“Баянзам тээвэрчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтэй нүүрс тээврийн асуудлаар ярилцлаа
-Нүүрсний экспортын гол гарц Гашуунсухайт боомтын тээвэр гацсан, жолооч нараас КОВИД-19 халдвар илрээд байна. Коронавирусний халдварын нөхцөл байдал болон нүүрс тээврийн үйл ажиллагаа одоогоор ямар байна вэ?
-Албаны эх сурвалжийн мэдээллээр Гашуунсухайт дээр нөхцөл байдал хүндэрсэн гэж ярьж байгаа. Бидний хувьд “Голомтын халдвар нэгэнт тархсан, алдагдсан юм байна” гэж үзэж байна. Үүнийг олон эх сурвалж баталсан. Ногоон бүс рүү нэвтрэх эрхгүй тээврийн жолооч нар хулгайгаар шинжилгээгүй нэвтэрч орсноос болоод Цагаанхад дээр коронавирусний халдвар гарсан. Гашуунсухайт боомтын хувьд нэг улирал шахуу хэрэгжиж байгаа үйл явц гэвэл Монголын талд эхлээд шинжилгээ өгнө, дараа нь Хятадын талд очоод давхар шинжилгээ өгч байгаа. Хятадын талд PCR шинжилгээ өгдөг бол манай тал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг. Хилээр гарч шинжилгээ өгөхдөө эхэлж автобусаар гардаг. Шинжилгээний хариу зүгээр гарсны дараа машинаа барьж ордог. Энэ үйл явц дунд гааль, авто тээвэр, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд хяналт тавьж оролцдог. Тээвэрчдээс ирүүлж байгаа гомдол гэвэл “Эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй, хяналт маш сул байна” гэдгийг их хэлж байна л даа.
-Монголдоо түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд, Хятадад очоод PCR өгөхөөр эерэг гараад байгаа юм байна. Анх хэзээ КОВИД-19 гараад, хэдэн хүн халдвар авсан бэ?
-Анхны тохиолдол дөрөвдүгээр сард Оюутолгойн нэг жолоочоос сэжигтэй тохиолдол илэрснээс батлагдсан. Үүнээс хойш манай талаас БНХАУ улс руу машинаар нэвтэрсэн тээврийн жолооч нараас батлагдсан тохиолдол дөрөв болчихлоо. Сүүлийн өдрүүдэд ойрхон хугацаанд энэ дөрвөн жолооч эерэг гарсан. Манай улсын тээврийн жолооч нараас КОВИД-19 илрэхэд Хятадын талаас хилээ эхний гурав хоногт хаадаг. Дүгнэлт хийж байгаад хилээ үргэлжлүүлэн хаах эсэхээ шийддэг юм. Гэтэл Монголын талаас 1900 гаруй машин ачаатайгаар хил дээр дарааллаа хүлээж байна. Өдөрт 50 машин хилээр гарах боломжтой гэхээр 40 хоногт эдгээр машин гарч дуусна. Энэ хэвээр байвал араас нь нүүрс ачаад ч хэрэггүй болж байгаа юм. 1900 гаруй машины жолооч ажилгүй, хийх юмгүй хил дээр дарааллаа хүлээж байгаа учир тэр хүлээлгийн хугацаанд жолооч нарын аж амьдрал үнэхээр хэцүүдлээ.
-Тусгаарлах байрны нөхцөл байдал хэр байгаа вэ?
-Тусгаарлах байрны нөхцөлийн талаар мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг бид авч чадаагүй байна. Бодитоороо бол Цагаанхад цахилгаан, дэд бүтэцгүй гэдэг утгаараа маш хүнд нөхцөлд тусгаарлагдаж байгаа. Сэндвичэн байрны нэг өрөөнд ор, хөнжилтэйгээ л тусгаарлагдана. Нүүр гараа угаахад ч хүндрэлтэй, дээр нь хөрсний асуудал, тоос шорооны асуудал үнэхээр хүнд. Тийм болохоор дэд бүтэцгүй Цагаанхад дээр тусгаарлахыг болих хэрэгтэй гэж бид үзэж байгаа.
-Нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл байдлыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хамгийн эхэнд гааль, авто тээврийн газар, Зам тээврийн яам, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын газар гээд 10-аад төрийн байгууллага нүүрс тээвэрт оролцож байна. Эдгээр байгууллага хоорондоо уялдаатай ажиллах ёстой. Анхнаасаа зөв шийдвэр гаргах ёстой. Тус тусдаа шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Хоёрдугаарт, тээвэрчдийн нөхцлийг сайжруулахын тулд компани, аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Жолооч бүрээ мэддэг, анхаарал тавьдаг, анхаарч чадаагүй бол хариуцлага хүлээдэг баймаар байна. Нэг жолоочийн цалинг өгөхгүй байхад л тэр хүнд, ар гэрт нь ямар хэцүү байх билээ. Энэ бүхнийг бодож хариуцлагын тогтолцоонд ороогүйгээс тээврийн компаниуд жолооч нараа тийм сайн хамгаалж чадахгүй байна. Тээврийн компани нь ч, жолооч нар ч санхүүгийн гүн хямралд орсон, орлого тасарсан. Энэ нь бүх ахуй нөхцөл, тээвэр ажил, амьдрал орчинд сөргөөр нөлөөлж байгаад яаралтай анхаарах ёстой.
-Нүүрс тээвэр хэвийн үедээ ямар байв?
-Хэвийн үед өдөрт хамгийн багадаа 800 машин, дээшээ 1200 машин хилээр гардаг, тээвэр хийдэг байсан. Ийм үед нэг жолооч долоо хоногт нэг удаа тээвэр хийгээд, сард дөрвөн рейс хийж тэр хэрээрээ цалинждаг байсан. Тэгвэл одоо 25 хонож байж нэг рейс хийж, хоёр сая төгрөг авч байна. Энэ хооронд нэг сая гаруй төгрөгөө хэрэглээндээ зарцуулчихаар монголчуудын хувьд ашиггүй тээвэр болж эхэллээ.
-1900 гаруй жолооч, тэдний гэр бүлийн хувьд байдал үнэхээр хүнд байна. Жолооч нараас болон гэр бүлээс нь гомдол саналаа их хэлж байна уу?
-Тээвэрчдийн гэргий нарын холбоогоор дамжиж ирж байгаа саналуудыг харахад “Манай нөхөр ажилгүй сул зогссон. Гэтэл гэр лүү нь буцаах ч үгүй, цааш хилээр гаргах ч үгүй байж байдаг. Үүнийг нэг тийш болгомоор байна” гэсэн саналыг их хэллээ. Өмнө нь ихэнх гомдол санал цалин нэмэх тухай байсан. Харин одоо “Нэгэнт цалин авахгүй учраас халдвар хамгааллыг сахиад гэр оронд нь ирүүлж өгөөч” гэдгийг жолооч нарын гэр бүлийнхэн хэлж байна.
-Жолооч нар гэртээ харилгүй хэдэн сар болж байна вэ?
-Богино тээвэр буюу улс хоорондын тээвэр хийж байгаа жолооч нарын “С” зөвшөөрөл улирлаар гардаг. “С” зөвшөөрлийн нэр нэг машин дээр гарч байгаагаас жолооч нар ээлж солих боломжгүй болж нэг жолооч багадаа нэг улирлаас хагас жилийн хугацаанд гэртээ харьж чадахгүй, машиндаа амьдарч байна.
-КОВИД-19 халдвар нүүрс тээврийн тарифд нөлөөлсөн үү?
-Тээврийн тариф зах зээлээ дагадаг. Богино тээвэр хүндрээд ирэхээр Хятадаас жолооч нарын цалинг өсгөж эхэлдэг. Гэсэн ч рейс хоорондын хүлээлт урт 20-иос дээш хоногт орохоор цалин нэмэгдсэн ч ялгаагүй, бүр нэрмээс болчихдог.
-Монголдоо түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгааг Тээвэрчдийн холбоо болон жолооч нарын зүгээс хэрхэн дүгнэх юм?
-Бүх жолоочийг PCR шинжилгээнд хамруулах хүсэлтэй байна. Түргэвчилсэн шинжилгээ хамгийн анхных нь. Энэ шинжилгээнд Хятад улс эргэлзэхээс аргагүй. Манай улс ч өөрсдөө эргэлздэг. Мөн вакцины хоёр тун хийлгэсэн байхад яагаад халдвар гараад байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Хоёр тун баталгаа мөн үү. Биш бол Хятадын талд бид ямар баталгаа үзүүлэх вэ. Шинжилгээгээ яаж илүү сайжруулж байж итгүүлэх вэ гэдгийг төр, засаг зөв ойлгох хэрэгтэй. Бидэнд ч хариулт хэрэгтэй байна.
-Мэдээж Хятадын талаас халдвартай жолооч хилээр нэвтрүүлэхийг хүсэхгүй байх?
-Бидний авч байгаа мэдээллээр худалдан авагч тал нүүрс авахыг хүсэж байна. Цагаанхад дээр 9.5 сая тонн нүүрс боогдоод байна. Нөгөө талд зарах ханш нь өдөр бүр өсөж байна. Ингэж үнэ өссөн үед нүүрсээ гаргаж чадахгүй байна. Хятадын талын ганц шаардлага нь халдвар хамгаалал шүү дээ. Хятадын талаас нүүрсний төлөө дахиж халдварт өртөх, алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
-Манай Засгийн газраас нүүрс тээврийн үйл ажиллагаанд яаж анхаардаг вэ. Ажлын хэсгүүд очиж ажилладаг шүү дээ?
-Манай Засгийн газраас анхаарч байгаа, байнга очиж ажилладаг. Гэхдээ ганц зүйлээ буруу хийж байна. Бодит мэдээлэл хийхгүй, дүгнэлт гаргахгүй байна. Хийсвэр тайлангийн мэдээнд үндэслэж маш богинохон хугацаанд зочлох маягаар очоод буцдаг. 10 хоног ажиллаж мэдэх бол 10-хан цаг ажиллаад өнгөц харсан шийдвэр гаргаж байгаа нь үр дүнгүй юм.
-Өдөрт 50 машин гарч байгаа гэхээр нүүрс тээвэр бараг л зогсжээ. Улсад, жолооч нарт ихээхэн хохирол учруулж байгаа байх?
-Нүүрс тээвэр явахгүй, хил бүрэн хаачихвал эдийн засагт хохиролтой. Гэхдээ 50 машин гарсан, гараагүй бараг ялгаа байгаа юу. Манай жолооч нарын 80 хувь нь нэг сар үйл ажиллагаагаа зогсооё, хаая гэсэн бодолтой байна. Ажилласан ажиллаагүйн хооронд байж байхаар гэртээ харихыг хүсэж байгаа.
-“Ногоон бүсийн түр үнэмлэх”-ийг хэнд олгож байгаа вэ. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэсэн үг үү?
-Цагаанхад дээр цайны газар, дэлгүүр ажиллуулж, таксины үйлчилгээ эрхэлж байгаа гээд тээвэрчдийг дагаж орлого олдог суурин амьдардаг иргэд 1500-2000 байдаг. Орж гарч байгаа хүмүүстэйгээ нийлээд 3000 хол давсан иргэд тэнд үйлчилгээ эрхэлж амьдарч байна. Тиймээс хяналттай байлгахын тулд сумын онцгой комиссоос “Ногоон бүсийн түр үнэмлэх” гэж олгосон. Гэтэл энэ үнэмлэх нь зураг ч байхгүй, ямар нэг газар уншиж шалгуулах боломжгүй. Бие биедээ дамжуулаад хэрэглээд явдаг. Энэ бол хяналт биш. Тэдгээр иргэн хамгийн их харилцаа үүсгэдэг. Жолооч нарт хоол өгдөг, ус ундаа зардаг. Тийм учраас халдварын тээгч байх магадлалтай энэ хүмүүсийг QR кодоор зорчуулах гэдэг ч юм уу хяналт хэрэгтэй байна.
-Оюутолгойн баяжмал болохоор хэвийн гарч байгаа гэлээ. Халдвар хамгааллын дэглэм сайн мөрдөгдөж байгаагийнх уу?
-Нэг талаас Оюутолгой өндөржүүлсэн нөхцөл сайтай байж болно. Гэхдээ Өмнөговьд хилээр гарах бүх тээврийн жолооч адилхан түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа. Оюутолгойн тээврийн хувьд тоо хасагдахгүй, хязгаарлалтад орохгүй явж байна.
-Цагаанхад сууринд “Улаан бүс” бий болгоё гэсэн шаардлагыг төр засагт тавьж байна шүү дээ. Шаардлагын агуулгыг товчхон хэлэхгүй юу?
-Өмнө нь 10-аад ажлын хэсэг ирсэн ч үр дүн гарсангүй, бүр дордлоо. Тийм учраас энэ байгаа нөхцөлд шийдвэр гаргаж болохгүй. Тэртээ тэргүй БНХАУ-аас Цагаанхадыг улаан бүс гэж харж байгаа тул дотооддоо “Улаан бүс” гээд зарлая. Засгийн газраас улаан бүсэд авах шаардлагатай арга хэмжээ, ажлуудаа төлөвлөж, Ажлын хэсэг гаргаад 30 хоног тогтвортой Цагаанхад дээр ажиллуулна уу. PCR шинжилгээ өгдөг болгож, найдвартай халдваргүй хүмүүсийг гэрт нь хариулж, зөвхөн ажиллах шаардлагатай хүмүүсийг үлдээе. Дараа нь эндээс буцсан хүмүүсийн эргэж ирэх журам нөхцлийг нь тодорхой болгож өгөөч гэсэн хоёр асуудлыг нэн даруй шийдэж, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байна.
-Өмнө нь 10-аад ажлын хэсэг ирж ажилласан гэсэн. Ажлын хэсгүүд хэдий хугацаанд солигдсон юм бэ?
-Байнгын ажиллагаатай хоёр ажлын хэсэг Зам тээврийн яам, Онцгой комисс дээр байна. Нэмээд тухайн цаг үеэс шалтгаалж нэг ажлын хэсэг, нэг сайд очдог. Энэ давтамжийг бид тоолж үзэхэд 1.6 жилийн хугацаанд 10-аад ажлын хэсэг очсон байна. Гэсэн ч үр дүн муутай байгаа нь ажил биш айлчлал мэт боллоо.
-“Баянзам тээвэрчдийн холбоо” нийт хэдэн гишүүнтэй вэ. Цар тахал танай үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-“Баянзам тээвэрчдийн холбоо” гурван жил болж байна. Манай үйл ажиллагаанд хамрагддаг 6700 тээвэрчин байдаг. Тээвэрчдийн гэргий нарын холбоо, Тээвэрчдийн зөвлөл, Үйлдвэрчний хороо гээд гурван салбар байгууллагаар 11 мянга орчим тээвэрчин жолооч манай бүх судалгаанд хамрагдаж, зохион байгуулалтад оролцдог. Тавантолгой-Чойрын чиглэлд нүүрсний экспорт хаагдсан нөхцөлд дотоодын тээврийг Зам тээврийн яамтай хамтран явуулж байна. Уртын тээврийн 1000 орчим жолоочийг тээвэртэй байлгадаг. Монголд явж байгаа цорын ганц дотоодын экспортын тээвэр Тавантолгой-Чойр шүү дээ. Тээврийн үйл ажиллагааг төр гурван удаа түр хаасан. Дөрөв дэх удаагаа үйл ажиллагаа нээгдээд явж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Орчин үеийн тээврийн хэрэгслээр 13- р зууны аргаар тээвэрлэлт хийдгээ болимоор юм. Ачлага уналга муутай айл ойр зуур нүүхдээ зөөвөр тавиад увж цуваад нэг нүүдэг шиг. Цагаан хад гэдэг зөөвөр тавидаг газраа нэг бол болиул ,эсвэл цахилгааны сүлжээнд холбо.