхад ийм хэрэг гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн зургаадугаар хороо Нүхтийн задгайд Mercedes Benz маркийн автомашины жолооч гурван настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top