Түүнийг хууль санаачиллаа гэж лав дуулаагүй. Санаачлаагүй болохоор батлуулна гэж юу байхав. Ардчилсан намынхан өлсөж, дундаа зодолдож л байна, тэр байхгүй. Улс төрийн элдэв акц өрнөж л байна, тэр алга л байна. УИХ-ын чуулганы хуралдаанд өдрийн од шиг үзэгдэнэ. Энэ утгаараа тэр язгуурын доорх гурав шиг олны өмнө гарч ирнэ гэж үгүй.
Тэгсэн хэрнээ Ардчилсан нам засаглахаар сайдын суудалд заларчихна. Д.Бат-Эрдэнэ философийн багшаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд гурван жил багшилсан намтраа дагаж Батлан хамгаалахын сайдаар томилогдсон гэдэг. Уг нь тэр өөр салбарт сайдын суудал горилж байсан ч Н.Алтанхуяг нэлээд арга ядангуй “Чи эрх биш Цэргийн сургуульд багшилж байсан хүн байна даа” гээд Батлан хамгаалахын сайдаар танхимдаа багтаасан гэнэ лээ. Боломж байгаагүй ч боломж гаргахаас өөр арга байгаагүй хэрэг. Тухайн үед сайдад горилогчид нэгнээ хэвлэлээр нүдэж, нөгөөг мандуулж байлаа. АН-ынхан бүгд л маргааш уулзахгүй юм шиг ил цагаан сайдын төлөө “үзэж” байв. Гагцхүү мань эр чив чимээгүй байж байгаад гэнэт сайдын тамга авчихсан. Хэвлэл мэдээлэлд ч түүний тухай “юм” гарсангүй.
Их хөрөнгө, мөнгө байхад ам нээж энд тэнд “юм” бичүүлээд яахав дээ. Олон орон бүхий мөнгөн дүнтэй мессэж илгээхэд л сайдын суудал хүрээд ирэх байх. Түүнийг сайд болж байхад хэн нэгэн нь “Монгол Улсын армийн бүх зэвсэг Д.Бат-Эрдэнийн ганцхан компанийн хөрөнгөд хүрэхгүй” хэмээн бичиж байсан санагдана. Язгуурын доорх гурав шиг гарч ирдэггүй нөхөр маань сонгууль болохоор яах аргагүй ард түмний өмнө гарч ирнэ. Тэгээд “Муураа нуусан хумс шиг” гэх мэтээр буруу зөрүү ярьж мөнгө тараачихаад сонгогдоно. Арга ч үгүй. Тэр бол асар баян хүн. Юу ярих нь чухал биш хөрөнгө байхад болно. Юу бүтээх нь чухал биш, мөнгө байхад болдгийн жишээ юм уу даа. Энэ мэтээс улбаалан бодоход тэр парламентад огт хэрэггүй хүн. Тангараг өргөхөөс өөрөөр олны өмнө гарахгүй, намын бүлгийн ая тал харж гар өргөхөөс өөр ажилгүй хүн тэнд чухам яах гэж орж ирдэг юм бол гэж хэн ч гайхна. Зүүрмэглэх зуурт хөрөнгө мөнгө нь тэрбум тэрбумаар өсөж үржиж байгаа хүн тав, гурван төгрөгийн төлөө тэнд суухгүй нь дэндүү ойлгомжтой. Үүнээс харахад Д.Бат-Эрдэнэ гишүүн бол хөрөнгөө үрж ядахдаа парламентад суудаг байх. Хэт их баян хүнд амьдрал тэгтлээ утга төгөлдөр байна гэж үгүй. Уйдах гутрах ч үе бий. Тэгэхээр уйдахдаа парламентад орж ирдэг ч юм билүү, хэн мэдлээ.
“Жижиг” хэмээн нэрийдэх Тавантолгой орд газрыг эзэмшдэг нөхөр ард түмэнд өөрсдийнх нь хөрөнгийн өчүүхэн хэсгийг тараачихаад парламентад гурав дахь удаагаа сонгогдоод байгаа болов уу. Тэр тусмаа Өмнөговь бол Монгол Улсад байтугай дэлхийд данстай их баялагтай аймаг. Уул уурхай дагасан хөгжилтэй тус аймгийн иргэдийн амьжиргааны түвшин ч бусад аймагтай харьцуулах аргагүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд Д.Бат-Эрдэнэ шиг толгой баячууд л дөнгөх байх. Мөнгө тараасан ч Б.Чойжилсүрэн нар шиг 20, 30 мянган төгрөг тараах бус үүнийг тав нугласан мөнгө тарааж байж санал худалдаж авдаг байх. Яавч таргийн таван ямаатай нөхрийн хийх ажил биш. Үүнийг толгой баячууд л хийж чадна. Тэгээд ч Д.Бат-Эрдэнэ гишүүн өөрөө Өмнөговийн элэг, хэвлийг ухаж хөрөнгөө зузаалдаг учраас уул уурхайг хариуцлагатай байлгах, эх дэлхийгээ хайрлах тухай ярих нь түүнд хасах оноо авчирна гэдгийг сайтар мэддэг. Уул уурхай дагасан амьжиргаатай сонгогчид талхаа залгуулдаг уурхайг нь ямар нэгэн байдлаар хааж боогоод байхаар намайг сонгохгүй гэдгийг тэр мэддэг. Тиймээс өөрөө нутгийнхаа газрыг ухан, асар их ашиг олж, түүнээсээ нэг хувийг нь тараахад сонгогдоод байгаа гэх таамаг байдагтай би лав санал нийлнэ. Түүний хуурай дүү гэх УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү яг түүн шиг байв. Ах дүү хоёр нөхөр нэг ч удаа хууль санаачилж батлуулаагүй, хуралдаа ч суудаггүй хэрнээ эд хөрөнгө, мөнгө төгрөг тараан, УИХ-д удаа дараа сонгогдож байсан нь ард түмний өмчийг үрж ядсан хэрэг хэмээн оношлохоос өөр аргагүй. Улс төрийн 20 шахам жилийн түүхийг сөхөхөд ямар нэг зорилго харагдахгүй байгаа учраас ийн нэрийдэхээс өөр арга байсангүй.
Уралын их сургуулийг философич мэргэжлээр төгссөн нөхрийг гүндүүгүй сайхан эр хүн гэх юм билээ. Магадгүй юм. Үерхэж нөхөрлөж үзсэн биш дээ. Ямартай ч тэр их хаалттай хүн. УИХ-д гурван удаа сонгогдож Төрийн сайдаар хоёр жил ажилласан, асар баян хүн гэхэд тэр бүрий хүмүүс танихгүй. Яахав, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэхээр эрх биш гадарлах хүн байлгүй дээ. Гэтэл парламентад ганцхан жил, хөл хорион дундуур ажилласан нэр төдий нөхдийг илүү таньж байна. Энэ нь нэг талдаа хувь хүний бүрэг зантай холбоотой байх. Эсвэл асар их хөрөнгө түүний өмнөөс ярьж хэлж явдаг болов уу.
Д.Бат-Эрдэнэ нэг талаараа их азтай хүн. Төрд байх ёстой Тавантолгой орд газрыг “Жижиг” хэмээн чамлангуй нэрлүүлчихээд хувьдаа авчихна. Орон нутгийн өмчит Тавантолгой бол “Жижиг” хэмээн тодотголтой болохоос бас л том орд шүү дээ. Дэлхийд данстай аварга том ордын дэргэд байгаа учраас “Жижиг” гээд байгаа юм. Ардын уран зохиолч Тангадын Галсангийн “Мөнгөн буйл” кинонд нэрт жүжигчин Ж.Дорлигжав, Д.Батсүх хоёр эсгийд боодолтой тэргэн дээр ярьж байдаг даа. Ж.Дорлигжав “Улсын их худалдааны дэргэд наймаа хийнэ гэдэг их мөрний дэргэд худаг ухахтай адил. Чамаас би сохор зоос ч илүү хүлхэхгүй” гэсэн атлаа толгой дотроо тоо үржүүлж, ашиг хонжоо бодон хэвтдэг хэсэг бий. Ингэхдээ “Аа алтаар урс гэж, олз гэдэг хүлээтэй байхад л өвөрт өөрөө ороод ирэх юм даа” хэмээн таашааж байдаг даа. Үүн лугаа адил Д.Бат-Эрдэнэ гишүүнийг унтаж байхад л энэ орд газраас дансанд нь мөнгө цутгасаар байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаар “Жижиг” хэмээн нэрлүүлчихээд бөөн бөөн ашиг олж суух нь өөрт нь маш таатай байгаа. Үүнийг аз гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ. Хүн бүхэнд олдох завшаан биш.
Мөн нэг аз гэвэл өмч хувьчлал нэрээр Хан-Уул дүүрэгт байрлалтай үйлдвэрийн обьектыг авчихна. Тэгэхээр түүний асар их хөрөнгө бол төр, ард түмэнд суурилсан өмч юм. Тиймдээ ч үүнийгээ ухамсарлан сонгууль болохоор тойрогтоо асар их мөнгө тараадаг гэх мэдээлэл байдаг. Гэхдээ ийм хэмжээний хөрөнгөтэй, дээр нь маргаантай байдаг хүнд улс төрийн хамгаалалт хэрэгтэй байдаг нь ойлгомжтой. Их хөрөнгө байлаа ч харагдаад сууж байхгүй бол хулхи улстөрч олон болсон. Тэр тусмаа АН-ын ихэс дээдсүүдийн нэгнээ хулхидсаныг дурдаад барахгүй. Ийм шалтгаан байхад дуугарахгүй ч мэлэртэл хараад суух хэрэг байдаг биз ээ. Эгц урдаас нь хараад суухаар хулхидах арга байдаггүй биз. Түүний хувь эзэмшдэг “Жижиг” Тавантолгой байнга л маргаан дагуулж ирсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой”-н талбайгаас Д.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг компани их хэмжээний нүүрс хулгайлсан баримтыг УИХ-ын гишүүн асан Л.Энхболд удаа дараа дэлгэсэн.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани ч дэлгэж байсан. Ингэхдээ төрийн өмчит компанийн талбайгаас 340 мянган тонн нүүрс хулгайлсан бөгөөд үнэлгээгээр 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг болно гэдгийг ч хэлж байлаа. Үүнийг бид хэлээд байгаа юм биш, тухайн үед Засгийн газраас Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилж, асуудлыг нягтлахад гарсан дүгнэлт юм. Тэр ч бүү хэл гурван сая тонн нүүрсний хулгай ч байж болзошгүйг мэдээлсэн эх сурвалж бий. Түүнчлэн Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Сугир энэ асуудлаар мэдээлэл хийхдээ “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд хоёр их наяд төгрөгөөр орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийг хохироосон байж болзошгүй гэдгийг ч хэлж байв. Зөвхөн энэ хэсгээс харахад түүний хөрөнгө мөнгийг тоолж барахгүй биз ээ. Ямартай ч Д.Бат-Эрдэнэ улс төрд хөл тавьсан цагаас хойш УИХ, Засгийн газрын гишүүдийг орлогоороо тэргүүлэгч байсаар ирсэн.
Хэдэн зуугаар тоологдох адуутай төдийгүй “Улс халзан” хэмээх цуутай хурдан азарга сойлгуулж баяр наадмын айраг түрүү хүртэж байсан хийморьтой эр. Нэг талаасаа парламентад харагдахгүй ч Төв цэнгэлдэхэд нэрээ дуудуулахыг хэн ч хүснэ дээ. Ийм л нэгэн бодьгал УИХ-ын гишүүн нэртэй ч парламентад харагдахгүй хий үзэгдэл шиг аж төрж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
АН-ын сүнс Бат-Эрдэнэ, МАН-ын Сүг Батболд гээд хомхой луйварчид эд хөрөнгөө манах зорилгоор УИХ-д суудаг юм шүү дээ. Тэд ард түмний амьдралыг дээшлүүлэх хууль санаачилна гэж байхгүй.
Ха халуун язгуураас гарахгүй юм байна л даа
Энэ нөхөр УИХ-д биш, хөдөөнөө малчин хийвэл таарна. УИХ-д ”хэлгүй” гишүүдийн нэг л гэж үздэг. Тоймтой юм дуугардаггүй хүн. Нэг бол энэ нөхөр боловсролоор маруухан болохоор хэлэх юм ч олддоггүй байлгүй. Иймэрхүү нөхдөөр УИХ дутахгүй тул эргүүлэн татах л хэрэгтэй. Улс орны амьдралыг шийдэх гарц гаргалаа, хөгжлийн бодлогыг тодорхойлж мэдэхгүй ийм мануухайгаар юу хийнэ???
Говь шанхын хурд, Говь шанхын наадам гээд л баяр цэнгэлээр дүүрэн амьдардаг гишүүн. Намдуковыг Монголд урьж ”Монгол тулгатны зуун эрхэм”-д оруулсан. Философи амьдралтай хүн байх өө. Сонгож байгаа хөдөөний ард түмний ухамсар, ойлголт, эрх ашиг буй заа. Битүү гишүүн