НАТО-гийн гишүүн орнуудын “Кевадторм” цэргийн хамтарсан сургуулилт Эстонид үргэлжилж байна.
Хоёр долоо хоног үргэлжлэх тус сургуулилтад Эстонийн 7000 цэргийн алба хаагч, мөн Британи, Дани, Итали, Латви, Польш, АНУ, Францын цэргийн алба хаагчид оролцож байгаа аж. НАТО-г АНУ-ын бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл болсон хэмээн шүүмжлэгчид үздэг. Тус эвсэл “НАТО 2030” тайландаа ирэх 20 жилийн хугацаанд ОХУ-ын дараа Хятад Улсыг хамгийн том дайснаараа нэрлээд буй.
Тус тайланд дурдсанаар, НАТО уламжлалт заналхийлэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаас гадна цаашид БНХАУ-д анхаарах болно гэдгийг тодотгосон байна. Түүнчлэн Хятадаас ирж буй сорилтуудыг даван туулах, гишүүн орнуудоо Бээжингийн баримталж буй түрэмгий бодлогоос хамгаалах тухай ч багтжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хятад Улс НАТО-гийн хувьд шинэ сорилт болж байна. Учир нь, Бээжин шинэ зэвсэг үйлдвэрлэхэд ихээхэн хөрөнгө хаях болсон” хэмээв. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн, геополитик, стратегийн ахлах зөвлөх Сара Рейне энэ талаар “НАТО Бээжингийн талаар хэлэлцэх нь зүйн хэрэг. Гэвч нэгэнт дэлхийд тэргүүлэх байр суурьтай болсон тус улсын асуудлыг илүү өндөр түвшинд авч үзэх нь НАТО-гийн гишүүн орнуудын дунд үүсээд буй хуваагдмал байдлыг улам даамжруулах болно. Учир нь, уг эвслийн гишүүн 29 орны олонх нь Хятадын эдийн засгаас шууд гэж хэлж болохуйц хамааралтай болоод байна.
Тэдний зарим нь Хятадын геополитикийн тэргүүлэх бодлого болох “Бүс ба Зам санаачилга”-д нэгдэж, ашиг тусыг нь хүртэж эхлээд зогсохгүй бусад орнуудад ч үүнийг уриалах мессеж хүргүүлсэн. Харин одоо НАТО-гийн түвшинд үүнийхээ эсрэг ярих нь тэдгээр орны олон улс дахь нэр хүнд болон хамгийн том хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг алдах аюултай” гэжээ. Зөвхөн ЗХУ-аас хамгаалах зорилгоор байгуулагдсан эвсэл өнөөдөр ОХУ, БНХАУ, Энэтхэг, Иран зэрэг дэлхийн хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт авчирч буй их гүрнүүдийн эсрэг бодлого тодорхойлоход бэрхшээлтэй болсоор аажимдаа тэдний өсөлтөөс улбаалан чадамжгүй болж ирж байгаа талаар судлаачид онцолдог. Харин Орос, Хятад хоёр улам ойртон нягтарсаар. Бээжин, Москва хоёр НАТО-г сөрөн зогсож чадахуйц цэргийн эвсэл байгуулах гэж байгаа талаар барууны хэвлэлүүд бичсээр байгаа билээ.
Түүнчлэн Хятадын Тэнгисийн цэргийн хүчин маш хурдан шинэчлэгдэж байгаа нь шинжээчдийг гайхшруулж байна. 10-хан жилийн хугацаанд Хятад бүхий л төрөл загварын хөлөг болон шумбагч онгоцууд бүтээх хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадсан. Орос, Хятад хоёр цэргийн салбарт бие биенийгээ маш сайн нөхөж чадахаар харагдаж байгааг энэ салбарын шинжээчид ч мөн онцолж байгаа юм. 2017 оны зургаадугаар сард Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын явцад Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюаньтай уулзах үеэрээ 2017-2020 онд цэргийн салбарт хамтран ажиллах “замын зураглал”-д гарын үсэг зурахыг санал болгосон юм.
Тухайн үед хоёр тал цэргийн салбарт хамтран ажиллаж эхэлснээс хойш 12 жил болж байлаа. 2005 онд Орос, Хятад хоёр улс Шандуны хойг болон Владивостокт хамтарсан цэргийн сургуулилт хийж, түүнд 10 мянга гаруй цэрэг, офицер оролцож байв. Уг сургуулилтыг одоо жил бүр зохион байгуулж байна. Хятад улс Олон улсын армийн тоглолтод байнга оролцдог болсон. НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага нь социалист орнуудын ялангуяа ЗХУ-ын эсрэг чиглэсэн АНУ болон бусад баруун Европын орнуудын цэргийн эвсэл юм. НАТО-гийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энхтайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм.
Одоо НАТО эгнээндээ 28 орныг нэгтгэж байгаа. Байгууллагын төв нь Бельги Улсын нийслэл Брюссельд байрладаг. Төсвөө гишүүн орнуудаасаа ч бүрдүүлдэг ч АНУ нийт зардлын 22 хувийг гаргадаг байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Нато ч гэх шиг, түшнийг сөрсөн эвсэл ч гэх шиг ийм сөргөлдөөн юунд хэрэгтэй юм бэ хий хоосон гайхуулахад уу? Хүн дүрст бичнүүдийн гайгаар дэлхийд цар тахал дэгдэж олон удаагийн үл ойлголцлоос болж дайн тулаан, хүчирхийлэл болж олон сая энгийн иргэдийн амь насыг золиосолж ирсний бурууг хэн үүрэх вэ? Путин чи юу? Эсвэл ши жин пи чи юу аан? Эсвэл жо Байдён чи юу? Хэлчих чадвар та нарт байна уу чадахгүй бөйж осолтой тоглоомоор тоглох хэрэггүй хүн царайлсан сармагчингууд аа.
Pizdaa
MGL GOLOGDMOL SHOOWDOR DUR TORH NUDEND HARAGDAJ BAIH CHINI.