Хятадад зэрлэг зааны сүрэг “түйвээж” байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Азийн зэрлэг зааны сүрэг Хятадын өмнөд зүгээс хэдэн зуун км зам туулж, Юннань мужийн долоон сая хүн амтай нийслэл Күнминь хотод ойртож байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Зургаан эм, гурван эр, зургаан тугал зэрэг 15 заанаас бүрдсэн сүрэг 500 км зай туулжээ. “Аяллынхаа” туршид заанууд тариалангийн талбай, хүмүүсийн их хэмжээний эд хөрөнгө сүйтгэж, нийт 6.8 сая юанийн хохирол учруулаад байна. Азаар хүний амь эрстээгүй байна.

Өнгөрсөн онд аялалд гарсан зааны сүрэг анх 16 гишүүнтэй байсан ба нэг нь хоцорч, хоёр тугал замд нь төржээ. Бүл нэмсэн зааны сүрэг чигээ өөрчилж, хойд зүгт хөдөлсөн бол хоёр нь замаасаа буцжээ.

Өнгөрсөн бямба гарагт 15 заан Эшан хотод хүрч, зургаан цагийн турш хотын гудамжаар зугаалжээ. Орон нутгийн эрх баригчид тээврийн хэрэгслүүдийг аюулгүй газарт үлдээж, оршин суугчдыг гадагш гарахгүй байхыг зөвлөсөн байна. Эрх баригчид зааны хөдөлгөөнийг хянахын тулд хээрийн удирдлагын төвийг байгуулаад байна. Тэдний замд хаалт тавьж, 76 цагдаагийн машин, ачааны тэрэг, есөн дрон, 360 хүнийг дайчилж, нийт 18 тонн тэжээлийг заануудад зориулан бэлджээ.

Зэрлэг заанууд ийм хол зай туулан нүүдэллэж байгаа нь Хятад улсын хувьд анхны тохиолдол гэнэ. Мэргэжилтнүүд заануудын энэ нүүдлийн хоол тэжээлийн хомстолтой холбон тайлбарлаж байна. Азийн заан нүүдэллэх нь хэвийн үзэгдэл ч тодорхой бүс нутгаар хязгаарлагддаг гэж Юннанийн их сургуулийн судлаач Чен Минёнг тайлбарлажээ. Түүний хэлснээр, сүрэг хаана хүрэхийг таахад бэрх бөгөөд сүргийн ахлагч туршлагагүй, сүрэг чигээ алдсан байх магадлалтай гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top