БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга С.Нансалмаатай боловсролын салбарын цахим шилжилт, үүн дотроо төсвийн цахим шилжилт хийж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Төсвийн үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлснээр сурагч, эцэг эхчүүд илүү хялбар үйлчилгээ авч, сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарын ажлын ачааллыг хэд дахин хөнгөвчлөх, үйл ажиллагааны зардлыг хэмнэх давуу талтай болох аж. Тиймээс Монгол Улсын хэмжээнд анх удаа “Цахим төсвийн систем”-ийг боловсролын салбарт буюу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нэвтрүүлж эхэлжээ.
-Төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, шуурхай үйлчилгээ үзүүлдэг болохын тулд Засгийн газраас зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын боловсролын салбарт анх удаа “Төсвийн цахим шилжилт” хийж эхэллээ. Төсвийн цахим шилжилтийг ямар үе шатаар яаж хийх вэ?
-Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд төсвийг төлөвлөх буюу ирэх жилийн төсвийн санал боловсруулах ажлыг цахимд нэвтрүүлж эхэллээ. Энэ жилийн төсвийн төслийг наймдугаар сарын 15-нд боловсруулснаар төсвийн системийн эхний үр дүн бэлэн болно. Төсвийн үйл явцыг цогцоор нь цахимжуулах үйл явц өргөн хүрээтэй, төрийн байгууллагуудын хамтын нэгдмэл үйл ажиллагаатай шууд хамааралтай явагдаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны хувьд Сангийн яамтай хамтран төсвийн төлөвлөлтийн систем дээр суурилан батлагдсан төсвийг нэгж байгууллагуудад хуваарилах, хуваарийг батлуулах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хянах зэрэг бүх шатанд цахим үйл ажиллагааг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Санхүүгийн үр ашгийг нь олон нийт, эцэг эхийн оролцоотой тогтмол хянахаар бэлтгэсэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын төсвийг бүх түвшинд ил тод шилэн болгоно. Урт хугацаандаа нэг хүүхдэд олгож буй санхүүжилтийг эцэг эхийн оролцоо, хүүхдийн ирц, сурлагын амжилттай уялдуулан улирал, сараар олгодог байхаар системийг хөгжүүлэхийг зорьж байна.
-Яваандаа төсвийн саналыг боловсруулж, нэгтгэх, хянах, зарцуулах үйл явц тэр чигээрээ цахимжих юм байна. Системийг хэрэглэхэд хэр хялбар байх вэ?
-Төсвийн саналыг боловсруулах, хүлээн авах, хянан нэгтгэх, баталгаажуулан илгээх бүх үе шат цахим системд орох юм. Сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч, удирдлагын баг гээд бүх талын оролцоог хангах, тэднээс төсвийн төслийн үйл явцад оролцох боломжтой. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдалд төрийн болон хувийн байгууллагууд нэг ажлыг цахимаар хамтран хийж байгаа туршлага олон байна. Үүний нэг адил сургууль, цэцэрлэг төсвийн төслийн тооцоо хийхээсээ эхлээд боловсруулалт, танилцуулга, албан бичиг, бусад холбогдох бичиг баримтаа бүгдийг цахимаар оруулж, дээд шатны байгууллага руугаа илгээх, аймаг, нийслэл дүүрэгт хянах, орон нутгийнхаа байгууллагыг нэгтгэх, яамдууд хянах, буцаах, нэгтгэх үйл явц энэхүү систем дээр суурилан цахимаар явагдана гэсэн үг. Нэг талаас сумын сургууль, цэцэрлэг төсвийн төслөө боловсруулахад орон нутгийн болоод яамны холбогдох байгууллагууд хяналт тавьж, мэдээлэл авч, арга зүйн зөвлөгөө өгч байх бололцоотой. Нөгөө талаас тухайн байгууллага өөрийн боловсруулж илгээсэн төсвийн саналаа хаана, ямар байгууллагад хэрхэн хянагдаж байгааг мэдэх боломжтой. Цаасаар төсвийн төслийг хийж байх үед энэ төрлийн харилцан мэдээлэл солилцох урсгал тийм ч нээлттэй байгаагүй.
-Цахим системд шилжих нь боловсролын салбарынхан төдийгүй иргэдэд ямар ач холбогдолтой вэ?
-Цахим систем нь төсвийн төсөл боловсруулж байгаа ажилтнуудын томилолт, цаас хорны зардлыг хэмнэхээс эхлээд тухайн хүмүүсийн ажлын ачааллыг бууруулж байгаа. Өмнөх жилүүдэд цаасаар болон excel файлаар хийж байхад тулгарч байсан олон бэрхшээлийг шийдэж байна. Улсын хэмжээнд ажиллаж байгаа 2500 гаруй нягтлангийн техник үйл ажиллагааг хөнгөвчилж, тооцооллоо хийхдээ ашигладаг боловсролын салбарын статистик мэдээлэл болох хүүхдийн тоо, бүлгийн тоо, багш ажилтны хүний нөөцийн мэдээллийг хэд дахин хуулж, засаж цэгцлэх, өөр өөр загвараар боловсруулдаг байсан төвөгтэй асуудлыг хална. Цахим системд орсноор хүний нөөцийн болон боловсролын салбарын тоон мэдээллүүд төрийн байгууллагуудын цахим мэдээлэлд (Боловсролын мэдээллийн систем, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам) баталгаажсан байдлаар автоматаар төсвийн саналд нь орсон байх юм.
Жишээлбэл, боловсролын салбараас жилдээ 3000-4000 хүн тэтгэвэрт гарсны болон хөдөө, орон нутагт ажилласны тэтгэмжид гардаг. Эдгээр багш ажилтны өргөдөл, хүсэлт гээд олон хуудас архивын баримт бичиг үрэгдэх, дутах, олон дахин хэвлэх, зөөх зэргээр ажил хийж байгаа хүндээ багагүй хүндрэл учруулдаг байсан. Одоо цахим системдээ энэ бүх бичиг цаасыг бүрдүүлснээр хадгалалтын найдвартай байдлыг хангах, багш ажилтнаас өргөдөл хүлээн авахад маш хялбар болно. Түүнчлэн өмнө нь файлаар хийсэн төсвийн төслөө Сангийн яамны төлөвлөлтийн программд хэд дахин шивж илгээдэг ажил орон нутаг болон яамны хувьд хийдэг байсан бол одоо шууд импортлоод оруулах тул ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлэх юм. Ер нь цахим систем нь улсын хэмжээнд хэд дахин үйлдэгдэж, хуулж бичиж байсан үйлдлийг үгүй болгож байна. Энэ мэт төрийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр олон давуу талыг бий болгож байгаа.
-Өмнө нь төсвийн төслийг цаасаар боловсруулах явцад сургууль, цэцэрлэгийн санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нарт ачаалал их ирдэг байжээ. Тиймээс ч цахим шилжилтийг сургууль, цэцэрлэгээс эхлүүлсэн байх?
-Өмнө нь төсвийн төслийг нягтлан бодогч компьютер дээрээ хийдэг учраас төсөлд саналаа өгөх, хянах оролцох боломжгүй байсан. Цахим болсноор тухайн сургууль, цэцэрлэгийн эцэг эх, иргэд, орон нутгийн төрийн бус байгууллагууд төсвийн санал боловсруулах явцад суралцагчдын эрх ашиг, сурлагын амжилтад чиглэсэн санал хүсэлтээ тусгах боломжтой. Түүнчлэн зөвхөн улсын төсвөөс авах санхүүжилт төдийгүй тухайн сургуулийн бүтэц, хэв шинж, иргэд, төрийн бус байгууллагуудын хандив тусламжийн саналаа ч оруулж болно. Сургууль, цэцэрлэгийн санхүүгийн бие даасан байдлыг хангах, хариуцлага, оролцооны хэрэгсэл болох юм. Ер нь цахим төсвийн төсөл бүх шатанд нэвтэрснээр эцэг эх, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан чухал алхам болж байгаа.
-Төсвийн зарцуулалт нээлттэй болох юм байна. Боловсролын салбарын жилийн төсөв ямар байдаг хэрхэн хуваарилдаг билээ?
-Боловсролын салбар Монгол Улсын орлогын зургаан төгрөгийн нэгийг зарцуулж байгаа. Боловсролын салбарын төсөв нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарна. 2021 онд 1.7 их наяд төгрөгийн төсөв батлагдсан. Энэ батлагдсан төсвийн 80 гаруй хувийг салбарын 2583 байгууллагын жилийн хугацааны цалин хөлс, үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Үлдсэн 20 хувь нь шинээр сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих, их засвар хийх, салбарын байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зэрэг зардалд зарцуулагдаж байна. Төсвийн 80 хувийг эзэлж байгаа 1.4 их наяд төгрөгийн 1.1 их наяд төгрөг нь улсын хэмжээнд байгаа нийт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал, багш ажилтнуудын цалингийн санд ордог. Засаг дарга нарт Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлүүлэн хэрэгжүүлэх гэрээний дагуу эрх шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн 65 хувийг орон нутгийн Засаг дарга нар хуваарилж, сургууль цэцэрлэгүүдэд зарцуулдаг. Тиймээс бид цахим шилжилтийг сургууль, цэцэрлэгээсээ эхлүүлээд байна.
-Төсвийн төлөвлөлт оновчтой болж, хэмнэлт гарах уу?
-Тийм ээ. Боловсролын салбарыг үр дүнд чиглэсэн, сурлагын амжилтад суурилсан төлөвлөлтөд чиглүүлэх нь төсвийн төлөвлөлтийг оновчтой хийх суурь болно. Бид зөвхөн энэ жилийн төсвийн төлөвлөлтийн хэмнэлтийг тооцоход хоёр сарын хугацааны үйл ажиллагаанаас нэг тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарахаар байна. Энэ нь 2500 гаруй нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын ажлын үр дүн, бүтээмж өссөн, бичиг цаас, хор хэвлэлийн зардал болон орон нутаг дотроо болон Улаанбаатар хот руу багадаа нэг удаа явах томилолтын зардлаас хэмнэгдэнэ. Цахим шилжилт хийснээр мөнгөөр тооцохгүй давуу талууд ч гарна. Жишээлбэл, албан хаагчдын ажлын ачаалал буурснаар сэтгэл ханамж, ажлын бүтээмж, томилолтоор олон хоногоор явахад гарах эрсдэл, хувь хүний зардлаас гадна бидний өнөөдөр огт тооцдоггүй сэтгэл зүйн хувьд өөдрөг, ажилдаа сэтгэл хангалуун байх гээд олон зүйлийг тоочих боломжтой. Мөн аливаа шинэ зүйл ялангуяа цахим шилжилт нь холбогдох хүний нөөцийг тогтмол шинийг суралцагч болгон, чадавхжуулах нэг хөшүүрэг болно.
-Зөвхөн энэ жилийн төсвийн төлөвлөлт дээр хоёр сарын үйл ажиллагаанаас нэг тэрбум орчим төгрөг хэмнэхээр байна гэлээ. Хэмнэсэн мөнгөө юунд зарцуулж болох вэ?
-Энэ удаагийн цахим шилжилтээс үүсэх хэмнэлтийг төсвийн шинэчлэлээ нэвтрүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Цахим системийг төсвийн бүх үе шатанд хэрэгжүүлэхэд төсөв хэмнэхээс илүү төсвийг үр ашигтай зарцуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Төсөв нээлттэй ил тод цахим болсноор төсвийн шинэчлэл хэрэгжиж, зарцуулж байгаа бүх мөнгө хүүхдэд чиглэн зарцуулах үндэс болно.
-Цаашдаа боловсролын салбарт ямар цахим шилжилт хийх вэ. Бусад салбарт бас туршлага болж байна шүү дээ?
-Төсвийг төлөвлөхөөс гадна батлах, хуваарилах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хянах бүх үе шатанд бусад төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр ажлыг төлөвлөж байна. Боловсролын салбарт төсөв санхүүгийн төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, төгсөлт, боловсролын баримт бичиг олголт, тодорхойлолт, гадаадын тэтгэлгийн сонгон шалгаруулалт, сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл олгох зэрэг боловсролын үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, иргэд, олон нийтэд цаг хугацаа, санхүүгийн хэмнэлтийг бий болгохыг яамнаас зорьж байгаа. Цахим төсвийн төслийн систем нь Монгол Улсын хэмжээнд хийж байгаа анхны туршилт юм. Мэдээж бусад бүх салбарт эхний сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Улсын төсвийн бусад салбаруудтай харьцуулахад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нь хамгийн олон тооцоололтой төсөв тооцдог салбар. Тиймээс сурлагын амжилт, хүүхэд, бүлгийн тоотой холбоотой салбарын онцлог бүхий хэсгийг хасахад төрийн үйлчилгээний бусад байгууллагын төсвийн тооцооллын суурь болгон хөгжүүлэх боломжтой нь том боломж. Нэгэнт хийсэн зүйлийг хөгжүүлэх нь анх хийхээс амар байдаг тул бусад салбарын хувьд цахим шилжилтийн эхний алхам нь хийгдэж байна гэж бодож байна.
-Цахим шилжилт хийхэд бэрхшээл тулгарч байна уу?
-Шинээр хийж байгаа цахим үйл ажиллагаа бүрийн хувьд тодорхой хэмжээний бэрхшээл байдаг. Гэхдээ бидэнд нэг давуу тал байсан нь боловсролын салбарын мэдээллийн систем юм. Энэхүү систем дээр салбарын төсвийн тооцоолол, үр ашгийг тооцох тоон болон чанарын мэдээлэл байгаа нь төсвийн цахим шилжилтийг хийхэд давуу тал болсон. Төрийн цахим үйлчилгээг хувийн мэргэжлийн байгууллагаар захиалж, өндөр өртгөөр программ бичүүлж боловсруулдаг. Тэгвэл цахим төсвийн төсөл системийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын хамт олон болон Сангийн яам, Боловсролын мэдээлэл технологийн төвтэй хамтран хийсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид бие даан цахим системээ боловсруулж байгаа нь сайн туршлага боллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )