Коронавирусний цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хүн төрөлхтнийг хүлээлгэсэн Токиогийн олимпын их наадам ёслол төгөлдөр эхлэх гэж байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг тамирчдын хурд, хүч, авхаалж самбаагаа сорьдог энэхүү арга хэмжээ цар хүрээ, технологиор нүд гялбуулах ч хүмүүст хэзээ ч үл мартагдах дурсамж үлдээдэг нь Олимпын наадмын хамгийн гол ололт, амжилт байдаг.
Эртний Олимпоос эхлэн нээлт, хаалт, медаль гардуулах ёслолын ажиллагаа спортын энэхүү их наадмын салшгүй хэсэг байсаар ирсэн. Эдгээр ёслолын арга хэмжээний хэд хэдэн элемент Олимпын хартийн дагуу болдог бөгөөд хүлээн авагч орон өөрчлөх эрхгүй байдаг байна.
Олимпын нээлт, хаалтын ажиллагааны уран сайхны хэсэг хүртэл Олон улсын олимпын хорооны зөвшөөрөл авах учиртай. Хэдийгээр олимпын их наадмын үргэлжлэх хугацаа, агуулга, цар хүрээ олимпын наадам бүрээр өргөжин тэлж буй ч олимпын нээлт болон хаалтын ажиллагаанд уламжлал гүн шингэсэн хэвээр. Харин 2028 оны Лос Анжелесын Олимпын наадмыг зохион байгуулагчид шинэ уур амьсгал оруулж, нээлтийн болон хаалтын ажиллагааг хоёр өөр цэнгэлдэх хүрээлэнд явуулах санал дэвшүүлээд байгаа билээ.
Цар тахлын улмаас Олимпын түүхэнд хамгийн аниргүй, өвөрмөц хэмээн нэрлэгдэж буй 32 дахь удаагийн Зуны их наадмын нээлтийн ажиллагаа Токио хотын Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тус цэнгэлдэх хүрээлэнг 14964 оны Токиогийн олимпын их наадмын гол цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр 2019 онд барьжээ. 60,057 суудал бүхий шинэ цэнгэлдэх хүрээлэнг Японы 47 мужаас авчирсан модоор хийсэн байна. Үүнийг сүм дуган барих Японы уламжлалт аргаар барьжээ.
Цэнгэлдэх хүрээлэнг зохион бүтээхэд нийт 157 тэрбум иен зарцуулсан байна. Байгууламжийн дизайн, агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн систем нь Токиогийн зуны 40 хэмийн аагим халуунаас хамгаалах гэнэ. Олимпын нээлт болон хаалтаас гадна энэхүү цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн тэмцээнүүд болох аж.
ОЛИМПЫН НЭЭЛТ, ХААЛТЫН АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЁС ЖАЯГ
Олимпын наадмын нээлт болон хаалтын ажиллагаа Олимпын хартид нарийн заасан ёс жаягийн дагуу хотын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд болдог уламжлалтай.
Нээлтийн ажиллагаагаар олимпын их наадам албан ёсоор эхэлнэ. Ёслолын ажиллагааны гол хэсэг нь тухайн орны өнгөрсөн, одоо илэрхийлэх боломж олгодог уран сайхны хөтөлбөр. Нээлтийн ажиллагаа хүлээн авагч орны төрийн далбааг мандуулж, төрийн сүлд эгшиглэснээр эхэлдэг. Үүний дараа хүлээн авагч орон өөрийн соёл, уламжлал, олимпын наадмын түүх, уриаг дуу хөгжмөөр илэрхийлэх уран сайхны хөтөлбөр явна. Орчин цагийн Олимпын наадмыг үндэслэгч Пьер де Кубертен их наадмыг спортын тэмцээн, уран бүтээлийн амжилтын хослол байхаар санаачилж байжээ. Харин орчин цагийн Олимп зөвхөн спортын тэмцээн болж хувирсан тул нээлтийн ажиллагааны үеэр л Кубертений ихэнх үзэл санааг харж болох юм.
Нээлтийн ёслолын уламжлалт хэсэг “Үндэстнүүдийн парад”-аар үргэлжилнэ. Уламжлал ёсоор хамгийн түрүүнд Олимпын их наадмын өлгийн болсон Грекийн тамирчид алхана. Үүний дараа латин цагаан толгойн үсгийн дарааллаар бусад орны оролцогчид цэнгэлдэх хүрээлэнд алхах бол цувааг хүлээн авагч орны тамирчид төгсгөнө.
Хамгийн шилдэг тамирчдад улсынхаа тугийг авч явах хүндтэй үүрэг ногддог. Японы төрийн далбааг сагсан бөмбөгийн од Рүи Хачимүра, чөлөөт бөхийн дэлхийн хоёр удаагийн аварга Юи Сүсаки нар барин, цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхээр болжээ.
"Токио-2020" зуны XXXII олимпын наадам Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19:00 цагт албан ёсоор нээлтээ хийнэ. Баг тамирчдын ёслолын жагсаал 20.30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирнэ. Монгол Улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд зочилно.
Дашрамд хэлэхэд, энэ удаагийн Олимпын их наадамд анх удаа улсынхаа тугийг эрэгтэй, эмэгтэй тамирчид барьж авах болсон. Ингэснээр, хүйсийн тэгш байдлыг хангах зорилго агуулж байна.
Үндэстнүүдийн цуваа явсны дараа Олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч, дараа нь Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч үг хэлнэ. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч мэндчилгээнийхээ төгсгөлд хүлээн авагч орны тэргүүнийг танилцуулна. Токиогийн олимпын их наадмыг албан ёсоор Японы эзэн хаан нээнэ. Үүний дараа олимпын далбааг цэнгэлдэх хүрээлэнд залах ба далбааг мандуулах үеэр олимпын сүлд эгшиглэдэг дүрэмтэй.
Олимпын хартийн дагуу, олимпын далбаа их наадмыг дуустал цэнгэлдэх хүрээлэнд байрлах юм.
Үүний дараа оролцогч орнуудын туг баригчид индрийг тойрон зогсох ба хүлээн авагч орны туг баригч, шүүгчийн хамтаар Олимпын тангараг өргөнө. Нээлтийн ажиллагааны хамгийн сонирхолтой хэсэг болох олимпын бамбарыг асаах ёслолоор үргэлжилнэ. Бамбар асаах эрхэм үүрэг хүлээсэн тамирчин цэнгэлдэх хүрээлэнг тойрч, бамбарыг асаана.
Олимпын бамбар хүн төрөлхтний спортын их наадам өндөрлөтөл асна. Олон улсын олимпын хорооны дүрэмд зааснаар олимпын галын дөл цэнгэлдэх хүрээлэнгээс алс зайд хүлээн авагч хотын бүх оршин суугчид харагдах ёстой.
Сонирхуулахад, орчин цагийн Олимпын галыг анх 1928 оны Амстердамын олимпын үеэр асаасан бол 1936 онд Берлиний олимпын их наадмын өмнө олимпын бамбарын буухиаг Иозеф Геббельсийн санаачилгаар анх удаа зохион байгуулж байжээ.
1964 оны Токиогийн Олимпын бамбарыг асаах хүндтэй үүргийг гүүгч Ёшинори Сакаид ногдуулж байв. Тэрээр Хирошима хот дэээр атомын бөмбөг хаясны маргааш өдөр нь буюу 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Хирошима хотод мэндэлжээ. Түүнийг дайны дараах Японы сэргэн мандалт, энх тайвныг бэлгэдэн сонгож байжээ.
1968 оны Мехикогийн Олимпын бамбарыг Эрикета Базилио асаасан анхны эмэгтэй тамирчин болж байв.
1992 оны Барселоны Олимпын галыг паралимпын мөнгө, хүрэл медалийн эзэн Антонио Ребелло асааж байсан бол 1996 оны Атлантын олимпын наадмын галыг домогт боксчин Мухаммад Али асааж байсан түүхтэй. Паркинсоны өвчнөөр шаналж байсан Алигийн хувьд асар их хүч, тэсвэр шаардсан гэдэг.
НЭЭЛТИЙН АЛБАН ЁСНЫ АЖИЛЛАГААНЫ ДАРАА УРАН САЙХНЫ ХӨТӨЛБӨР ЭХЭЛНЭ
Токиогийн Олимпын ёслолын ажиллагаа түүхэнд бичигдэн үлдэх өвөрмөц хэлбэрээр явж буйгаараа онцлог. Дэлхий даяар коронавирусний цар тахалд нэрвэгдээд буй энэ үед зохион байгуулагчид өндөр өртөгтэй шоунаас татгалзаж, илүү энгийн, хялбаршуулсан хэлбэрийг сонгосон.
Нээлт болон хаалтын ажиллагаа коронавирусний цар тахалтай тэмцэж буй хүн төрөлхтний туршлагыг харуулахаас гадна Япон орон, Токио хотын өвөрмөц онцлог, ололт амжилтыг тодотгох юм.
Олимпын их наадмын түүхээс мөн сонирхуулахад, Дэлхийн нэгдүгээр дайны дараа болсон 1920 оны зуны олимпын наадмаас эхлэн Олимпын галыг асаах ёслолын дараа энх тайвны бэлэг тэмдэг болсон тагтааг нисгэдэг болжээ. 1988 оны Олимпын наадмын нээлтийн үеэр хэд хэдэн тагтаа Олимпын галд шатсан явдлын дараа энэхүү уламжлалыг зогсоосон түүхтэй. Хожим нь эл уламжлалыг бэлэгдлийн хэлбэрээр орлуулдаг болжээ.
2000 оны Олимпын наадмаар цэнгэлдэх хүрээлэнд тамирчдын барьсан асар том цагаан даавуун дээр тагтааны дүрсийг үзүүлж байсан бол 2004 онд LED дэлгэцийг ашиглаж байв. 2006 оны Олимпын наадмаар акробатчид тагтаны хэлбэрийг дүрслэн үзүүлж байсан бол 2008 онд салютаар тагтааг бэлгэдэж байжээ.
Монголын баг тамирчдын ТЭМЦЭЭНИЙ ХУВААРИЙГ энд дарж харна уу!
Сэтгэгдэл ( 1 )