“Оросын орчин үеийн өгүүллэгүүд” ном хэвлэлтэд шилжжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран «Мэргэн зон» төрийн бус байгууллагын дэмжлэг дор «Оросын орчин үеийн өгүүллэг”-ийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулахаар болсон. Энэхүү төсөлд Оросын талаас 24 зохиолч, Монголын талаас 20 орчуулагч оролцсон аж.

Нийт 24 зохиолчийн өгүүллэг багтсан 440 нүүртэй болсон номыг Монголын Орчуулагчдын Эвлэлийн «Дуун хөрвүүлэгч» шагналт, МУСГЗ Ц.Гомбосүрэн, «Дуун хөрвүүлэгч» шагналт, МУСГЗ Го.Аким, «Дуун хөрвүүлэгч» шагналт, МУСГЗ Ж.Нэргүй, орчуулагч Ц.Цэнгэл, М.Прүстын «Алдуул цагийн эрэлд"-ийн орчуулагч Л.Алтангэрэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн үе үеийн төгсөгч нар сэтгэл зүтгэл гаргаж оролцсоноор тун удахгүй өлгийдөн авахаар зэхэж байна.

Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, доктор Ононгийн Чинбаяр уг төслийн удирдагчаар ажилласан бөгөөд хоёр өгүүллэг орчуулан тус номондоо оруулжээ.

Энэхүү орчуулгын төсөлд АНУ, Герман, Францад оршин суугаа орчуулагч Д.Дашмөнх, И.Оюун, Р.Мөнхзул нар мөн оролцсон байна.

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 1980 оны төгсөгч, МУСГЗ, нэрт орчуулагч Х.Мэргэний ууган охин, сэтгүүлч, орчуулагч Ч.Ундрам, түүний гэр бүл, «Мэргэн зон» ТББ-ын зүгээс уг төслийг биеллээ олоход ихээхэн дэмжлэг үзүүлжээ.

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, Монголын Орчуулагчдын Эвлэлийн уг хамтарсан төслөөс гадна «Монголын орчин цагийн өгүүллэгүүд» (Антология современного монгольского рассказа) түүврийн нээлтийг ирэх намар Москва хотноо хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Дээрх хоёр төсөл нь Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй утга зохиолын томоохон ажил бөгөөд соёлын салбарт 30 гаруй жил өнгөрсний хойно манай хоёр ард түмэн хуучны сайхан нөхөрсөг уламжлалаа ийнхүү эргэн сэргээжээ. Номын нээлт тун удахгүй Улаанбаатар дахь Русский Дом-д болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.104) 2021 оны 05 сарын 12

Хаанаас яаж захиалж авах вэ

0  |  0
Иргэн(202.126.89.104) 2021 оны 05 сарын 12

Хаанаас, яаж захиалж авах вэ

0  |  0
Top