Бизнес эрхлэгчид тэвчээр тасарч, гашуудал, гацалт хоёр давхацлаа гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хүндрэлд ороод буй аж ахуйн нэгжүүд “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнд нэгдсээр байна.

Тэд даваа гаригт төв талбайд суулт зохион байгуулсан юм. Бизнес эрхлэгчид Засгийн газар, Улс болон нийслэлийн Онцгой комисст дөрвөн шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад, нэг болон хоёрдугаар тунгийн вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх эрхийг ялгаваргүй олгох, үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь зогсоовол төрөөс нөхөн олговор олгох, зөвшөөрлийн хугацааг үнэ төлбөргүй, дарамт шахалтгүйгээр сунгаж өгөх зэргийг хөндсөн аж. Хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Д.Амартүвшин “1024 бөх барилдуулах, цахим тоглоомын газар  халдвар хамгааллын дэглэм сахиулж, олон метрийн зайтай хүн суулган үйлчлэх хоёр ялгаатай шүү дээ. Ресторанд архи, дарсаар үйлчилдэг. Баар цэнгээний газрууд ресторантай ямар ч ялгаагүй. Гагцхүү ажиллах цаг нь л өөр.

Бизнес эрхлэгчид ямар ч ойлгомжгүй хөл хориог удаан тэвчлээ. Бид өнөөдөр гашуудал, гацалт хоёрыг эрх мэдэлтнүүдэд энгийнээр харуулахыг хүслээ. Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүх юм гацсан. Тиймээс бид үүнийг хийж байна. Бид гашуудал, гацалтын флашмоб хийж байгаа юм.  Цар тахлын улмаас ихэнх жижиг, дунд бизнесүүд дампуурч байна. Бид нар хоолныхоо төлөө тэмцэхгүй юм бол өөр хэн тэмцэх юм бэ. Халамж биш хөдөлмөр хүсэж байгаа хүмүүс үүнээс цааш тэвчихгүй. Уучлаарай. Дарга нар халдвар хамгааллын дэглэм зөрчиж, наадам хийн, жагсаал цуглаан зохион байгуулж болдог. Харин бид жил зургаан сарын турш ямар ч ажил хийсэнгүй. Гэвч биднийг одоо ч хорьсон хэвээрээ. Дэлхийн бусад орнуудад бүх юм нээгдчихлээ. Бид хоёр дахь тундаа бүрэн хамрагдсан хүмүүст үйлчилмээр байна” гэсэн юм.

Цуглааныг зохион байгуулагчдын зүгээс гаргасан шаардлагаа Улсын онцгой комисст хүргүүлсэн бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд дараа долоо хоногийн даваа гарагт дахин төв талбайд цуглахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.46.128) 2021 оны 06 сарын 30

Zov

0  |  0
Top