Баянзүрх дүүргийн удирдлагууд бүтээлч залуусаа дэмжиж “Дундын оффис” байгууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх санаачилж, дүүргийнхээ бүтээлч залуусыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дэргэд SHARE CENTER буюу “Дундын оффис”-ыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-т байгууллаа.  

Шинээр бизнес эхлүүлж буй залууст зориулсан SHARE CENTER буюу “Дундын оффис”-ын үүд хаалга дүүргээ хөгжүүлэх шинэ санаачилга гаргаж буй залууст нээлттэй. Төслөө Баянзүрх дүүргийн ЗДТГ-т ирүүлснээр 14 хоног тутамд төслийг шалгаруулж, шалгарсан төслийг дүүргийн зүгээс дэмжин хэрэгжүүлэх юм.

Урьд нь агуулахын зориулалтаар ашиглаж байсан хэсгийг нийслэл, дүүргээс сонгогдсон төлөөлөгчдийн дэмжлэгээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан бөгөөд хурлын танхим, өндөр хурдны интернэт бүхий уулзалтын танхим, номын сантай. Энд залуус сургалт, арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой.

Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах шинэ залуу үеийн санал, санаачилгыг дэмжих зорилготойгоор энэхүү төвийг тохижуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Шинэ ололт, бүтээлч санаачилгуудыг дүүргийн зүгээс бүх талаар дэмжих болно” гэдгийг онцоллоо.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН  ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top