Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлбэл урамшуулал олгох журам боловсруулж байна

2021 оны 05 сарын 31

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Үүнийг өмнөх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч дахин нягтлахаар буцаагаад байсан юм. Ийнхүү давхацсан утга, агуулгыг нэгтгэж, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгож, нэр томьёоны давхцалыг арилгаж, урамшуулал олгох зэрэг зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Улаанбаатар хотод жилд 1.2 сая тонн хог хаягддаг. Хог хаягдлын бүтцэд судалгаа хийхэд дээрх хогийн 50 хувь буюу 600 мянган тонныг нь дахин ашиглах боломжтой ч булсаар байгаа юм. Энэ асуудлыг шийдэхэд уг журам бага боловч хувь нэмэр оруулна. Манайд хог хаягдлыг дахин боловсруулах 32 үйлдвэр бүртгэлтэй байдаг ч 10 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхийн улсуудад хогийг бизнес болгож байгаа олон туршлага байгаа. Мөн бизнес эрхлэгчдийг дэмжвэл дэмжсэн шиг дэмж. Шалгаж байгаа нэртэй торгодог, арга хэмжээ авдаг байж болохгүй. Эрүүл, аюулгүй байдалд нь хяналт тавь. Бусад эрхийг нь өг” хэмээн хэллээ. Ийнхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top