Төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд Хотын дарга гэнэтийн бэлэг барилаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж төрсөн өдөр нь тохиож байгаа сувилагч Б.Өнөрхүүд гэнэтийн бэлэг барьж, цэцгийн баглаа, гарын бэлэг гардууллаа. Хотын дарга Д.Сумъяабазар “Ард иргэдийн эрүүл мэндийн манаанд нэн тэргүүнд зогсдог сувилагч танд Олон Улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе. Мөн төрсөн өдөр нь давхар тохиож байгаа учраас албан ёсоор баяр хүргэх гэж ирлээ. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдаа бүх талаар нь дэмжиж ажиллана” гэлээ. Харин сувилагч Б.Өнөрхүү Хотын даргад баярласнаа илэрхийлээд, нийт сувилагч нартаа Олон Улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Мөн коронавирусээр өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн албан хаагчдад дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэгт гардуулан өглөө. Тус эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 10 хорооны 80 мянга орчим иргэнд үйлчилдэг байна. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байсан ажилтнуудаас нь дөрвөн хүн халдвар аваад эдгэрсэн байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Цар тахлын амаргүй цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө цаг наргүй ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа Засаг даргын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дархлаажуулалтын аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс дархлаа дэмжих багцыг гардуулж байна. Ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа та бүхэн маань эрүүл байж ард иргэдээ хамгаална. Ажлын амжилт хүсье” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 13

Иш чааваас хотын дарга байж түрээслээд хувьдаа авах орон сууц өгчихгүй мөнгөний боол, коммунист аварга бөх юм даа.

2  |  0
Top