М.Болормаа: Монголын мах дэлхийн зах зээлд гарах БҮРЭН БОЛОМЖТОЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Зиндаагийн энэ удаагийн зочноор “Болор Импекс” компанийн захирал М.Болормаа уригдлаа. 


Тэрбээр “Bolor Catering”-ийн үйлчилгээ болон онцлог, давуу тал, бизнесийн хэв маяг, алсын хараа, олон улсад өрсөлдөх чадвар, мөн хувь хүний үнэт зүйл, баримталдаг зарчмынхаа талаар хуваалцсан юм.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хоёулаа “Болор Импекс” компанийн үйл ажиллагаа, чиглэлийн талаар яриагаа эхэлье...

-2015 онд “Болор Импекс” компаниа үүсгэн байгуулсан. Манай компани мах, махан бүтээгдэхүүн, гадаад худалдаа, мөн сatering чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 онд сatering-ийн үйлчилгээг нэмсэн. Бид өөрсдөө махаа бэлддэг учраас түүхий эдээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдэд хүргэхэд тохиромжтой гэдэг үүднээс хоолны үйлдвэрлэлийг байгуулсан.

-Таны хийж бүтээдэг зүйлс компанийн тань үйл ажиллагаатай ижил үү?

-Багаасаа мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр ажиллая гэсэн санаа байгаагүй. Яагаад энэ чиглэл рүү орсон бэ гэхээр “Мөнхийн болор” хиамны үйлдвэр манай гэр бүлийнх. Ээж, аавынхаа энэ компаниас үүсэлтэйгээр 2015 онд өөрийнхөө компанийг байгуулсан. Багаасаа чиглэл, бүх зүйлийг мэддэг байсан нь нөлөөлсөн. Хоёрт, би хоол хийх хоббитой учраас катерингийн үйл ажиллагаа руу орсон.

-Өөрийгөө хувь хүн талаас нь дэлгэрэнгүй танилцуулаач...

-Би Хятад улсын улс төр, хуулийн шинжлэх ухааны сургуулийг олон улсын хууль, эрхзүйчээр төгссөн. Дараа нь Австрали улсад бизнесийн англи хэлээр сурч ирээд 2012 онд удирдлагын академийг маркетинг, хүний нөөцөөр төгссөн. Мөн Герман улсад катерингийн үйлчилгээг судалж, ахисан түвшний менежер бэлтгэх сургалтад хамрагдаж, Япон улсад мөн мэргэжил дээшлүүлээд ирсэн. Их өндөр хүүхэд байсан болохоор 13 настайгаасаа эхлээд загвар өмссөн. Загвараараа олон улсад хэд хэдэн амжилт гаргаж байлаа. Сингапурт моделиор ажиллаж, Хятадад сурч байхдаа World beauty model шагналыг авч байсан. Ази хүмүүс намхандаа ордог болохоор өөрийгөө тийм амжилт гаргана гэж бодоогүй л дээ. Тэр үед 2008 онд Монголд сошиал хөгжөөгүй байсан болохоор энэ талаар хүмүүс мэдээгүй. Дараа нь 2010 онд Австралид очоод гэрээгээр гурван жил ажиллах байсан ч нэг жил ажиллаад Монголдоо ирж, бизнес рүү нэлээд хүчтэй орж байсан.

-Загварын салбараас мах, махан бүтээгдэхүүн рүү орсон гэхээр нэлээд сонирхолтой санагдаж байна...

-Англи, хятад хэлтэй учраас тэр үед олон компанид CV-гээ өгч байсан. Заримд нь тэнцсэн.

-Болор катеринг үйлчилгээ бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас юугаараа онцлог вэ?

-Катеринг үйлчилгээ буюу явуулын ресторан нь одоо ид цэцэглэж байгаа. Хоол хийх завгүй хүмүүсийн ажлыг их хөнгөвчилж өгч байна. Ширээ засаж, халбага, сэрээтэйгээ очиж үйлчилдэг үйлчилгээ учраас их амар. Манайх жишээ нь, хүүхдийн үсний найр зэрэгт монгол хоол түлхүү хийдгээрээ онцлог юм болов уу. Хоёрт, хоолоо гэртээ өөрийнхөө гараар хийхийг, жишээ нь, хоёр өндгөөр 40 печень хийх аргыг пэйждээ бичлэгээр оруулж, эзэгтэй нартаа жор хүргэдэг. Ийм маркетинг хөгжүүлэлтээрээ бас онцлог.

-Гадаад зах зээлд өрсөлдөх тухайд...

-Катеринг үйлчилгээгээр Европ зэрэг улс орнууд олон жил явчихсан байдаг тул энэ үйлчилгээгээр дэлхийд өрсөлдөнө гэж ярихгүй. Харин махны чиглэлээрээ бол манайх махаа боловсруулаад гадагшаа гаргах юм бол 99 төрлийн эмийн ургамал идэж байгаа малын мах маш шим тэжээлтэй. Гарал үүслийг нь маш сайн тодорхойлоод явчих юм бол манай Монголын мах дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой. Бид мах, махан бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүнээ ойрхон байгаа Хятад, Оросын зах зээлд гаргаж, цаашлаад дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой.

-Хүн бүр л одоо 11:00 цагийн мэдээ үзэж, өнөөдөр хэдэн тохиолдол илрэв ээ гэдэг болсон. Үүнээс харахад ковид манай бизнес эрхлэгчдэд нэлээд хүнд цохилт болсон нь анзаарагдана. “Болор импекс” компанид ковидын нөхцөл байдал хэрхэн тусаж байна?

-Бид баярын арга хэмжээнүүд дээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо олноороо цуглах боломжгүй болж байгаа учраас долоо хоногийн зургаан өдөр ажилладаг байсан бол гурван өдөр ажиллах ч юмуу ийм жишгээр ажиллаж, захиалга маань хүний тоо их байвал багасгах зэргээр арга хэмжээ авч байна. Бид хувь хүн талдаа дэглэмээ маш сайн барьж ажиллаж, бүгд вакцины хоёр тунгаа хийлгэчихсэн хүмүүс ажиллаж, олон улсын ISO 9001 стандартын шаардлагын дагуу бүтээгдэхүүнээ гаргаж байна. Бид стандартыг чанд барьдаг. Ковидын эсрэг бид хүмүүстээ баглаа боодлоор нь хүргэлтийн үйлчилгээ явуулж байгаа болохоор бизнес маань дээшилж доошлоод, унаад байгаа зүйл байхгүй. Хүнсний үйлдвэрлэл учраас үйлдвэрлэл зогсохгүй явагдсаар л байна.

-Монголд бизнесээ өргөжүүлж тэлье гэхээр дөнгө болдог асуудал юу байдаг вэ?

-Зөв менежментээ бариад явчихад дөнгө болсон асуудал манайд байдаггүй. Хамгийн гол нь судалгаагаа сайн хийгээд хэрэглэгчдийн хүсэж байгаа зүйлийг зөв тодорхойлчихвол ямар ч бизнес асуудалгүй.

Гадаадын зах зээлд махаа гаргахад ямар дөнгө байна вэ гэхээр манай улс хэдийгээр олон сая малтай ч Хятадын зах зээлд мах гаргалаа гэхэд ганцхан өдөрт дуусна. Манайх өдөрт 10 тонныг бэлддэг байя гэж бодъё. Тэгэхэд Хятад болон Оросын нэг супермаркетад ч хүрэлцэхгүй. Бид бие биенээ өрсөлдөгч гэж харах бус хамтарч ажиллах боломжийг хайж, хамтарч байж дэлхийн зах зээлд өрсөлдөнө. Дан дангаараа явбал дэлхийн зах зээлд гарахад маш төвөгтэй.

-Хүмүүс бидний ярианаас уншаад, сонсоод жишээ нь, хүүхдийнхээ үсний найранд Болор катерингийн үйлчилгээг сонгоё гэвэл хэрхэн холбогдох вэ?

-Bolor catering пэйж хуудсаар холбогдоод захиалга өгөх боломжтой. Манай операторууд 24 цагаар ажилладаг. Хэзээ ч холбогдох боломжтой.

-Эмэгтэй хүний карьер төлөвлөлт, зорилгын тухайд...

-Зорилгогүй хүн бол ойд төөрсөн сармагчинтай адил. Хамгийн гол нь эхлээд хийж чадах зүйлээ гаргаж ирэх хэрэгтэй. Юунд дуртайгаа мэдэж, юуг хийвэл сонирхолтой байгаагаа тодорхойлсноор зорилго гарч ирнэ. Залуустаа хандаж хэлэхэд тууштай байх хэрэгтэй. Шантарч болохгүй, сэтгэлийн хаттай бай. Тогтвортой бай.

-Гарааны бизнестэй болъё гэсэн залуу хүмүүст хандаж ямар зүйл дээр алддаг тухай, юуг анхаарах талаар зөвлөгөө өгөөч...

-Эхлээд хийх гэж байгаа зүйлийнхээ компанид нэг, хоёр жил ажиллаад үзэх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр шууд хандах бус эхлээд ажиллаад үзэхээр дараа нь алдахгүйгээр барьж авах боломжтой.

-Таны хувьд үнэт зүйл гэж юу вэ, үүнийг хэрхэн олж авдаг вэ?

-Байгууллагын хувьд үнэт зүйл бол ажилчид байдаг. Ажилчдынхаа орчныг сайн бүрдүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд туслах нэгэнд нь тусалж байна. Манай компани зургаан жил үйл ажиллагаа явуулахдаа хоёр хүнийг байртай болгожээ. Мөн машин тэрэг зэрэг зүйлсээр хангамжийг нь өгдөг. Ажилчдынхаа ая тухтай орчныг бүрдүүлж, ажил дээрээ аз жаргалтай байх нөхцөлд нь анхаардаг.

Хувь хүний үнэт зүйл бол нэгт гэр бүл, хоёрт чи өөрөө өөрийнхөө үнэт зүйл.

-Төгсгөлд нь алсын хараа гэдэг зүйлийг асуумаар байна. Мөн Болормаа гэдэг эмэгтэй 10 жилийн дараа хаана байх вэ, “Болор импекс” компани хаана байх вэ?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол 10 жилийн хугацаанд маш олон хүнийг ажлын байртай болгож, экспортлогч компани байх болов уу гэсэн алсын хараатай байна. Хувь хүнийхээ хувьд зөвлөх үйлчилгээ тал руугаа хүмүүст туслах хүсэлтэй байна. Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд ингэж хувь нэмрээ оруулахыг зорьж байна даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top