Аймгийн хэмжээнд 23 цэгээр вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт иргэдийн 80,8 хувь нь вакцины 1-р тунд хамрагдаад байна. Вакцинжуулалт болон вакцины нөөц хангамжийн талаар аймгийн Засаг дарга дарга Д.Золжаргалаас тодрууллаа.
ВАКЦИНЖУУЛАЛТ 80,8 ХУВЬТАЙ БАЙНА
Аймгийн хэмжээнд 1-р тунд 49308 хүн буюу нийт дархлаалжуулалтад хамрагдах иргэдийн 80,8 хувь нь хамрагдаад байна. Өөр орон нутагт зорчсон, ажлын шаардлагаар хөдөө орон нутагт байгаа цөөн тооны иргэд одоогоор цувж хийлгэж байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт 20-30 хүн ирж вакцин хийлгэж байгаа. 1-р тунгийн дархлаажуулалт ерөнхийдөө бүрэн дууссан. 2-р тунгийн хувьд иргэдийн 1-р тунд хамрагдсан хугацаанаас хамаарч өөр өөр байна. 6-р сарын 2-ны өдрийн байдлаар 33727 хүн буюу нийт хамрагдах иргэдийн 55.3 хувь нь 2-р тунд хамрагдаад байна гэв.
VEROCELL ВАКЦИНЫ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙНА
Өнөөдрийн байдлаар 15,500 хүн тун вакцины нөөцтэй байна. Энэ аймгийн хэмжээнд бүрэн дархлаажуулалтад хамруулахад хангалттай хүрэлцээтэй учир дахин Verocell вакцины татан авалт хийхгүй. Харин жирэмсэн болон архаг хууч өвчтэй Verocell вакцины эсрэг заалттай хүмүүст хийгдэх Pfizer вакцины 3216 буюу 2 тун хийлгэх 1608 хүн тун вакциныг манай аймагт хувиарласны дагуу татан авалт хийсэн байгаа. Тус вакцин нь задалсан цагаас хойш энгийн хадгалалтын хөргөгчинд 5 хоногоос дээш хугацаанд байж болохгүй гэсэн заалттай тул задраагүй байна. Сумдаас зайлшгүй хийлгэнэ гэсэн иргэдийн судалгааг авч, хийлгэх шаардлагатай иргэдийн зөвшөөрлийг үндэслэн сумдад хувиарлана. Сумдын судалгааны явц 50 хувьтай явж байгаа бөгөөд бүх сумд зөвшөөрөл, судалгаагаа ирүүлж нэгтгэсний дараа хувиарлалт хийхээр төлөвлөж байна гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )