"Оросын орчин цагийн өгүүллэгүүд" номын нээлт болно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Монголын орчуулагчдын эвлэл, ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт "Дуун хөрвүүлэгч" орчуулагч Х.Мэргэн агсны нэрэмжит “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэг дор Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод маргааш танилцуулахад бэлэн болжээ.

Уг төсөл Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй утга зохиолын хамгийн том ажил бөгөөд соёлын салбарын хуучны сайхан нөхөрсөг уламжлалаа Оросын талаас 25 зохиолч, Монголын талаас 20 орчуулагч ийнхүү сэргээж буй юм.

440 нүүртэй дээрх номыг монгол хэлнээ хөрвүүлэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” шагналт Ц.Гомбосүрэн, Го.Аким, Ж.Нэргүй болон орчуулагч Ц.Цэнгэл, М.Прүстийн “Алдуул цагийн эрэлд"-ийн орчуулагч Л.Алтангэрэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн үе үеийн төгсөгч нар сэтгэл зүтгэл гаргаж оролцсоноор маргааш Улаанбаатар дахь "Русский Дом"-д ёслол төгөлдөр өлгийдөн авах гэж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд, хатагтай  Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Монгол Улсын Баатар, ЗХУ-ын Баатар, Чингис Хаан ба Александр Невскийн одонт, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн Ерөнхийлөгч, сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа, уг төслийг санаачлагч Монголын орчуулагчдын холбооны Ерөнхийлөгч, Д.Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын шагналт, орчуулагч Ононгийн Чинбаяр, “Мэргэн Зон” сангийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч, орчуулагч Мэргэний Ундрам, Монголын үе үеийн шилдэг “Дуун хөрвүүлэгч” нар оролцоно.

Хүндэтгэлийн арга хэмжээ маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр 15.00 цагаас Улаанбаатар дахь Русский Дом (хуучнаар РЦНК)-д болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top