“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа Эрхүү хотноо үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа өнөөдөр Эрхүү хотноо амжилттай үргэлжилж байна.

Тус арга хэмжээнд Монголын талаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Өнөрболор, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж. Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Харин ОХУ-ын талаас Эрхүү хотын дарга Руслан Николаевич Болотов, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр "Улаанбаатар, Эрхүү хотууд анх 1996 онд ах дүү хотуудын харилцаа тогтоосноос хойш 25 жилийн хугацаанд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад бид баяртай байдаг. Хоёр хотын хамтын ажиллагаанд эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэн ялангуяа хотууд аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажилладаг. Үүний нэг илрэл бол Эрхүү хотноо зохион байгуулдаг “Байкалтур” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Улаанбаатар хотноо зохион байгуулдаг “Талын салхи” олон улсын мото наадам юм. Хойд Сибирийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын том төв болсон Эрхүү хотын их, дээд сургуулиудад Монголын олон сэхээтэн, боловсон хүчин бэлтгэгдэж байсан бөгөөд одоо ч манай оюутан залуус амжилттай суралцаж төгсөн, улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энд онцолъё" хэмээв.       

Найрамдлын буухиа Улаан-Үд хотоос үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top