Бэлчээрээ тордох уу, бэлчээх малаа цөөлөх үү!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжсөн малчид өнөөдрийг хүртэл нутаг буцаагүй нь бэлчээрийн хэрүүлийг улам ихэсгэж байгааг орон нутгаас бидэнд мэдээлэв. Тодотговол Дорноговь аймгийн нутагт өвөлжиж, хаваржсан малчид нутагт нь бороо хур орж, цаг дэлгэрээгүй учраас тус аймгийн нутагт зусаж байна. Мөнхүү Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Дархан сумын нутагт өвөлжиж хаваржсан Өвөрхангай аймгийн малчид ч зуны эхэн сар гаргаж нүүсэн нь маргаан дэгдээж байгаа аж. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага бий. Бэлчээрийн тухай сайн хуультай болох, ингэхдээ төлбөртэй байх уу, өөр аймгийн газар нутагт отроор явахдаа ямар зарчим барих юм гээд олон асуудал байгааг малчид дуулгасаар байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Галшар сумын хоёрдугаар багийн малчин Б.Алтансүх хэлэхдээ “Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай сумын нутагт Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан сумаас айлууд нүүж ирээд өнтэй сайхан өвөлжсөн. Монгол ёс заншил, жудгаа бодоод манай сумынхан ч найр тавин өвөлжүүлтэл, тэд хаваржиж малаа төллүүлсэн, өнөөдөр ч нутагтаа бороо хур ороогүй гээд явсангүй. Хаврын тарчиг цагт ишиг, хурганы бэлчээр хүртэл талхалаад зуны дунд сар гарчихсан байхад нүүгээгүй л байна. Сүүлийн хэдэн жилд ийм асуудал үүсэх боллоо. Өвөрхангай аймгаас хүртэл айлууд ирсэн. Бэлчээрийг зохицуулах асуудал юу юунаас чухал болоод байна” хэмээсэн юм.

Тэгэхээр уламжлалт нүүдлийн мал аж ахуй, суурин амьдралын хэв маяг гэсэн хоёр өөр хэв шинжэй болж байгаа ч нүүдэлчин монголчууд бид бэлчээрийн зөв зохистой хуваарилалт маш чухал болж байгааг харуулсан хэрэг. Бид л өнөөдөр нэг сая 566 мянган километр квадрат уудам нутагтай, нэг хүнд ногдох газар нутаг, малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг хэмээн цээжээ дэлддэг ч 70 орчим сая малаа бэлчээх газаргүй болж байгаа аж. Малын тоо толгойг цөөлж, чанаржуулах асуудал ч бий. Бэлчээр усаа тордох асуудал ч бий.

Монгол Улсын нийт газар нутгийн 88.2 хувь буюу 140.5 сая га-г байгалийн бэлчээр эзэлдэг гэдэг. Бид уул уурхай гээд хараагаад байгаа болохоос бус уул уурхайн олборолт явуулж байгаа газар нутаг бол өчүүхэн хэсэгт бий. Харин уул уурхайгаас илүү халтай гэж үзэх тариалангийн бүс нутаг нэлээд хэсгийг хамаарна. Яахав, хадлангийн газар хоёр сая га-г хамардаг аж. Харин улсын хэмжээнд 9.4 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1666, хайгуулын 1139  тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Энэ бол 2020 оны статистик мэдээлэл. Бэлчээр сүйдэх олон шалтгаан бий. Тухайлбал, байгаль цаг уурын өөрчлөлт, хур тундасны хомсдол, бэлчээр нутгийн зохисгүй ашиглалт, малын тоо толгой нэмэгдэх, сүргийн бүтцийн харьцаа алдагдсан зэрэг нь цөлжилт, бэлчээрийн хомсдол үүсэхэд хүргэж байгаа юм. Бид эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайгаа ч ашиглах ёстой, тариалангийн бүс нутгаа ч хөгжүүлэх ёстой, хадлангаа ч авах ёстой, мал сүргээ ч адуулах ёстой. Гагцхүү эрх зүйн маш сайн зохицуулалт хэрэгтэй. Нийт нутгаар бэлчээрийн даац хэтэрсэнээр малын хөлд идэгдсэн ургамлын гарц буурах, ашиг шимт төрөл зүйлийн тоо багасахын хирээр жилээс жилд отор нүүдэл хийх малчдын тоо нэмэгдсээр байна. Бэлчээр бол малчдын мал сүргээ өсгөн үржүүлэхэд чухал үүрэгтэй амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл бэлчээрийг хайр гамгүй ашиглаж байгаа нь байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжийг олгохгүй байна. Өнгөрөгч 2020-2021 оны өвөл, хавар 30 орчим мянган өрхийн 20 гаруй сая мал отроор өвөлжиж хаваржсан аж. Ингэхээр бид бэлчээрээ хамгаалж тордох уу, бэлчих малаа цөөлөх үү гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөж байна.

Тэгвэл Дорноговь аймгийн Иххэтийн сумын малчин М.Үнэнбаатар “Өнгөрсөн өвөл манай нутагт өнтэй сайхан өвөлжиж, Өвөрхангай, Дундговь аймгаас цөөн тооны айл отроор өвөлжлөө. Гэтэл өнөөдөр зуны дунд сар гараад байхад эргэж нүүгээгүй л байна. Энэ айлууд чинь цөөдөхгүй, мал олонтой болохоор бэлчээр хүрэлцэхээ болилоо. Манай сум ч малын тоо толгойгоор цөөнгүй, ган гачиг нүүрлэж байсан нутгаар бэлчээрийн гарц тааруу болдог юм байна. Гэтэл өөрсдийнхөө малын бэлчээрийг яая гэж байхад өөр нутгийнхан ирж шаваад амаргүй байна. Ерөөсөө ерээд оны сүүлээс бэлчээр, усны асуудал тулгарсаар өнөөдөр бүр хүндэрлээ. Тэгэхээр төр засгаас энэ тал ямар нэг зохицуулалт хийж өгөхгүй бол болохоо болилоо. Алс нутгаас зүдэрч нүүж ирсэн малчдаа ад үзээд байлтай биш, ад үзэхгүй гэхээр хүний өөрийнгүй бэлчээргүй болох гээд асуудал бий” гэсэн юм. Ийнхүү хоёр аймгийн хоёр сумын малчин иргэнээс байр суурийг нь асуухад нөхцөл байдал ийм байна. 

Бэлчээрийг зөв зохистой ашиглах шаардлага бий бөгөөд төр засгаас гойд анхаарах зүйл болсныг харуулж байгаа хэрэг. Байгаль эхийн өөрийн доройтол дээр нэмээд мал сүргийн хэт их өсөлт, хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн сүйрэл, хүмүүсийн буруутай ажиллагаа, байгаль экологийн жам ёсны насжилт гээд олон хүчин зүйл үүнд хамаарна. Уламжлалт мал аж ахуйн орны иргэд хэдэн мянган жилээр өвсний соргог, усны цэнгэгийг даган дураараа нүүдэллэж ирсэн учраас бэлчээрээ өмчлөх гэдэг асуудалтай 100 хувь санал нийлэхгүй ч ямар нэгэн байдлаар зохицуулах асуудал шийдлээ хүлээсээр байгаа юм. Зах зээл, бизнесийн үйл ажиллагаа даган зарим малчид өвөлжөө, хаваржаагаа хэдхэн төгрөгөөр зарсан байдаг. Гэтэл олборлолт явуулж байгаа компани хүрээ хаяагаа тэлээд эхлэхээр бэлчээрээ зарсан айл бүү хэл саахалтаараа бэлчээргүй болсон түүх ч олон бий. Уг нь УИХ, Байнгын хорооны түвшинд бэлчээрийн тухай асуудал удаа дараа хөндөгдөж байдаг ч зориглон барьж авсан нь үгүй. Төрөөс мал сүргээ өсгөж байгаа малчдаа хөхүүлэн шагнаж урамшуулдаг. Гэтэл нөгөө талаас мал сүргээ чанартай болгож, тоог нь цөөлөх хэрэгтэй сануулдаг. Тоонд бус чанарт анхаарах тухай эрдэмтдийн судалгаа, байр суурь ч байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top