Жил бүрийн тавдугаар сарын 12-нд, орчин цагийн сувилахуйн ухааныг үндэслэгч Флоренс Найтингйелийн (1820-1910) төрсөн өдөр дэлхий даяар сувилагчид мэргэжлийн баяраа тэмдэглэдэг.
Крымийн дайны (1853-1856) үеэр Найтингейл хэсэг хандмаа нарын хамтаар английн Скутари цэргийн эмнэлэг, Балаклава дахь хээрийн эмнэлэгт ажиллаж байжээ. Улмаар эрүүл ахуй, шархадсан цэргүүдийг сувилах зарчмуудыг амьдралд нэвтрүүлсэн байна. Үүний дүнд зургаан сарын дотор цэргийн эмнэлгүүд дэх нас баралт 42 хувиас 2.2 хувь хүртэл буурсан байна. Дайны дараа Англид буцаж ирээд Найтингейл сувилахуйн ухааны анхны мэргэшсэн сургууль нээж байсан түүхтэй.
Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэх шийдвэрийг 1899 онд үүсгэн байгуулагдсан Олон улсын зөвлөл гаргажээ. Энэ нь Австрали, Канад, Дани, Их Британи, АНУ зэрэг улс орны сувилагчдыг нэгтгэсэн дэлхий дээрх анхны эмэгтэйчүүдийн мэргэжлийн байгууллага байв. Өдгөө Олон улсын сувилагчдын холбоо дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй 20 сая гаруй сувилагчийг эгнээндээ нэгтгэж байна.
Найтингейлийн үйл ажиллагаа олноо алдаршсанаас гадна Анри Дюнанд Олон улсын улаан загалмайн хороог байгуулах сэдэл өгчээ. Хожим нь буюу 1912 онд Анри Дюнан Флоренс Найтингейлийн нэрэмжит медалийг бий болгосон байна. Сувилагчдад олгодог дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй шагналыг анх 1961 онд Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон Оросын сувилагчид хүртэж байжээ.
Олон улсын сувилагчдын зөвлөлийн шийдвэрээр энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчид: Удирдагчийн дуу хоолой” сэдэв, “Ирээдүйн эрүүл мэндийн төрх” дэд сэдвийн дор тэмдэглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцолсноор, сувилагчид коронавирусний эсрэг тэмцэлд шууд оролцож, энэ үйл хэрэгт өөрсдийн туршлага , мэргэжлийн ур чадвар, хувийн хамгийн сайн, сайхан чанар, шийдэмгий эр зоригоо зориулж байна. Энэ онд Олон улсын сувилагчдын зөвлөл сувилахуйн ухаан дахь өөрчлөлт, шинэчлэл болон ирээдүйн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхэд анхаарал хандуулахыг уриалж байна. Сувилахуйн ухаан нь ирээдүйн эрүүл мэндийн салбарыг төлөвлөхөд салшгүй үүрэг гүйцэтгэх ёстой гэж Олон улсын сувилагчдын зөвлөл онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )