Э.Хархүү: Ухаан саруул, бие эрүүл яваа минь утга зохиолын гавьяа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Өмнөговь нутгаас утга, уран зохиолын салбарт анхны гавьяат төрж, яруу найраг, шүлэг зохиолд дуртай  хүмүүс болон үзэг нэгт нөхдийнхөө магнайг тэнийлгэв.  Эрэнжидийн Хархүү гэхээр “Тос даасан Монгол айл”, “Би говийн хүү”, “Анхны хайр” зэрэг шүлэг нь санаанд бууж говь, нар хоёр үнэртэнэ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Хархүүтэй энгэрээ мялаасан торгон агшинд ярилцлаа.


-Зуны нар зулай дээрээс төөнөсөн энэ өдөр таны энгэр дээр гавьяатын тэмдэг гялалзлаа. Нар, цол хоёр зэрэг гийсэн энэ сайхан өдөр таны сэтгэлийн үгийг сонсъё?

-Гялайлаа. Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойгоор төр минь намайг үнслээ. Төр түмнийхээ энэ их хүндэтгэлийг дааж уншигч түмэндээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барих болно. Миний бие нэгэн жаранд Монголын утга зохиолын төлөө зүрх сэтгэлээ зориулжээ. 30-аад жил боловсролын салбарт эх хэлний манаанд зогсож ардын хүүхдэд багшилж байлаа. Энэ хугацаанд 40-өөд ном бичиж, 55 ном редакторласан байна. Сэтгүүл зүйн салбарт бичсэн хөрөг, дурсамж, шүүмж судлал тоймгүй олон доо.

-Та хагас жарныг багшийн алдраар титэмлэж явахдаа хэчнээн шавьтай болсон бэ, таны шавь нараас улс эх орондоо нэрээ мандуулсан хүн олон уу?

-Олон шүү. 3000-аад шавьтай болжээ. Миний шавь нараас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Цэнджав, Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Чимэддорж, “Дундговийн амьдрал” сонины сэтгүүлч Сандагийн Пүрэвсүрэн Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулж байлаа. Сонор чихэнд хүрч, ард олондоо танигдсан нь л эдгээр хүмүүс болохоос салбар салбартаа тэргүүлж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж яваа тэргүүнүүд, ”Алтан гадас”-тангууд олон доо. Хөдөө орон нутаг, нийслэл хүрээнээс “Багш аа” гээд амар мэнд эрж холбогдож, зорьж ирдэг хүүхдүүд олон юм аа. Шавьтай хүн гэдэг хаа ч газарддаггүй юм байна.

-Цар тахлын өдрүүдэд ямархан бүтээл туурвиж өнгөрүүлэв дээ?

-Зүгээр сууж ер чаддаггүй юм. Ном уншиж цоохорлоно. Сонин сэтгүүл эргүүлнэ. Залуу сэтгүүлчдийнхээ нийтлэл сурвалжилга, ярилцлагуудыг амтархан уншиж сууна. Үүний зэрэгцээ олон салаа үгийн тайлбар толь маягийн юм бичиж сууна. Монгол хэл гэдэг арвин баялаг, утга санаа өргөн, тансаг шүү дээ. Хамгийн их хэрэглэгддэг таван үгээр л жишээ авахад нэг номын дайтай том юм гарах нь. Жишээ нь, “хар, улаан, татах, орох, морин” зэрэг таван үгээр л олон салаа утгыг гаргахад тоймгүй юм гарч байна.   “Морин шоргоолж, морин зэргэлээ, морин тэрэг, морин уруул”  гээд л ямар тансаг сайхан үгс ганц үгнээс салбарлана вэ.  Үг бүхнийхээ ард үргэлжилсэн үгийн мастеруудын өгүүллэгээс жишээ авч ард нь хадаж байгаа. Уянгын өгүүллэгийн мастер С.Эрдэний “Шар навчны халуун” өгүүллэгт мөн ч сайхан жишээ өгүүлбэрүүд олон  байна даа. Мөн түүнчлэн Хөх судар, Болор толь, Алтан товч, Нууц товчоон, Шар тууж зэрэг Монголын 10-аад түүхэн товчооноос эш татаж байна. Эш татах өгүүлбэр нь хүртэл хүнд өгөөжтэй, үлдэцтэй, наалдацтай байх хэрэгтэй шүү дээ. Бас нэг зорьж яваа зүйл гэвэл эрт эдүгээд гаргаж байсан шүлэг, өгүүллэгээ түүвэрлээд шилмэл түүвэр гаргана гэж бодож байна.

-Тантай мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж явсан олон сайхан нөхдийнхөө тухай энэ мөчид дурсана уу?

-Тэртээ 1964 онд “Хөдөлмөр” сонинд “Хөлс” гэдэг нэртэй шүлэг минь нийтлэгдсэн цагаас хойш сонин сэтгүүлдээ ч өөрөө ажиллаж, ном бүтээлээ ч олныг гаргажээ. Хүүхэд байхад тоотой хэдхэн сонин байсан юм чинь додигор байлгүй яах вэ. Сонин зардаг газраас хэдэн дугаар худалдаж аваад найзууддаа өгөөд л, үерхдэг оюутан охиндоо өгөөд л... Ийм л утга зохиолд  дуртай, хайртай хүүхэд явлаа даа. Тэр цагаас хойш олон сайхан ноён оргилын нөмөрт дулаацаж, олон сайхан залуусыг өвөр бэлдээ нөмөрлөж явлаа.

Хүн гэдэг өтлөөд ирэхийн цагт ярих ч хүн олдохгүй болдог юм байна. Сэтгэлээ онгойтол, сэтгэлээ  дүүртэл ярилцдаг асан найз нөхдийн минь ихэнх нь тэнгэрт дэвшжээ. Цөөрөөд л байна /Санаа алдан бодолхийлэв/. Д.Пүрэвдорж багшийгаа энэ өдөр дурсахгүй байхын аргагүй. Эгэмнээс минь татаж эрийн цээнд хүргэж шүлэг найрагтай амьдралыг минь эргэлт буцалтгүй холбож, аавын оронд аав болсон хүн. Утга зохиолын ноён оргил болсон Д.Пүрэвдорж, П.Пүрэвсүрэн, С.Пүрэв, Д.Цоодол тэргүүтэй олон сайхан зохиолчид нутгаар минь очиж л байсан. Шөнөжин утга, уран зохиолын тухай яриад, шүлэг уншина даа. Арын сайхан хангайн хүү Ж.Раднаадаргиа гэж сайхан хүн байлаа. Тэр хүн намайг  “Жинхэнэ монгол шүлэгтэй, монгол найрагч” гэж үнэлдэг байсан юм. Дундговь нутгийн хүү С.Дашдооров гэж “Говийн өндөр” шигээ “өндөр” хүн байлаа. Өвөр түрийдээ орж, олдсоноо хувааж,  утга уран зохиолын тухай дуусашгүй их зүйл  ярьж үүр цайлгадаг байв даа. Д.Нямаа гэж сайхан зохиолч аль хэдийн “Тэнгэрийн хаяа”-руу тэмээтэйгээ явчихсан. Манайхыг Дамбадаржаад байхад А.Эрдэнэ-Очир, А.Лхагва хоёрыг дагуулчихсан ирж билээ. Бид дөрөв адууны маш чанаж идэнгээ аяга юм тойруулж шөнөжин ярьж суусан сан. Энэ бүхий л дурсамж дурдатгалыг “Улаан овооноос эхэлсэн зам”. “Хайрын дулаан хорвоо”, “Говийн хүү”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр” зэрэг номондоо бишгүй л бичсэн дээ. Хүний амьдралд хийж бүтээсэн зүйл л үлддэг юм байна. Одоо бидний тийм сайхан халуун, залуу насыг мэдэх нэг нь л мэдэх байх даа.

-Та ноднин жил “Дүүрэн тэргэл” яруу найргийн номоо уншигчдын гарт хүргэлээ. Таны номд хайрын шүлэг олонтаа оржээ...?

-Хөгшин хүн хайрын шүлэг бичиж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Өдий болтол ухаан саруул, бие эрүүл  яваа минь утга зохиолын ач гавьяа шүү дээ. Яруу найрагчийн зүрх хөгширдөггүй мөнхийн залуугаараа байдаг юм. Хайрлаж, дурлаж, гомдож туньж, инээж хөөрч, догдолж баярлах гээд хүмүүний мэдэрдэг бүхий л мэдрэмжийг яруу найрагчийн зүрх хэд дахин илүү мэдэрч туучин өнгөрдөг. Тиймдээ ч цус сэлбэгдэж  шинээрээ, халуунаараа, залуугаараа байдаг болов уу. “Дүүрэн тэргэл” номдоо найман мөртөөр томсон шүлгээ оруулсан. Мөн шүлэг бүхнийхээ дор зохиолч яруу найрагчдын надад зориулж хэлсэн үгсийг чимэг зүүлт болгон оруулсан.

-Хүмүүсийн хэлсэн үг гэснээс танд зориулж бичсэн хүмүүсийн хөрөг, дурсамж нийлээд нэг боть болохоор байх шүү?

-Хүн хүнээрээ хөглөгдөхийн сайхан, хүн байхуйн утга учрыг буй биеэрээ мэдэрсэн хүн дээ би. Миний тухай өгүүлсэн дурсамж, хөрөг, захидал, шүүмж, бодрол, ярилцлага гэвэл чиний хэлдгээр нэг боть болохоор юм бий шүү. 2019 онд хэвлүүлсэн “Хайрын дулаан хорвоо буюу Эрэнжидийн Хархүү” номондоо түүвэрлээд хэдийг оруулсан. Нэгэн цагт мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж явсан зохиолчид болон шавь нар, утга зохиолын хүрээнийхэн гээд сор болсон сайхан хүмүүсийн сэтгэлийн дээжийг хүртэж явсан азтай хүн дээ.

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Д.Цоодол, дорнын их яруу найрагч Б.Явуухулан,  хаан найргийн хатан Ш. Дулмаа, “Говийн өндөр” С.Дашдооров, Өлзийтийн найрагч Д.Нямаа, Алтайн оргил С. Пүрэв, нэрт сэтгүүлч Б.Цогзаяабаатар, яруу найрагч Ж.Раднаадаргиа, Төрийн шагналт  зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ш.Уянга, Болор цомын эзэн Н.Гантулга  гээд олон чиг сайхан хүмүүс элэг сэтгэлээ нээж дээ надад. Ярианыхаа эхэнд хэлж байсан даа, 55 гаруй хүний номонд редактор хийж, өмнөтгөл бичиж, зам мөрийг нь засаж явжээ. Энэ бүхний шагнал ч юм уу, утга уран зохиолоос урваагүйн шан  ч юм уу олонтойгоо л явж ирлээ хө.

-Та бол монгол хэл, уран зохиолын багш хүн шүү дээ. Сүүлийн үед залуус маань монгол хэлээрээ зөв сайхан бичиж, ярьж чадахаа байжээ. Энэ талаар таны эмзэглэл болоод сургаал үгийг сонсох нь зүйтэй болов уу?

-Би нэгэн ярилцлагадаа “Оюун сэтгэлгээний ядуурал бол эд мөнгөний ядуурлаас аюултай шүү” гэж хэлж байлаа.  Монголоор зөв сайхан ярьдаг хүн цөөрч байна. Ялангуяа Их Хурлын гишүүд бантагнуулж байна. Жишээ нь, “би тэгж харж байна, миний бие, миний бодлоор бол, байр сууриа илэрхийлмээр байна” гэхчлэн нэг л их хэлбэрдсэн хүмүүс. За сэтгүүлчид, ялангуяа телевиз, радиогийн салбарын сэтгүүлчид мэдээж “тэгсэн байгаа, тэгсэн байдаг, нэлээдгүй, төсөв суутгагдсан” гэж маяглаж, загвардсан хүмүүс олон байна аа. Өгүүлбэрээ ч бүтэн хэлэхгүй бусдаар үйлдүүлэх хэвийн нөхцөлийг гамгүй хэрэглэх юм. Тун ядмагхан ийм яриаг сонсохоор уур хүрээд л явчихдаг юм. Бараг бүтэн цагийн ярианы талд нь гадаад үг оруулчихаар ойлгохгүй юм байна шүү дээ. Энэ нь ном уншихгүй байгаатай шууд холбоотой. Сүүлийн үед цар тахал гээд цахимаар хичээл ордог боллоо. Сургалтын чанар нь ямар байдаг юм, мэдэхгүй.  Бага балчраасаа унаган монгол хэлээ зөв сайхан бичиж ярьж сураагүй хүүхдүүд амжилт гаргахад хэцүү л байдаг юм.

-Цар тахлын үеэр танд юу бодогдож байх юм. Энэ өвчин мөд арилах болов уу?

-Юм юм л бодогдуулж байна. Дэлхий дахин даяаршиж хөгжихөөрөө сайн ч тал бий, муу ч тал бий юм байна. Монгол нүүдэлчин амьдрал хамгийн эрүүл, цэвэрхэн, өвчин хуучгүй байдаг байжээ. Олон төрлийн эмийн ургамлаар идээшсэн монгол малын махаа идээд, цагаан идээгээ хэрэглээд явж байхад өвдөхгүй юм байна. Эрүүл цэнгэг агаартай хөдөө талдаа амьдрахад урт наслах юм байна. Хүн бүхэн ёс уламжлалаа баримтлаад явбал зөв амьдрах юм байна. Бидний өвөг дээдэс яасан ч ухаантай, холын хараатай байсан юм бэ дээ. Барууныхан шиг бие биетэйгээ эр, эмгүй уруул амаа нийлүүлж үнсэлдээд  байдаггүй л ард түмэн шүү дээ. Солонгосчууд шиг нэг тавагнаас хоолоо савхдаж идээд байдаггүй л хүмүүс шүү дээ. Хүн бүр өөрийн аягаа өвөртлөөд явдаг байлаа. Монгол нүүдэлчин ахуй, ёс заншлаа дагаж мөрдөөд явахад хүн бүхэн эрүүл байх боломжтой.

-Утга зохиолын шинэ урсгал чиглэл, залуу найрагчдын бүтээлийн талаарх таны сэтгэгдлийг сонсъё?

-Монголын яруу найраг уламжлалаа хайхрахаа больжээ. Бичгийн суут Инжинаш, Д.Равжаагаас эхлээд Их Д.Нацагдорж, Д.Пүрэвдорж хүртэл уламжлалаа яс барьж байжээ. Уламжлалт сэтгэлгээ, язгуурын монгол үг хоёрыг хослуулж байж уран зохиол өдий зэрэгтэй хүрсэн юм шүү дээ. Сүүлийн үед бичээд буй модернизм руу хэт туйлшраад байвал буруу зам руу будаа тээнэ. Үнэндээ залуусын шүлгийг ойлгоход бэрх болжээ. Уламжлалт яруу найраг уствал эх хэл үгүй болно. Эх хэл үгүй болбол үндэстэн мөхнө.

Уран зохиолын шүүмж дутагдаад байна. XIX дүгээр зууны оросын уран зохиолд В.Г.Белинский, Ф.М.Достоевский зэрэг том, том шүүмжлэгчид байсан учраас өндөр хэмжээнд хөгжсөн. Н.В.Гоголь, Лев Толстой, А.С.Пушкин нар яагаад төрсөн бэ гэхээр тэдгээр шүүмжлэгчид засаж, чиглүүлж, ирлэж, өнгөлж өгч байсны буян. Манайханд ч 60,70-аад онд шүүмж, судлалын зөвлөлтэй байсан. Ц.Мөнхөө, Д.Цэнд, Жамсранжав гээд сүрхий судлаач, шүүмжлэгчид төрсөн юм шүү. Одоо ч ховорджээ. Байгаа хэд нь зоригтой дуугарахгүй байна шүү.

-Та нутгаа санаж байна уу, хэзээ нутаг зүг хүлгийн жолоо залах гэж байна даа. Гавьяатаа хүлээгээд сүйд болж байгаа шүү дээ?

-Нутгаа маш их санаж байна. Ах, дүү нараа, нутгийн зон олноо ч жигтэйхэн үгүйлж байна. Цар тахал намжвал наадмаас хойш давхиад л очно доо. Хүний нутаг гэдэг хүйн холбоотой байдаг юм байна. Өдөр ирэх бүрийд л сүүн тэргэл сартайгаа зүүдэнд орох нь хачирхмаар. Нэг их зөөлөн салхи нь хацар илбээд л гүүн зэл рүү алхаж байгаа ч юм шиг, зэргэлээн дундаас ээж минь  инээх ч шиг. Нутагтаа очиж Улаан овооныхоо бууцан дээрээ хөрвөөе, Бал улаан худгаасаа ховоо татаж хоньд усалъя, морин дээр давхиж гавихгүй ч дэлт хүлгийн нуруун дээр гаръя. Залуухан байхад морьтой  галигуулдаг л байлаа. Одоо хөл өвдөөд явахаа байсан байна лээ.

-Хүйн холбоотой эх нутгийн хэвлийг сэндийчиж уул уурхай цэцэглэн хөгжсөөр л байх юм.  Говь нутагт ус ундарга нь шавхарч хүн малгүй харангадахад хүрлээ л гэдэг. Энэ талаар ч та бишгүй л ярьсан даа?

-Монголын уул уурхайн 80 хувь нь Өмнөговь аймагт бий. Би Таван толгойн талаар морьтой хатируулж эсэргэн залуу насаа өнгөрүүлж явлаа, Тост, Тосон бумбын нуруугаар ирвэс шилүүс шиг дүүлж идэр залуу насаа элээж явлаа. Тост, Тосон бумбын нурууны Хуршуут, Хөвдийн гол бол Гурвантэс сумын тариалангийн гол нутаг. Тэндээс улсын аварга тариаланч Нэргүй гэдэг хүн гарсан. Ан амьтан дайжиж, үхэж үрэгдэх аюул нүүрлээд байна. Айл хотол ч бэлчээр нутаг, уух усгүй болж нүүж байна. Монголын говийг цөлжүүлж, ус ундаргыг нь ширгээж дууслаа. Нутгийг минь танигдахын аргагүй болтол сүйтгэчихсэнийг хараад сэтгэл өмөрч, нулимс бөмбөрөөд хэцүү байна. Хаа сайгүй л уул уурхай цэцэглэчихсэн. Энэ дарга дээдэс чинь яасан шунал нь барагддаггүй улс байдаг юм. Эх орноо сэглэж, онгичиж амьдрал үгүй болгож байна. Ингэ ботголж, гүү унагалдаг, өвөг дээдсийн минь уул, усаа дээдэлж залбирдаг, хулан ,хавтгай, хар сүүлт, цоохор ирвэс, аргаль, янгир  гээд дархан цаазат ховор ан амьтны өлгий нутаг. Их бууны шарх шиг том, том цүнхээлд улаан ус эргээд л, газар эх минь цусаар уйлж байна. Шаргын ганга, Хүрэн хана, Шар хана, Ноён Сэврэйн уулс, Хөгшөө, Шугшаагийн уулс, үлэг гүрвэлийн өлгий нутаг Алган улаан цав, Хэрмэн цав, Зулганайн гол, Ингэн сэвстэйн говь, Гурван тэгшийн голыг минь сүйтгэсэн дээ.

-Өмнийн говь ганган улаан тэмээдээрээ алдартай. Таны шүлэгт ч тэмээний тухай их ордог. Та нутагтаа очоод “Тэмээн дээрээс наран ойрхон” гээд л жонжуулна биз дээ?

-Ай даа, жонжуулна чиг. Галбын говийн ганган улаан тэмээ гэдэг манай нутгийн нэрийн хуудас шүү дээ. Говь Гурвансайханыг тэмээгүйгээр тэмээг Говь Гурвансайхангүйгээр төсөөлөхийн аргагүй. Хөхөртөн дуниартах тэнгэрийн хаяаг алдлан сунайсан үлгэрийн цэнхэр зэргэлээн дундаас тэмээд минь далай шиг л давлагаалж харагддаг сан. Намрын хонгор орой говь нутагт олон ботгоны буйлаан гэдэг найрал хөгжим шиг л эгшиглэнэ шүү дээ. Ингэн тэмээ гэдэг мэлмэрсэн тунгалаг нүдтэй. Манай говийн хүүхнүүд ч тийм нүдтэй л байдаг даа. Тэмээ гэдэг хажиг зожиг хэр нь дассан сурсан хүндээ ээнэгшүү зөөлөн ааштай амьтан. Хүүхэд байхад хүрэн атны нуруун дээр тэлсхийж л явлаа даа. Миний шүлэг найргийг тэмээгүйгээр төсөөлөхийн аргагүй юм даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top