"Эрхэт Монгол" медиа группийн эрхлэн гаргадаг мэдээллийн Zindaa.mn сайт, өдөр тутмын "Өглөөний сонин"-ы сэтгүүлч, уран бүтээлчид "Токио-2020" олимпын наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжлан хүргэхээр бэлтгэлээ хангалаа.
Медиа группийг төлөөлж, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олимпын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат, Zindaa.mn сайтын Спортын мэдээллийн албаны редактор, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ нар Токио хотноо ажиллана.
МЯГМАРЫН СУГАР-ЭРДЭНЭ
М.Сугар-Эрдэнэ нь “Таван цагариг” сониноос ажлын гараагаа эхэлж, мэргэжлийн сүмо бөхийн мэдээ мэдээллийг япон хэлнээс анхлан орчуулж, Монголын үзэгч, уншигчдын хүртээл болгож байснаараа олны талархал хүлээсэн сэтгүүлч билээ. Орос, япон, англи хэлтэй. Түүний хувьд өдгөө спортын сурвалжилга, ярилцлага, спортын орчуулгын мэдээгээр дагнан бичиж байгаа цөөн сэтгүүлчдийн нэг бөгөөд сүмо, хөлбөмбөг, жүдо, чөлөөт бөхийн гадаад, дотоодын тэмцээний мэдээ сурвалжилга, бусад спортын шинэ соргог, орчуулгын мэдээг тогтмол бичиж, спортын сэтгүүлчийн үүрэг, оролцоог өдөр тутмын ажлаараа ханган ажиллаж байна.
Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ “Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр тодорч байв.
ЧУЛУУНБААТАРЫН ГАНБАТ
2019 дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдаас шилдэг гуравт шалгарч, “AIPS Sport Media Awards” шагналын эзэн болж байсан Монголын спортын шилдэг зурагчин Ч.Ганбатын зургуудыг олимпын үеэр зөвхөн Zindaa.mn сайт "Өглөөний сонин" давуу эрхтэйгээр хүргэх болно.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнан мэргэшсэн бөгөөд өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Тэрбээр мөн Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гранпри (2012) болон Тэргүүн байрын шагнал (2017) тус тус хүртэж байсан юм.
Сурвалжилсан СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДАМ, ОЛИМП
“Олимпын тэнгэрээс Монголын тамирчид олон олон од шүүрэх болтугай" уриатай "Мах импэкс" ХК - “Олуулаа” брэнд "Токио-2020" олимпын наадмыг албан ёсны эрхтэй сурвалжлах Zindaa.mn сайтыг дэмжин, олимпын мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )