Өчигдөр (2021.07.30) манай усанд сэлэлтийн тамирчид олимпын тэмцээндээ оролцож, эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд өрсөлдсөн М.Дэлгэрхүү 73 тамирчнаас 43 дугаар байрт шалгарсан билээ.
Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдсан Б.Энххүслэн Гана, Антигуа, Камерун, Сент-Люси́, Замби, Фижи, Пакистаны тамирчидтай гараанд гарч, 83 тамирчнаас 27.29 амжилтаар 51-р байрт эрэмбэлэгдсэн.
Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоож байсан бол олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон.
Тэмцээний дараа М.Дэлгэрхүү "Олимпын наадамд анх удаа оролцож, дэлхийн бүх шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа. Хэдий Монголын нөхцөлд усанд сэлэлтийн спорт дэлхийтэй харьцуулахад сайн хөгжөөгүй ч гэсэн бүгдийг нь хойноо орхино гэсэн сэтгэлийн болон биеийн хүчээ чадах бүхнээрээ гаргалаа. Монголчуудынхаа бахархлыг төрүүлэх гавьяа байгуулаагүй ч 20 гаруйхан секундэд болоод өнгөрөх энэ агшны цаана уналт босолт, хөлс хүч, олон сар, жилийн хөдөлмөр байсан шүү. Дэлхийд, тэр дундаа монгол хүн усан спортоор сүүл мушгидаг байсан үе тэртээ ард хоцорсон. Энэ болтол тусалж дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сонирхуулахад, Монголын усанд сэлэлтийн тамирчид "Сидней-2000" рлимпоос эхлэн, 6 удаагийн наадамд оролцоод байна.
Сэтгэгдэл ( 5 )