Газын зурвас дахь хэвлэлийнхний оффис халдлагад өртлөө

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF) Газын зурвас дахь “Associated Press”, “Al Jazeera”  тэргүүтэй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын байрладаг оффисын барилга руу өнгөрсөн бямба гарагт пуужин харвалаа. 

Израилийн талаас пуужингийн довтолгооноос нэг цагийн  өмнө анхааруулга өгсөн байна. “Аль Жазира” агентлагийн  продюсер Линах Алсафин сэтгүүлчдэд тоног төхөөрөмжөө авах  боломж олгож, багахан хугацаа өгөхийг хүссэн ч Израилийн  тал зөвшөөрөөгүй тухай твиттертээ жиргэжээ.

Харин Израилийн цэргийн төлөөлөгч хэвлэлийнхэнд  "ХАМАС-ын цэргийн тагнуулыг байрлуулж байсан учраас ийнхүү довтолсон хэмээгээд өмнө нь  анхааруулга өгсөн учраас дотор нь байсан хүмүүс барилгыг орхих хангалттай хугацаа байсан гэжээ.

Израилийн Батлан хамгаалах яамнаас ХАМАС бүлэглэлийг  хэвлэл мэдээллийн хэрэгслийг бамбай болгон ашигладаг гэж буруутгадаг байна. Израиль Газын зурвас дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  байрладаг  барилгуудыг онилж байгаа анхны тохиолдол биш юм. Энэ долоо хоногийн эхээр  20 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг хоёр өндөр цамхаг руу агаараас цохилт өгсөн юм. 

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлэн Израиль, Палестины харилцаа улам хүйтэрч, Газын зурвас дахин дэлхийн хамгийн халуун цэг болоод байгаа билээ.  Зөрчлийн шалтгаан нь Израилийн шүүх Палестины хэд хэдэн гэр бүлийг Зүүн Иерусалимийн хорооллоос хөөх шийдвэр гаргаснаас үүдэлтэй. Уг шийдвэрийг эсэргүүцсэн жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдсэн. Улмаар ХАМАС бүлэглэл Израилийн хотууд руу пуужин харваж эхэлсэн бөгөөд Израилийн цэргийнхэн пуужингийн ихэнхийг агаарт устгаж, Газ чиглэсэн  агаарын дайралт хийж эхэлсэн билээ. 

Ийнхүү долоо хоног үргэлилж буй мөргөлдөөнд Газын зурваст Палестины зэвсэгт бүлэглэлийн гишүүд, энгийн иргэд нийлсэн 145 хүн нас барсны 41 нь хүүхэд, 23 нь эмэгтэй байна. Харин Израильд найман энгийн иргэн амь үрэгдсэний дунд таван настай хүүхэд байжээ.

Израилийн хамгийн том түнш АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденийн зүгээс Ерөнхий сайд Венжамин Нетаняху, Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай утсаар ярьж, галаа зогсоохыг зөвлөсөн ч тус улсын Засгийн газар ХАМАС бүлэглэлийн удирдагчдыг дарж, дайсагналыг үгүй хийх хүртлээ зогсохгүйгээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн “Израиль Улс нь олон улсын хууль тогтоомжийг чанд дагаж мөрддөг бөгөөд дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил ард иргэдийнхээ амь насыг хамгаалах эрхтэйгээс гадна үүрэгтэй. Одоо өрнөж буй үйл явдлуудын хариуцлагыг ХАМАС болон Палестины засаг захиргаа үүрэх ёстой. Иймээс бид энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн палестинчуудын үйлдэл, өдөөн хатгалга, хүчирхийллийг нэн даруй зогсооход Палестины засаг захиргаатай хамтран ажиллахыг БНХАУ болон олон улсад уриалж байна” гэжээ.

Израиль Газын зурвас дахь хамгийн өндөр барилга, орон сууцнуудыг нэн тэргүүнд бөмбөгдөж, ХАМАС бүлэглэлд давуу тал олох боломжийг хааж байгаа билээ. Өнгөрсөн бямба гарагт сүйрүүлсэн Газын зурвас дахь барилга дотор байрлаж байсан “Associated Press” агентлаг тус барилгад нийт 15 жил буюу гурван дайны туршид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоёр тал тулалдах бүрт тус агентлаг барилгын дээвэр дээрх хяналтын камераараа 24 цагийн турш болж буй үйл явдлыг шууд дамжуулдаг байжээ. “Associated Press” агентлагийн ерөнхийлөгч “Бөмбөгдөлтөөс болж цаашид дэлхий үнэн бодит байдлыг мэдэх боломжгүй боллоо.

Израиль зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байгаагаас бид айж, бас гайхаж байна” хэмээсэн бол “Al-Jazeera” агентлагийн ерөнхий захирал Мостефа Соуаг “Энэ бол дайны гэмт хэрэг. Израилийн үйлдэл бол зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байгаад олон улсын хараанаас далд Газын зурваст амьдардаг ард түмнийг тарчлаан зовоож, алан хядах гэсэн атгаг санаа” гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top