М.Хишиг-Ундрах: Буруу эрхлүүлсэн хүүхэд бусдыг хайрлах сэтгэлгүй өсдөг

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Өсвөр насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, тэдний сэтгэл зүйд гардаг өөрчлөлт болон эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар МУБИС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч Доктор, дэд профессор М.Хишиг-Ундрахтай ярилцлаа.


 

-Өсвөр насны хүүхдийн онцлог, сэтгэл зүйд гардаг өөрчлөлтийн талаар яриагаа эхэлье?

-Өсвөр насныхан гэдэгт ДЭМБ-ын тодорхойлсноор 10-19 хүртэлх насны хүүхэд, залуучуудыг хамруулан эрт, дунд, хожуу үе гэж авч үздэг. Нас нь физиологийн болон сэтгэл зүйн зүй тогтол цогц өөрчлөлтөөр тодорхойлогддог. Өсвөр насанд  бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж, бие махбодид физиологийн  эрс өөрчлөлт гардаг. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй болно. Үе чацуутантайгаа харилцах харилцаа голлоно. Хүүхдийн гэсэн бүхнээс тусгаар байх хүсэл эрмэлзэл бий болж, өөрсдийгөө том хүн болсон гэсэн байр сууринаас ханддаг. Өөрийг нь сайн ойлгох дотны  найз нөхөдтэй болохыг илүүд үздэг.  Танин мэдэхүй болон ерөнхий, тусгай авьяас чадвар эрчимтэй хөгжиж эхэлдэг. Өөрийн зүс царай, гадаад хувцаслалтдаа илүүд анхаарах зэрэг сэтгэл зүйн онцлогуудыг нь эцэг эхчүүд анхаарч харилцах нь чухал байдаг.

-Тэд өөрөө ч мэдэлгүй ойлгомжгүй, ааштай, ууртай болчихдог шүү дээ. Энэ онцлогийн талаар дэлгэрэнгүй  яривал?

-Өсвөр насанд дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал бий болдог нь тэдний өөрийгөө болон бусдыг ойлгох, дүгнэх харилцахад нь эрс өөрчлөлтийг авчирдаг гэж тархи судлаачид үздэг. Энэ үзэгдлийг хүүхдээ гэнэт огцом өөрчлөгдөж байна гэж ойр тойрныхон нь итгэдэг. Мөн өсвөр насанд “Би бол сурагч, найз, эгч, ах, дүү аль эсвэл спорт, урлагийн баг хамтлагийн гишүүн" гэх мэт “Би адилтгалын” олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг. Тодорхой бэрхшээлтэй тулгарсан үедээ хүүхдүүд “Би яагаад байгаагаа мэдэхгүй байна” гэж хэлэх нь олонтаа тохиолддог. Үнэндээ тэд яахаа мэддэггүй. Энэ насны хөвгүүд адал явдалд дуртай бөгөөд өөртөө бие даан үнэлгээ өгөх чадваргүй, өөрийнхөө байр суурийн талаар бусдад ярих чадвар сул байдаг. Өсвөр насны охид хөвгүүдийн оюун ухаан, сэтгэцийн түвшин ижил ч хөвгүүдэд сэтгэлийн дэм, сэтгэхүйн хөгжлийг нь хөхиүлэн дэмжих дэмжлэг, харин охидод дотно зөвлөгөө хэрэгтэй байдаг.

-Гэр бүлийн хүмүүжил өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ. Эцэг эхчүүдийн анхаарах зүйлсийн талаар дурдвал?

-Хүүхэд бол гэр бүлийн үнэт эрдэнэ. Төгс эцэг эх байх боломжгүй ч, сайн эцэг эх байх боломж бий. Хүүхдүүд гэр бүлээсээ үлгэр дуурайл авч, амьдралын үнэ цэнэ, хүмүүжлийг янз бүрийн хэлбэрээр өвлөдөг. Эцэг эхчүүд өөрсдийнхөө гэр бүлийг аль хэв шинжид хамаарч байна, бид хүүхдэдээ хэрхэн, яаж үлгэрлэж байна вэ гэдэгтээ дүгнэлт хийгээсэй гэж бодож байна. Судлаач К. Витек гэр бүлийн харилцааг дөрвөн хэв маягт авч үзсэн байдаг. Нэгдүгээрт, үлгэр жишээч гэр бүлд  эхнэр нөхрийн эв нэгдэл харилцаа сайн, байнга хамт байх хүсэл тэмүүлэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, зарчимч, аз жаргалтай сэтгэл хангалуун байх. Хоёдугаарт, сайн гэр бүлийн хувьд сэтгэл хөдлөлийн ойр дотно байдлаас илүү голлох үнэт зүйл нь үр хүүхэд байдаг. Гуравдугаарт, сэтгэл хөдлөлийн сөрөг илрэлтэй гэр бүлийн гишүүд өөр өөрийн сонирхлоор амьдарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Дөрөвдүгээрт, салахад хүрсэн гэр бүл цаашид хамтран амьдрах хүсэлгүй, сэтгэл зүйн таарамж тогтворгүй болсон байдаг. Хүүхдийн нийгмийн харилцаанд орох анхдагч орчин нь гэр бүл. Маргаангүй гэр бүл гэж үгүй. Гэр бүлийн гишүүд өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх, санаа сэтгэлээ хуваалцах ёстой гэдгийг та мэдэж байх ёстой. Эцэг эхийн аливаа муу зуршил, таагүй харилцаа, элдэв маргаанд хүүхэд өөрийгөө буруутгах нь сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг. Иймээс хүүхдийн хүмүүжлийн эхлэх цэг нь гэр бүлийн дотно дулааан уур амьсгал юм.

-Эцэг, эхчүүд хүүхдээ хэт их эрхлүүлж хайрлуулах нь зөв үү, зарим эцэг эхчүүд жорыг нь тааруулж чадахгүй байх шиг?

-Хайр бол хүүхдэд ус, агаар мэт шаардагдах сэтгэлийн тэжээл юм. Гэхдээ хайрлаж эрхлүүлэхдээ жорыг нь тааруулах хэрэгтэй. Бага насандаа бэрхшээл зовлонг биеэр амссан эцэг эх хүүхдээ сайн сайхан байлгах бүхий л бололцоог бүрдүүлж, хайрлах ёстой гэж зоргонд нь тавьж, ажил хөдөлмөр бүхнээс чөлөөлөх явдал мэр сэр үзэгддэг нь тусгүй юм. Ийм хайр хүүхдийг хэт их хувиа бодсон, цагаан гартан, залхуу хойрго болгох талтай. Хүүхэд том болсон хойноо арчаагүй байдалд орох буюу үе тэнгийнхнийхээ өмнө нүүр улайн намайг багад аав ээж минь юманд сургахгүй даанч  яав хэмээн бодох цаг ирдгийг санах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хайрлаж энхрийлэх нь хүүхдийг эвдэнэ гэсэн ахархан бодлоор аашилж зандрах, шийтгэх нь бий. Эцэг эхийн иймэрхүү хандлага, харилцаа нь хүүхдийг өөрсдөөсөө хөндийрүүлж, хүнлэг бус, нинжин сэтгэлгүй, аливаад хатуу, хүйтэн хандахад хүргэдэг. Сэтгэлийн илч болсон хайраар хүнийг хүмүүжүүлж, ухааруулж эсвэл хөөргөн дэвэргэж, холдуулан гажуудуулж буй “буруу хайр”-ыг судлаачид тогтоосон байдаг. Тухайлбал, ганц хүү эсвэл охин төрлөө, хэнз үр минь, ээж минь эргэж төрсөн юм гэх мэтчилэн хоосон лоозон, уриа дэвшүүлэн түүндээ  уярч эрхлүүлж, хэт дураар нь уярлын хайраар өсгөдөг. Ийм хайранд өссөн хүүхэд бусдаас хайр халамж авахаа л мэдэхээс бусдыг хайрлах нинжин сэтгэлгүй, амиа бодогч болдог. Сайн дүнтэй суралцвал хүсээд байгаа унадаг дугуйг нь авч өгнө, хоолоо идчихээд хүүхэлдэйн киногоо үз гэх мэтээр барьцаалах хайраар хайрласнаар хүүхдэдээ эд материал, их хөрөнгө зарж байвал төдий чинээ хайрлаж байна гэж үздэг эцэг эхчүүдийн хүүхдүүд бэртэгчин бодолтой,  сэтгэлийн нандин холбоог ойлгодоггүй хүн болж төлөвшдөг. Зарим эцэг эхчүүд хүүхдүүүдтэйгээ дээрээс хатуу ширүүн харилцаж дарангуйлах хайраар хайрлаж байна. Хүүхдүүд нь өөрийгөө буруутгасан, өөртөө итгэлгүй, хүлцэнгүй, бусдыг хайрлах энэрэх сэтгэлгүй, ширүүн хахир зантай, бусдад дээрэнгүй харьцдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэцийг гажуудуулахгүйгээр зөв хайрлах нь чухал.

-Хүүхдүүд өсвөр насандаа үерхэл,  нөхөрлөлийн талаар сонирхож шохоорхож эхэлдэг шүү дээ. Энэ тал дээр эцэг эхчүүдэд зөвлөхөд?

-Хүүхдүүд бие биедээ харилцан хүчтэй нөлөө үзүүлэх онцгой хүрээнд үерхэл нөхөрлөл  ихэвчлэн үүснэ, ижил төстэй сонирхол, зан чанарт үндэслэдэг. Үерхэл нь хүүхдүүдийн хэрэгцээг хангана, сэтгэл санааг тайвшруулах, айдас түгшүүрээ даран сэтгэлийн тэнцвэрээ хадгалахад,  өөрийгөө илэрхийлэхэд нь тусална. Юуны өмнө найзаа олж нөхөрлөх их чухал. Нөхрөө буруу сонгосноос уруу татагдан буруутгагдаж, чиглэсэн замаасаа хазайгаад явчихаж мэднэ. Үерхэлдээ ухаалаг хандвал хэрсүүжиж урагш ахин сурлагадаа амжилт гаргаж, шинийг сэдэж, санаачилж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж, ирээдүйгээ зөв шийдвэрлэнэ. Энэ тал дээр аав, ээж нь найз нөхөд шиг нь илэн далангүй нээлттэй ярилцах хэрэгтэй. Хэрэв охин чинь үеийнхээ хөвгүүнтэй үерхэж байвал үерхэл гэдэг нэг нэгнээ таньж мэдэх, дэмжин хөгжүүлэх, танилын хүрээгээ өргөтгөх, оюун мэдлэгээ нэмэх, хүний сэтгэлийг ойлгох, тусалж дэмжих харилцаа гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол юу ч мэдэхгүй охин алдаж эндэж мэднэ шүү.

-Зарим хүүхдүүд найзгүй, ганцаардмал байдаг. Үүндээ ч шаналж, гадуурхагдсан мэдрэмж авдаг байх. Тэдэнд туслахын тулд яах вэ? 

-Таны хүүхэд найз нөхдөөр дутаж эмзэглэж байвал та энэ асуудалд аль болох анхаарлаа түргэн хандуулах хэрэгтэй. Хүүхдэд ганцаардлаа давж гарахад нь туслах эхний хүн бол мэдээж эцэг эх  та шүү дээ. Хүүхдүүдэд өөрийн гэсэн янз бүрийн тулгамдсан асуудлууд байдаг. Үүний нэг нь өсвөр насны хүүхдүүдэд найзаа олох, үерхэл нөхөрлөлд гардаг бэрхшээл. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог болох темперамент зан төлөв, гэр бүлийн зүгээс тавих анхаарал халамж, харилцааны явцад гарсан бэрхшээлүүд, бие бялдар болон оюуны ухааны хөгжил, сэтгэлийн дарамт, өөрийгөө дорд үзэх, хувийн эрүүл ахуй, ганцаараа байхыг хүсэх  зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй. Ганцаараа байх нь муу гэж боддог, энэ нь дандаа тийм байдаггүй. Урлагийн хүмүүс байнга шинэ зүйл туурвих, бодох, аливаа зүйлийг эргэцүүлэн тунгаах, өөрийн асуудлаа шийдэх аргыг олохоор  ганцаараа байхыг хүсдэг. Нөгөө талаас хүнд таагүй мэдрэмж, тусгаарлах, гутранги уйтгартай байдалд хүргэдэг.  Ерөнхийдөө өсвөр үеийнхэн өөртэйгээ адил амьдралтай, ижил сонирхолтой, ёс суртахууны үнэлэмж, боловсролын зорилготой хүнтэй найз болоход бэлэн байдаг. Ямар тохиолдлоос зөрчил, сөргөлдөөн ганцаардал үүсэж байгааг нь ажигла. Тулгарч буй асуудлаар та хүүхэдтэйгээ уян хатан ярилц. Хэдийгээр уйтгар гуниг, ичингүйрэл хэдий байгаа ч та болон таны хүүхэд үүний цаана гарах хэрэгтэй.  Учирсан бэрхшээлээ чөлөөтэй ярихаар зоригжуулж дэмж. Та тэвчээртэй, энэрэнгүй бай. Хүүхдэд үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, нөхөрсөг харилцах боломжийг олго, өөртэй нь сонирхол төстэй ойр дотны найзыг нь сонгож, цагийг хамт өнгөрөөх таатай боломжуудаар ханга, санал болго, хүмүүст өөрийгөө нээж харуулахад нь тусал, найзтайгаа хамт тоглох, найзыгаа гэртээ урихад нь хүүхдээ зоригжуул, мөн найзынх нь эцэг эхтэй холбоо тогтоо. Тэгж байж хүүхэд чинь нээлттэй, аз жаргалтай байх болно.

-Өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан  асуудал нь насан туршийн эмзэг сэдэв болж  үлдэх  үү?

-Манай улсад өсвөр насны хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар судалгааны ажлууд цөөнгүй хийгдсэн. Сүүлд Б.Нацагсүрэн нарын судлаачдын 12-18 насныхныг хамруулсан судалгаагаар сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон амиа хорлох оролдлого хийж үзсэн тохиолдлын эзлэх жин 32-40 хувь байсан. Эдгээр асуудалд нас, хүйс, сурлагын дүн, гэр бүлийн орчин, өөрийн үнэлэмж зэрэг нь эрсдэлтэй хүчин зүйл болж байгааг судлаачид онцолсон байна. Энэ  нь насанд хүрсэн хойноо ч үргэлжлэх эрсдэлтэй. Иймд өсвөр насны хүүхэд рүү чиглэсэн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Ялангуяа ерөнхий боловсрсолын сургуульд сэтгэл зүйч, сэтгэл зүйн алба ажиллуулах, сэтгэл судлаачийн ажлын байрны хэрэгцээ чухал байна.

-Хүүхдийн өөртөө итгэлгүй, дотогшоо байдлыг хэрхэн засаж өөрчлөх боломжтой вэ?

-Итгэл бол шударга ариун ёс журамд тулгуурласан хүний өөрийнх нь хүнд хандах хүндэтгэлийн илрэл юм. Хүүхдийн өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэл нь хүрээлэн буй орчноос шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Амьдралын гачигдал, хайхрамжгүй эцэг эх, архидан согтууралт эсвэл эцэг эх хүүхдийн хоорондын зөрчил, зөрөлдөөн зэрэг нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг. Өөртөө итгэлгүй байдал нь үе тэнгийнхнийгээ аялдан дагалдах, өмгөөлөл хамгаалал эрэх, бусдыг дуурайх, хожим амьдрал дэээр ч сул дорой байдалдаа зохицон амьдрахад хүргэдэг. Хүүхдийг өөртөө итгэлтэй болгон төлөвшүүлэхийн тулд  хүүхэд өөрийн болон ирээдүйнхээ аюулгүй байдлын талаар мэдрэмжтэй байх, гэр бүл, хамт олон,  найз нөхөд гээд хүмүүсээр хайрлуулж, хүлээн зөвшөөрүүлж байгаагаа мэдрэх, зорилготой, өөрийн амжилтаараа бахархах, амьдралдаа тохиолдох асуудал бүрт өөртөө итгэх итгэлээ мэдэрч байх нь чухал. Тиймээс аав, ээж нь хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, юу сонирхож байна түүнийг нь хөгжүүлж нийгэмд идэвхтэй хүн болгох хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 11

Буруу эрхэлж өссөн хүшхэд өтлөхөөрөө буруу срнголт хийдэг. Ардчилсан нийгэмд коммунистуудыг сонгож тэнэгтдэг.

0  |  0
М(202.21.107.119) 2021 оны 06 сарын 24

Сайхан зөвлөгөө байна, гялайлаа

2  |  0
Top