Б.Наранцогт: Уран бүтээлч хүн олны өмнө гэрчлэгдэж амьдардаг болохоор зөв л явах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 05

Нандин, уран дуучин гэвэл СТА Б.Наранцогтыг хэлнэ. Дууныхаа аялгууг зурж, сийлж алтны инжаан шиг урладаг болохоор тэр биз ээ. “Хөгжмийн эгшиг”, “Ижий хань”, “Дөрвөн улирал”, “Нууцхан сэтгэл” зэрэг дууны уран бүтээлээрээ үзэгч түмэндээ танигдсан түүнтэй ярилцлаа. Тэрбээр  “Хөгжмийн эгшиг”, “Сүүн залбирал” нэртэй  хоёр ч цомгоо худалдаанд гаргаад амжсан билээ. Чамин ааль, часхийсэн үгтэй бүсгүй дуучны ертөнцөөр хамтдаа аялцгаая.
 


 

-Та уран бүтээлтэй амьдралаа холбох сэрэл мэдрэмжийг ямар учгаар атгаж байсан бэ?

-Нутаг минь дуу хуурын өлгий нутаг. Би чинь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хүүхэд шүү дээ. Ер нь хүүхэд байхаасаа урлаг, нийгмийн идэвхтэй уралдаан тэмцээн,  наадмуудад их дуулдаг хүүхэд байсан минь хожим дуучин болох хүсэлд минь хөтөлсөн. Хүүхэд байхдаа зун өвөөгийндөө хурдны морь унаж өслөө. Морин дэл дээр салхи шуранхайлж өссөн болохоор уртын дуучин болох сонголтоо хийсэн дээ. Уран бүтээлч гэдэг эрхэм алдрыг хүртэн, түүнтэй амь амьдралаа холбоод энэ сайхан айлын үүдээр алхаад яг 10 жил болж байна. Олон сайхан уран бүтээлчдийнхээ хөг эгшгээр хөглөгдөн дуулж л явна даа.

-Өөрийг чинь сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Урлагийн хүн болох, сэтгүүлч байх хоёрынхоо алийг нь амьдралдаа илүү мөрдөж байна вэ?

-Дундговь аймагт 10 жилийн сургуулиа дүүргээд  2003-2007 онд Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж байлаа. Орчин үеийн залуус хос мэргэжлээр эзэмшиж хөрвөх чадвартай байхыг чухалчилдаг болжээ. Сэтгүүлч мэргэжлээр суралцсанаар салбар салбарын мэдлэгтэй болж, аливаа мэдээ мэдээлэлд шүүлтүүртэй хандах, нягт нямбай байх гээд олон давуу талыг өөртөө суулгасан. Урлагийн хүн чинь дэврүүн, сэтгэл хөдлөл ихтэй байдаг шүү дээ. Тэгэхээр аливаа зүйлийг сэтгэл хөдлөлдөө автахгүй олон талаас нь эргэцүүлж бодож байж шийдвэр гаргаж сурсан.

Соёл урлагийн их сургуулийг 2007-2011 онд уртын дуучин мэргэжлээр дүүргэсэн. Уртын дуу гэдэг Монголын үндэсний соёлын биет бус өв учраас үүнийг би залгамжилж өвлөх ёстой юм байна гэдэг утгаараа энэхүү мэргэжлийг сонгосон. Биет бус өв гэдэг эзэнтэйгээ хамт мөнхөрдөг болохоор залуу хүүхдүүд уртын дуугаа сурч байгаасай гэж боддог доо. Өөрийгөө дуу хуур, урлаг соёлын агаараар дүүргээд амьдарч явна.

 

Хайр ивлэсэн харц гэдэг цаанаа л өөр. Зарим нь сонжсон, шинжсэн ч харцтай. Дуулаад эхлэхээр тэр харц нь зөөлрөөд миний хэлдэг тэр л тайвшралыг олж буй нь мэдрэгддэг. Монгол бөхийн өргөөнд “Сүүн залбирал” нэртэй бие даасан тоглолтоо 2017 онд хийж байлаа. Энэ бол миний юу сурч мэдсэнээ тайлагнах торгон мөч. Энэ мөчид маш их айдас, догдлолтой байдаг шүү дээ. Дуу өөрөө ид шидтэй, эрчим энергитэй учраас дуучны зүрх сэтгэл, дуу хоолойгоор дамжин гарахдаа л тэр бүхнийг мартуулаад тайвшруулчихдаг нь гайхалтай.

 

-Анхны уран бүтээл гэдэг мартагдашгүй байдаг. Бас дуунд хөтөлсөн багшийнхаа тухай дурсвал?

-Тийм шүү. Радио телевизийн дээд сургуулийн  оюутан байхдаа 2006 онд ЦДБЭЧ дуучин Б.Гантулгатай хамтран дуулсан Эрдэнэчулууны хөгжим, Даваадашийн шүлэг “Хайрын чимэг” гэж дуу анхны уран бүтээл байсан. Тухайн үедээ үзэгч, сонсогчдын таашаалыг хүртээд байсан энэ дуу маань  их сайхан аялгуутай, үгтэй. Сайхан уран бүтээлээр салхийг нь хагалсан болохоор надтай дандаа л сайхан уран бүтээл, сайн уран бүтээлчид таардаг даа. Бас хуучныхаа дуунуудыг сэргээж дуулах дуртай. Ардын жүжигчин Ц.Батчулууны шүлэг, Б.Төмөрхүүгийн хөгжим “Хөгжмийн эгшиг” дуу байна.

“Яруу тунгалаг айзмаар баян

Ятга хөгжмийн аялгуут чавхдас

Янаг хосын шинэ амьдрал

Яргуй цэцэг хавартай дэлгэрнэ ээ...” /дуулав/ гээд л үг нь тансаг, аялгуу нь эрхэмсэг энэ дуундаа их хайртай.

Мэргэжлийн багш маань МУГЖ. Ц.Чулуунцэцэг гэж гайхалтай сайхан эмэгтэй бий. “Өнөр бүл” киноны Цэрмаад тоглосон гэхээр хүмүүс андахгүй. Дуучныхаа хувьд өөрийнхөө чансаа, чадвар, байр суурийг тунхаглаж, алдар нэрээ дуурсгаж чадсан авьяаслаг дуучин. Багшийн хувьд шавь нараа өөрийн хүүхэд шигээ хайрлаж, мэргэжлийн онолын хичээлээ чин сэтгэлээсээ заадаг. Багшийнхаа захиасаар урлагийн хүнд байх бүхий л сайхан чанарыг өөртөө шингээж явах сан гэж хичээдэг дээ. Багш минь надад их зүйл заасан хүн. Миний амьдралын  замыг зааж, хүнтэй сайхан мэндлэх, хүндлэх, үнэнтэй явах, түмэнтэй явахын олон сайхан ухаан хайрласан даа.

-Дуу гэдэг таны хувьд нэг үгээр илэрхийлбэл?

-Дууг би тайвшрал гэж боддог.

-Тайзан дээр дуулж байхад үзэгчдийн харцнаас юу мэдэрдэг вэ?

-Хайр ивлэсэн харц гэдэг цаанаа л өөр. Зарим нь сонжсон, шинжсэн ч харцтай. Дуулаад эхлэхээр тэр харц нь зөөлрөөд миний хэлдэг тэр л тайвшралыг олж буй нь мэдрэгддэг. Монгол бөхийн өргөөнд “Сүүн залбирал” нэртэй бие даасан тоглолтоо 2017 онд хийж байлаа. Энэ бол миний юу сурч мэдсэнээ тайлагнах торгон мөч. Энэ мөчид маш их айдас, догдлолтой байдаг шүү дээ. Дуу өөрөө ид шидтэй, эрчим энергитэй учраас дуучны зүрх сэтгэл, дуу хоолойгоор дамжин гарахдаа л тэр бүхнийг мартуулаад тайвшруулчихдаг нь гайхалтай.

Нөгөө талаар нэг хэлмээр зүйл нь үзэгчид маань гоо зүйн өндөр түвшинд бэлтгэгдсэн, оюун санааны хувьд тэгширсэн байх ёстой. Энэ бол үзэгчдийн соёл. Урлагийн танхимд юм идэж уух, нэг нэгэнтэйгээ ярих, утсаар ярих гэдэг байж болшгүй зүйл л дээ. 

-Уран бүтээлч гэдэг утгаараа шүүмж, магтаал аль алиныг нь дааж явах чадалтай байх ёстой шүү дээ. Та хэр сэтгэлийн тэнхээтэй вэ?

-Энэ тухай оюутан байхаасаа л багшаасаа сонсож ирсэн болохоор сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн. Урлагийн хүн олны өмнө гэрчлэгдэж амьдардаг болохоор зөв л явах хэрэгтэй. Урлагийн хүн болохоор мэдсэн мэдээгүй явган ярианд ч орох үе бий. Миний хувьд хэр баргийн зүйлд ач холбогдол өгөөд шаналаад байдаггүй зантай. Яригдаж байна гэдэг амьдарч байна гэсэн үг.

-Ардын дуу, уртын дуу, нийтийн дууны техник өөр, өөр боловч хэлэх гээд байгаа санаа нь нэг цэг дээр огтлолцдог. Аль алиныг нь хослуулан дуулж явах уу?

-Дуу гэдэг өөрөө гуравхан үсэгнээс бүтсэн үг боловч энэ ертөнц даяханы  философийг багтаасан агуу зүйл.  Бид дуучны нарийн мэргэжлээр  СУИС-д таван  жил суралцдаг ч урлагийн цагаан толгойн 35 үсгээ л уншиж, ойлгоод төгсдөг. Тийм болохоор дууг насан туршдаа судлаад дуусахгүй.

Ардын дуу, уртын дуу, нийтийн дууны амьсгаа, цар хүрээ, донж хэв маягийнхаа хувьд өөр, өөр жанар учраас дуучин хүнээс өөр, өөр чадвар шаарддаг. Энэ бүхнийг бүгдийг нь дуулж чадна гэдэг маш том чадвар гэж мэргэжлийн судлаачид хэлдэг шүү дээ. Зарим нь ардын дууг донж нугалаатай сайхан дуулдаг хэр нь нийтийн дуун дээр явдаггүй шүү дээ. Миний хувьд аль алиныг нь хослуулж явна.

-Цар тахлын  үед уран бүтээлчид тайзан дээр гаралгүй удлаа. Энэ үеэр юу хийж бүтээв, тайзаа санасан уу?

-Тайзаа маш их санаж байна. Хурдхан тайзан дээрээ гарахыг тэсэн ядан хүлээж байна шүү. Энэ хугацаанд огт зүгээр суусангүй. Уран бүтээлээ хийж л байна даа. Би аялах, ууланд алхах дуртай, эрүүл хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байхыг эрмэлздэг. Дуучин хүн нийгмийн аливаа асуудалд бухимдаж, өөрийгөө зовоож болохгүй, сайн идэж, сайн унтаж амарч байх хэрэгтэй гэж багш маань захидаг байлаа шүү дээ. Сайхан амраад л, уран бүтээлдээ шамдаад л байж байна даа.

-Монголынхоо эмэгтэйчүүдийн талаар та юу гэж боддог вэ?

-Монгол бүсгүйчүүд маань ар гэрийн амьдрал бүхий л зүйлээ үүр дүүрч явдаг хүчирхэг хүмүүс байдаг. Тэднээрээ бахархах бас хайрлах сэтгэл төрдөг дөө. Бүсгүйчүүд маань хэчнээн үзэсгэлэнтэй, хэчнээн энхрий билээ дээ. Тэд хайрлуулах, халамжлуулах ёстой хүмүүс. Тиймээс эрчүүд минь хүчирхэг байх хэрэгтэй шүү.

-Нийгмийн ямар асуудалд шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Нийгмийн архидалт, гэр бүл салалтад маш их эмзэглэж, сэтгэл дундуур явдаг. Хүн бүр ухамсартай, дотор сэтгэлтэй, хүн байвал ийм асуудал гарахгүй шүү дээ. Залуусын ухамсар өндөр байж л нийгмийн амьдрал сайжирна. Тиймээс залуу хүн бүхэн эрүүл мэнд, харилцаа, гэр бүлийн боловсролтой байх ёстой.

-Таны дуулсан “Нууцхан сэтгэл” гэдэг дууг хүмүүс сонсоод ямар сэтгэгдэл илгээж байсан бэ, нууцхан сэтгэлийн тухайд ямар бодолтой явдаг вэ?

Х.Ичинхорлоогийн шүлэг, Д.Мөнхзаяагийн хөгжим “Нууцхан сэтгэл” дуугаа 2009 онд дуулж байсан. Дөрвөн жилийн өмнө дүрсжүүлээд үзэгч олондоо хүргэж байлаа. Тэрхүү дууг хүмүүс сонсох дуртай байдаг юм байна лээ. Дууны хоолойг бичиж байхад найруулагч маань "Наад дуу чинь нууц амрагийн тухай дуу шүү" гэж хэлж байсан. Нууц амрагийн тухай ойлголтгүй болохоор өөрийнхөөрөө л дуулсан. Гэхдээ уран бүтээлч хүн гэдэг хүнийг итгүүлж, уярааж, автуулж дуулах ёстой шүү дээ /инээв/.

“Хорвоо гэдэг уужим юм

Хорьсоор байтал дасах юм

Өөрийгөө ч танихгүй болтлоо

Өрөөлийн өмнө хайлах юм

Хүсэл эзэмдсэн хувь тавилангаар

Хүрээд ирснийг ухаарч л сууна даа

Итгэл хайрыг мэдрэх тусам

Эзэнтэй байтлаа нялхрах юм аа...” /дуулав/ гээд үг нь хүртэл өөрийн эрхгүй л хүмүүсийг автуулж, уяраадаг дуу. Хайр сэтгэл гэдэг юугаар ч хэмшижгүй, хорьшгүй атлаа мөнхийн сэдэв юм даа.

-Хайр сэтгэлийн тухай сэмхэн шивнэлдвэл ямар вэ?

-Хайр сэтгэлийг амьдралдаа ганцхан удаа мэдэрч залуу халуун сэтгэлээр хайрлаж дурлаж үзсэн. Юм олдохоороо үнэгүй гэдэг шүү дээ. Тэр л ариун хайраа дотроо нандигнаж явах учиртай. Одоо миний хажууд хачин танхилхан, бяцхан охин минь хайр цацруулан амьдарч байна. Уран бүтээлдээ умбаж яваад хэн нэгэнтэй зүрх сэтгэлээ хуваалцах цаг зав байсангүй ээ.

-Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцана уу?

-Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, яруу найрагч Б.Болорцэрэн хоёртоо бүсгүй хүний тухай дуу дуулмаар байна гэж хэлж байсан. Бүсгүй ертөнцийн гэрэл гэгээ, хүсэл тэмүүлэл, бардамнал бахархлыг харуулсан поп жанрын дуу болсон л доо. Энэ дууныхаа хоолойны бичлэгт орчихсон, зураг авалтаа урин дулааны улиралд хийнэ гэж төлөвлөж байна. Цаг үе нь цар тахалтай байж таарлаа. Өөрийгөө эвдээд өөр өнгөөр, өөр жанраар дуулж үзсэн. Тун удахгүй та бүхний хүртээл болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанцэцэг(202.55.188.34) 2024 оны 02 сарын 01

Хүүхэндээ баяр хүргье чи минь хамгийн шилдэг нь шүү

1  |  0
Алтанцэцэг(202.55.188.34) 2024 оны 02 сарын 01

Хүүхэндээ баяр хүргье чи минь хамгийн шилдэг нь шүү

1  |  0
Алтанцэцэг(202.55.188.34) 2021 оны 11 сарын 04

Хүүхэндээ баяр хүргье чи минь хамгийн шилдэг нь шүү

0  |  0
Sha(203.91.115.47) 2021 оны 11 сарын 03

Shan duuchin

0  |  0
nomio(203.91.115.50) 2021 оны 06 сарын 10

mundg egch shv bas sain eej ❤

0  |  0
nomio(203.91.115.50) 2021 оны 06 сарын 11

mundg egch shv bas sain eej ❤

0  |  1
дуунд дуртай(103.23.50.131) 2021 оны 06 сарын 10

бурхан цаанаас нь тэгш заяажээ

0  |  0
зочин(64.119.23.214) 2021 оны 06 сарын 05

янзын сайхан шүдтэй ёстой дуулахаар төрсөн байхоо

0  |  0
Top