Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Соёлын тэргүүний ажилтан Эрдэнэсүрэнгийн Төрмандах хэмээх дуучинтай бид нэг цаг үед амьдарч байгаа азтай хүмүүс. Түүний дахин давтагдашгүй хүчирхэг, чадварлаг, тослог хоолой нэг бол аядуу зөөлөн аргадаж, хайлуулдаг атлаа нэг бол аархаж, баярхаж, огшоож байдаг нь гайхалтай. Энэ бол дууны аялгуу, үгийн шид, сэтгэлийн увидас билээ л.
Уран бүтээлч хүн гэдэг сэтгэлийн өнгөртэй, дотоод сэтгэлийн их гэгээрэл, уужрал, ухааралтай байх ёстой. Түүнд энэ чанарууд бүгд цогцолсон гэж боддог. Төрмандах хар багаасаа л дуутай хууртай нутгийнхаа авшиг энерги, дуунд хайртай түмнийхээ хөг аялгуунд хөглөгдөн өссөн болоод ч тэр үү урлагийн хүн болох сонголтоо эргэлт буцалтгүй хийжээ.
Дэлгэрхангай сумаас төрөн гарсан уран бүтээлчдийнхээ тоглолтыг үзэж, урлагийн хүн болох даль жигүүрээ ургуулсан жаахан хүү СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид элсэн орсон юм. МУГБ Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж 2010 онд төгссөн цагаасаа хойш тасралтгүй 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж, дуундаа жаргаж явна. Түүнтэй СУИС-ийн танхимд мөр зэрэгцэн суралцаж байсан оюутнуудаас МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин гээд шавхагдашгүй авьяастай дуучид олон төрсөн. Төрмандах ч гэсэн өөрийн өнгө төрх, монгол үнэр, чих рүү биш зүрх рүү урссан аялгуу дуугаараа өөрийгөө тунхаглаж яваа билээ.
Э.Төрмандахын тоглолт болох сургаар хөгшин, залуу, харцуул, бүсгүйчүүдгүй л догдолж дуртай дуугаа хамтдаа дуулахаар тасалбарыг нь шууруулаад өнгөрдөг сөн. 2011 онд “Зүүдний шувуу шиг бүсгүй” нэртэй анхны тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд нижгэр хийж байв даа. Хорин хэдхэн настай хонгор зүстэй дуучны маань “Зүүдний шувуу шиг бүсгүй” тэр үед дутуу орхиж боломгүй дуу дууны эгшигт л гэрэлтэж байсан даа.
/“Зүүдний шувуу шиг бүсгүй”- Н.Батжаргалын үг, Б.Баасанхүүгийн ая /
“Хайрласан шиг хайрлав аа, ай хөөрхий
Хайрандаа уусаад хайлсан биш үү дээ хө
Цолмон тэнгэртээ хоносон шөнүүдээ
Цонхон доор чинь дуулж л хонолоо доо
Дуу дууны эгшгийг нь ээ
Дутуу орхиж болшгүй еэ хө
Дусал нулимс шиг бүсгүй нь ээ
Дуулж дуулаад ирсэнгүй дээ хө...”
хэмээн зүүдний шувуу шиг бүсгүйгээ аргадан, хайрлан, хайлан дуулж, хайрын дууч болсон юм. Хайр гэдэг энэ орчлонгийн хүн бүхний сэтгэл дундуур хайнга хэр нь харамгүй туучаад өнгөрдөг эд. Тэр л гайхлыг хүмүүн бид мэдрэх агшин хоромд бүтээл төрдөг болов уу. Басхүү тэр гайхал биднийг зовоож шаналгаж тохуурхаж байдаг даажинтай. Энэ л гэгээн тамлангаас бүтээл мэндэлдэг ажгуу. Төрмандахын хайрын дуунууд яг л ийм амьд цохилго, аядуу хоолой, аргамж бодролтой, говийн нар шиг дулаан илчтэй.
Э.Төрмандах 2013 онд “Аархал нэртэй тоглолтоо мөн л Бөхийн өргөөнд хоёр ч удаа үзэгч дүүрэн дуурьсуулж байв. Естой л нэг монгол эрчүүдийн цөсийг хөөргөж, цусыг буцалгаад авсан даа. Хүмүүн гэдэг сэтгэлийн амьтан. Дууны хүч тийм агуу буюу. Нэг үе нийгмийн өөрчлөлт давлагаанд орхигдож гундуухан алхаж явсан эрс маань энэ л дуугаар хүчээ сэлбэж, хийморио сэргээгээд авсан гэхэд хилсдэхгүй. Одоо ч монгол эр хүний аялах дуртай, бахархал бол “Аархал” дуу хэвээрээ л байна шүү.
/“Аархал”- Н.Баянмөнхиийн үг, А.Анхбаярын ая/
Ембүү мөнгөн сарнаар нь
Ажнайн салхинд исгэрээд
Есөн булгийн усыг ээ
Цалгиулж явсан хийморь байна
Тэсийн голын гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан Дарьганга говь шанхын
Аргамагийн тоос дээлэнд минь байна...”
гэж Төрмандах ёстой л аархаж өгсөн. Дэлхийн дайтыг эзэлж, сүр хүчин дороо толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж явсан дайчин удамтай монгол эрсийн цус өдгөө ч халуунаараа тасраагүй, тасрах ч үгүй билээ. Яснаасаа, цуснаасаа, цөснөөсөө энэ чанар нь нэвт ханхийж байдаг аатай, жаатай эрчүүд байдаг даа. Энэ чанараа гээгээгүй цагт Монгол айх аюулгүй, амар амгалан мөнх оршино. Монгол нүнжиг, монгол ахуй, адуу малын хөлс, тоос үнэртсэн энэ л ахуйд морьтой дэргүүлж өсдөг хөвүүд минь нэг л мэдэхэд ханагар сайхан эрс болж дэлхийн дайтад хүч чадал, оюун ухаан, монгол нүнжигээрээ шуугиулж явдаг аархал бий дээ.
/“Нүнжигтэй Монгол” - Н.Баянмөнхийн үг, Ч.Бат-Эрдэнийн ая/
“...Адуунд тоглох унагыг цочоож уйлж төрлөө
Аавынхаа ховорх он нулимсыг унагаж, арчуулж төрлөө
Аясын салхитай талаараа хүлгийн зоон дээр өслөө
Айраг, дэмбээн намраараа дуулжл ,хуурдаж өслөө
Өмссөн дээл минь Монгол
Өрөвч сэтгэлтэй Монгол
Өр зүрх минь Монгол
Өндөр заяатай би Монгол
Нүүрний буян минь Монгол
Нүнжиг хишигтэй Монгол
Эр зориг минь Монгол
Эрэмгий зантай би Монгол “
хэмээн Монголоо тунхаглаж бяртай, иртэй бөхчүүдээр клипээ чимээд авсан нь үзэгчдийн таашаалыг ихэд татсан дуу болсон билээ. Түүний энэ клип уран бүтээлдээ хэчнээн хайртай, жижиг чимхлүүр ажлыг ч сэтгэл гаргаж хийдгийг тод харуулсан юм. Улиг болсон сэдвээс зайлсхийн уран бүтээлдээ эрэл хайгуул хийж шинэлэг санаа дэвшүүлэхийн сацуу эх орон гэдэг үзэл санаагаа шингээж шигтгэж өгдөг нь түүний давуу тал билээ.
/“Чонын хийморьтой эр хүн” - Ш.Гүрбазарын үг, Т.Сэр-Одын ая/
Шулуун сэтгэлээ тахийлгаад
Чулуу няслаад яах юм бэ
Чонон хийморьтой эр хүн байна даа, би
Цолмон одод шиг цоролзъё доо байз
гэж амьдралд хөлд алдан нугарч, хугарч болохгүйг сануулсан хүч тэнхээ өгдөг дуу бол энэ дуу. Ялангуяа харийн оронд хөдөлмөр эрхэлдэг мянга мянган залуучууд энэ дууг сонсох дуртай юм байна лээ. Аливаа саад бэрхшээлд бүдэрч, бүдэрсэн ч босох чадалтай, хатуужилтай байхыг сонсох бүрийдээ мэдэрдэг гэсэн шүү.
/“Талын хөх чоно” - Ц.Түмэнбаярын үг, Ш.Өлзийбаярын ая/
Эрчилсэн их хүслээ шившиж тавьсан дуут сум минь
Эмзэгхэн сэтгэлээс алдуурч харвасан амин од минь
Гунигт нүднээсээ оч үсэргэн ширтэх
Гурамсан сур шиг хөвчрөх талын хөх чоно
Шаналсан сэтгэлээ тас хазан зулрах эрх чөлөө
Шархалсан зүрхээ нулимс нь аргадах тайвшрал минь
Амь онилсон сум амьсгал тоолон нэхэхүй
Амьдралаас сугаран сунах талын хөх чоно
Энэ дууг Төрмандах драмтай, гуниг харуусалтай, эмзэглэлтэй, омогшилтой, тэмүүлэлтэй, басхүү зангарагтай дуулсан. Дуу бүхэнд нь шүншиг шингэсэн түүний энэ дуунд би хачин дуртай. Эртний баатруудын сүрлэг дүр төрх нүдэнд тодорсноо, эцэг дээдсийн минь ариун сүнс хамгаалаад байх шиг тийм л амь шүншигтэй дуу юм.
Э.Төрмандах 2014 онд ,“Дүүрэн жаргалтай хорвоо”, 2017 онд “Нүнжигтэй Монгол”, 2019 онд “Хос ертөнц” тоглолтоо дуулиантайхан хийж зон олныхоо сэтгэлийн хужирхайг тэнийлгэж, зүрхний чавхдасыг хөглөж байлаа. Хүмүүс жил бүр л түүний тоглолтыг хүлээдэг, найр наадмын дайтай бэлддэг сэн. Харамсалтай нь цар тахлын улмаас урлагийн салбарынхан тайзан дээрээ гаралгүй хоёр жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Төрмандах зүгээр суусангүй. Уран бүтээлийн богц дүүрэн байна. 2020 онд “Хийморь” тоглолтоо онлайнаар хүргэж дан морины сэдэвтэй дуугаар үзэгчдийнхээ хийморь, дархлаа хоёрыг зэрэг сэргээж байв. “Уяачийн галын дуу”, “Даншиг бор”, “Арвай хонгор, “Амгалан хонгор”, “Хутагтын хурд”, “Тайжийн хурд” зэрэг олон арван морины дуутай түүнд хүлгийн хурд шандас шингэсэн гэлтэй цуцашгүй хөдөлмөрч, дайчин зантай. Урын сандаа 200 гаруй дуутай хийсэн юмтай, хэлэх үгтэй дуучин маань цаашид ч хийж бүтээж хүсэл эрмүүн дүүрэн байгаа нь сайхан. 2010 онд “Ирээдүйн өмнө”, 2011 онд “Сайхан”, 2013 онд “Аархал”, 2014 онд “Бурхан зүрхний аав” зэрэг цомог гаргаж дуунд дуртай түмнийхээ сонорт хүргэж байсан түүхтэй. Энэ түүх гэгээн дууны эгшгээр дүүрэн байдаг юм. Төрмандах нэгэнтээ “Би дууны сэдэв, шүлгийг их хардаг. Аль болох түмэн олныг уриалсан гэгээлэг дуу дуулахыг зорьдог” гэж хэлсэн билээ. Үнэхээр л түүний дуунд гал цогтой эрчим, халгиа цалгиа, уянга эгшиг сүлэлдэж байдаг аа.
“Дүүрэн жаргалтай хорвоо”-г “Сайхан” хэмээн магтан дуулж “Хайраа олоорой” гэж урин дуудсаар өөрөө ч хайраа олж “Жаргаж хамт байгаач” хэмээн хайртаа “Үүр шөнийн нулимс”-аар аргаданхан дуулах эр хонгор уянгатай хоолой, торгон мэдрэмж, хэчнээн хосыг учруулж, уяруулж байгаа бол.
/“Жаргаж хамт байгаач” - Г.Эрхэмбаярын үг, А.Энхтайваны ая/
“Зулай юуг нь өнөд үнэрлэн
Үрээ төрүүлж хамт байгаач ээ
Зуу наслаад үүрд жаргахаар
Хайраа асгаж хамт байгаач ээ
Цаг цагийн аашинд нь
Инээж, эрхэлж хамт байгаач ээ
Цас, яргуй хоёрыг оо
Угтаж үдэж хамт байгаач ээ...”
Энэ дуугаа дуугаа СТА Д.Бурмаатай хамтарч дуулсан билээ. Тэрбээр хань СТА О.Гансувдтайгаа хамтарч “Монгол ёс”, “Хүн цэцэг”, “Жаргалтай үрсийн дуулал”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Минийлээ хөөрхөн үрс”зэрэг олон сайхан дуу дуулсан. Түүний хань мэргэжил нэгтэй дуучин гэдгийг хүмүүс андахгүй. Эхнэр О.Гансувд нь Төрмандахыг СУИС-д сурч байхад дээд курсийн уртын дууны дуулаачийн ангид сурч байв. Төрмандах оюутан байхдаа Дэлгэрхангай сумандаа таван жил дараалан үнэгүй тоглолт хийж байсан юм. Хоёр дахь тоглолт дээрэ Гансувдыг нутагтаа урьж дуулуулж байв. Тэр цагаас хойш тэд үерхэж, амьдрал зохион гурван ч хүүхдийн аав, ээж болжээ. Уран бүтээлч гэр бүл гэдэг хамтдаа дуулж, хамтдаа жаргаж явах заяатай. Энэ л тэд заяандаа хөтлөгдөн, хөглөгдөн яваа билээ.
/“Минийлээ хөөрхөн үрс" - Д.Баярын үг, Д.Төмөрийн ая /
“Дэрстэй юу, дэнжтэй юу тал нутагтаа
Дэгдэж явдаг нь зээрийн янзага уу даа
Дэгэнтэй юу, догонтой юу дэлхий ээждээ
Дэрвэж л явдаг нь минийлээ хөөрхөн үр үү дээ...”
хэмээн алаг үрсээ хайрлан эвийлсэн аав, ээжийн сэтгэлээр тэд хослон дуулсан юм. Тэд ариун сэтгэлийнхээ чагтагыг алаг үрсээрээ холбон, ая дуугаараа гагнан нартад ийнхүү олон сайхан уран бүтээлийг туурвисаар байгаа билээ.
Төрмандах “Миний дуулсан дуу бүхэн миний эхнэр шиг, миний үр хүүхэд шиг санагддаг болохоор дуунууддаа би тийм их хайртай. Энэ цаг үед “Нутаг минь” гэж шинэ уран бүтээл гарсан. Энэ дуундаа дурлаж, жаргаж явна. Нутаг минь энэ хавар байгалийн гамшигт хоёр ч удаа өртөж хүнд хэцүү байгааг сонсоод сэтгэл эмзэглэж, эмтэрч л сууна. Тиймээс байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэддээ сэтгэлийн өргөл өргөж “Нутаг минь” хандивын тоглолт зохион байгуулах гэж байна” гэж хэллээ. Мөн тэрбээр “Би нутагтаа очоогүй хоёр жил болж байсан. Жил бүр нутагтаа очиж уулаа тахих, хүлэг морио уралдуулж сэтгэлээ цэлмээдэг байсан. Сэтгэл зүрх минь үргэлж нутагтаа байдаг. Сайхан дэлгэр цагаар нутагтаа очиж ая дуугаа хүргэх цаг ирэх байх гэж бодож байна. Нутгийн малчид маань ямар хүнд байдалтай байгааг сая очиж нүдээр үзлээ. Цасан болон шороон шуурганд нэрвэгдэж маш их туйлдаж байгаа учраас тэдэнд сэтгэлийн дэм, урам зориг, хүч тэнхээ хайрлацгаая. Миний тоглолтыг нутгийн зон олон болон, элэг сэтгэлтэй ахан дүүс, анд найз, монголчууд минь дэмжээрэй гэж уриалж байна” гэлээ.
/"Нутаг минь" - П.Нямлхагвын үг, О.Эрдэнээгийн ая/
“Ботгондоо яарсан ингэн тэмээ буйлж л байдаг тал нутагтаа
Бодол сэтгэлээ тугалчилж уячихаад өнө цагийг үджээ би
Хүглэлзэх уулсын будан дундах хүний нутгийн дээсэн дээгүүр
Хүрэнтэн бөмбийх тал нутгаа хүнээс илүүтэй санаж л явдаг аа...”
Зүүд нойр, зүрх сэтгэлээс уяатай нутаг гэдэг хүйн холбоотой. Нутагт минь хуртай, нартай сайхан байна гэвэл баярлаж, хуйсагнуур байна гэвэл зовниж л суудаг даа бид. Ботгон гунганаатай борхон толгод зэргэлээн дундаас сүүмэлзэн бодол сэтгэлийг мөнхөд даллан байдаг нутгаадаа гүйгээд очмоор санагдана. Төрмандах ч яг л ийм сэтгэлээр нутгаа тэмцэн давхих хүлэг морь шиг дэргэн байгаа. Түүний тоглолт маргааш болох гэж байна.
“Нутаг минь” тоглолтыг “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, жүжигчин Л.Сөрөлт нар хөтлөх бол “Тэнгэр аялгуу” ардын хөгжмийн хамтлагтай хамтарч хүргэх энэхүү тоглолтдоо ард олныхоо сэтгэлд хоногшсон ая дуугаа хүргэнэ. Тоглолт тавдугаар сарын 22-ны өдөр буюу бямба гарагийн 20 цаг 30 минутаас UBS, Өлзий, Малчин, Рояал телевизүүдээр тус тус цацагдах ажээ. Нэгэн цаг дор шууд цацагдах уг тоглолт нь гурван цаг үргэлжлэх бөгөөд Дундговь аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын хандивын данс дэлгэц дээр байрших аж. Эх байгаль дэлхий минь хуртай, сөлтэй байхад хүн малгүй сэтгэл тэнүүн, дүүрэн жаргалтай байдаг бол ган гачигтай, зуд турхантай байхад ямар ч хүмүүний сэтгэл ч эмзэг, хөндүүр байдаг шүү дээ. Дуучин маань яг л ийм сэтгэлийн эмзэглэл хөндүүрээр нутгаадаа элэг сэтгэлээ дэвсэн ая дуугаа хүргэх гэж байна. Удаан хугацаанд урлаг соёл, дуу хуураар хур бороо шиг ангаж цангасан ард түмэн минь уярч, цэнгэж уужирч ухаажиж, сэтгэлээ дэвтээх нь дээ. Сайхаан сайхан.
/“Сайхан” - Н.Пүрэвийн үг, С.Төрбатын ая/
“...Сайхан шүү хорвоо чи сайхан
Хайрламаар уярмаар, уярмаар даанч сайхан
Гэгээн шүү орчлон чи гэгээн
Хоргодмоор, дуулмаар үнэхээр сайхан...
Сэтгэгдэл ( 1 )
Төрмандах биш Гансувд харин дуучин юм билээ.