-Улс төрийн намууд дэргэдээ тролл армитай болсон нь нууц биш ил болчихсон зүйл-
Монголд төр, засгийн эрх зөвхөн ард түмний мэдэлд байдаг юм гэнэ лээ. Иргэд чихээрээ сонсдог энэ зүйлийг сонгуулийн саналын хуудсаар дамжуулан гартаа атгадаг гэнэ. Энэ мэт ард түмний засаглал сураг ажигтай дүйх болсон гэвэл хэн нэгнийг гүтгэсэн болохгүй биз. Тэгвэл бодит байдал дээр таны тархинд гүтгэгчид засаглаад удаж байна.
Х.Баттулгын өв
Улс төрийн сонгуульд үзэл сурталжсан олон нийтийн сүлжээ хүчтэй нөлөөлдөг үү гэвэл, тийм. Хамгийн ойрын бөгөөд том жишээ нь өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль байсныг бүгд санаж байгаа байх. Тухайн сонгуулийн сурталчилгааны дүнгээр олон нийтийн сүлжээнд цоохор дээл өмсөн, ташуур агсаж, үндэсний үзэл ханхлуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон. Тэрбээр өөрийгөө “Монгол ялна” гэх хоёрхон үгээр илэрхийлж, түүнийг нь нөлөөлөгчид түгээснээр Монголын сонгуулийн түүхэнд өөрийн гэсэн өв үлдээсэн. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн олон нийтийн сүлжээн дэх багт улс төр-ниймгийн зүтгэлтнүүд, урлаг, спортын одод нэр, нүүрээ нуулгүй хүчин зүтгэснийг онцлох хэрэгтэй. Нэр, нүүрээ ашиглан чөмгөө дундартал зүтгэсэн тэднийг олон нийтийн сүлжээн дэх хуурамч хаяг ашиглан хутган үймүүлэгчид буюу троллуудтай хольж болохгүй. Мөн тэднийг тролл арми дэмжсэн эсэхийг бас үгүйсгэхгүй. 2017 оны сонгуулиар олон нийтийн сүлжээнд хүмүүс адууг автомашинаар дайран алж байгаа, Чингис хааны зургийг элдэвлэж байгаа зэрэг зураг, бичлэг тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийсэн троллуудыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон тайлбарладаг. Тэгвэл 2017 оны сонгуулиас үлдсэн Х.Баттулгын өв өнөөдөр сонгуулийн үйл ажиллагаанд бүр ч их нөлөөтэй болж хувирсан. Сонгуулийн үйл ажиллагаа цахимжих нь нэг талаар орон зай, цаг хугацааны хамаарлыг бууруулж байгаа сайн талтай. Нөгөө талаар төрийн эрхийг хууль бусаар авах, магадгүй гаднынхан Монголын сонгуулийн дүнд шууд нөлөөлөх сул орон зай болж байгааг мэргэжлийн байгууллагууд нь анхааруулсаар байгаа. Алсуураа улс төрийн үйл ажиллагаа явуулж буй троллын армиуд иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж, ардчилсан сонгуулийг эрсдэлд оруулж байгаа нь Монголд төдийгүй олон улсын судлаачдын санааг зовоох болсон.
Гаднын тролл аюул
Троллуудыг ашиглан олон нийтийн санаа бодлыг удирдах явдал дан ганц Монголд гаарчихаад байгаа юм биш. Улс төрийн сонгууль өөрөө нэг ёсны мэдээллийн дайн байдаг. Нэр дэвшигчид өөрт ашигтай мэдээллээр сонгогчдыг булж, эсвэл өрсөлдөгчөө намнах тактикийн өрсөлдөөн өрнүүлэх болсоор олон арван сонгуулийг үлдэж байна. Харин 2016, 2017 оноос хойш троллын арми ашиглан олон нийтийн сүлжээг удирдан сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх асуудал дэлхийн хэмжээнд яригдаж байгаа. Сүүлдээ дэлхийн техник, технологийн хөгжлийн тодорхойлж буй их гүрнүүдийн сөргөлдөх тусгайлсан нэг сэдэв болж өргөжив. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчид 2016, 2020 оны сонгуультайгаа холбогдуулан ОХУ-ыг удаа дараа хөндлөнгөөс нөлөөлсөн гэж буруутгахдаа нууц албадынхаа баримт материал эш татдаг болсон. Энэ маргаанд Хятад, Европын холбооны улсууд хутгалдаж эхэлсэн. Гэхдээ хэн нь ч улс дамнасан троллын үйл ажиллагаа байгааг баталж, бас баттай үгүйсгэж чадаагүй. Улс дамнасан троллын үйл ажиллагаа дандаа сонгуулийн үйл ажиллагаатай холбогдож байгаа. Ямартай ч дэлхий дахинд интернэт ус агаар мэт хэрэглээ болж, хүн төрөлхтөн олон нийтийн сүлжээнд оролцогч болж байгаа нь маргашгүй үнэн. Олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх замаар эрх ашгаа хангах боломжийг аль ч улсын эрх баригчид ашиглахгүй өнгөрөөнө гэж үгүй. Ийм сайхан боломжийг ашиглахгүй удирдагчийг ёстой тэнэг хүн гэх байх. Тиймээс ард иргэддээ хандан хий дэмий анхааруулга, зөвлөмж хүргэхээс өөрөөр троллын бүрэн үйл ажиллагааг хязгаарласан улс өнөөдөр дэлхийд алга. Бас бүхэл бүтэн нийгмийн сүлжээнд цэвэрлэгээ хийх тогтолцоо бий болсон хэд хэд улс байгаа.
Намуудын туйлшрал
Монголын хувьд үүний хохирогч болоход өгөгдөл нь маргаангүй таарч байгаа. Нийт хүн амынх нь 84 хувь өдөрт 1-2 цагийг олон нийтийн сүлжээнд өнгөрүүлдэг. Тэр дундаа 18-34 насныхан өдөрт 3-4 цаг олон нийтийн сүлжээг ашиглах гэж дэлгэц ширтдэг байх юм. Яг сайхан сонгуулийн насныхан. Ийм хөрсөн дээр улстөрчид тролл армиа ашиглан дур зоргоороо аашилж, дунд чөмгөөрөө жиргэх нь дамжиггүй. Монголын улс төрийн намууд дэргэдээ олон нийтийн сүлжээнд үзэл суртал түгээх тролл армитай болсон нь нууц биш ил болчихсон зүйл. Сонгуулийн үеэр зөвхөн нэг дүүргийн намын хорооны дарга дэргэдээ 50-100 хүний тролл арми бүрдүүлэх даалгавартай ажилладаг болсон. Улс төрийн нэг нам дор хаяж 500 салбар хороотой гэж үзэхээр, хэтийдсэн тоо гарч байгаа биз. Намын ийм бүтэц дээр бүрдсэн тархи угаах тогтолцоо төрийн алба хаагчид, намын гишүүдээс бүрддэг. Яагаад гэвэл, Монголд троллын эсрэг хяналт нь хэтэрхий сул байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар л гэхэд эзэн нь олдохгүй олон мянган гүтгэлэг түгээсэн байдаг. Эрэн сурвалжлагч сурвалжлагчдын төлөө төвийн судалгаагаар, “2020 оны сонгуулиар нэр дэвшигчид Фейсбүүкт оруулсан постын дийлэнх буюу 90-ээс дээш хувийг төлбөртэй түгээжээ. Нэг пост дунджаар 244 орчим удаа түгээгдсэн байна. Харин эдгээр постыг зохион байгуулалттайгаар дахин түгээх тохиолдлууд ажиглагдсаныг энд онцолъё. Нэр дэвшигч бүрийн бүх пост дээр дор хаяж 10-30 хаягнаас нэг агуулга бүхий сэтгэгдэл зохион байгуулалттайгаар бичиж байсан. Үүнд нэр дэвшигч хэдий хэмжээний мөнгө зарцуулж буй мэдээлэл ил тод бус бөгөөд ХХЗХ-ны зүгээс ямар хяналт тавьсан нь тодорхойгүй байна” гэжээ. Энэ мэтээр троллын үйл ажиллагааг дэмжих намуудын туйлшрал анхаарал татаж байгаа. Тэгэхээр троллын армийн хор хөнөөл Ерөнхийлөгчийн сонгуулийг ч дайрна. Уг нь бүх талын хуульчид троллын үйл ажиллагааг төрийн эрхийг хууль бусаар авах нэг хэлбэр гэж хүлээн зөвшөөрч байгаа. Ийм төрлийн гэмт хэрэгт хүн алах, хүүхэд хүчирхийлэхээс ч илүү ял, шийтгэл ногддогийг дурдах илүүц биз. Үүний ард үндэсний аюулгүй байдалд яригдаж байгаа. Гэвч ийм хортой үйл ажиллагаа сонгуулиас сонгуулийн хооронд тэлсээр байгаа нь улс төрийн намын бүтэцтэй холбоотой. Тухайн нам хэдий чинээ данхар, “бяртай” байна, төдий чинээгээр олон нийтийн сүлжээнд засаглах магадлал өндөр болж ирнэ. Нэгэнт иргэдийн интернэт хэрэглээг хязгаарлах боломжгүй учраас үүнээс зугатаах боломж сонгогчдын боловсролд л үлдэж байна. Эсвэл сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн сүлжээнээс аль болох зайлсхий гэж зөвлөе дөө.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Сая хэд хоног сонгуулийн сурталчилгааны нийтлэлийн доорхи комментыг уншихад МАН-ын троллууд бол яг л УБ хотын ногоон бүсэд суурьшсан баян намчдын хаусны гадна хашаагаа манаж хуцдаг ноход шиг хуцалддаг болохыг ойлгоод бүр гутчихлаа.