Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа. 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ.
Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45 кВт хүчин чадалтай байх ёстой ч 35 кВт болгож бууруулсан, дэд бүтцийн зарим шугам болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй зэрэг шалтгаанаар гүйцэтгэгч компанид үлдэгдэл төсвийг олгоогүй байна.
Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үед орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас үлдэгдэл төсөв хөрөнгийг Засгийн газраар шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Харин орон нутгийн удирдлагууд болон барилгын компани харилцан уялдаатай ажиллаж, өөрсдөөс шалтгаалах бүхнийг нэн түрүүнд хийж, 50 ортой эмнэлгийн барилгыг Улсын комисст гурав хоногийн дотор хүлээлгэн өгөх хэрэгтэй” хэмээн хугацаат үүрэг даалгавар өглөө.
50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр байгуулж буй хүчилтөрөгчийн үйлдвэр мөн ажиллах боломж бүрдэх аж. Одоогийн байдлаар тус эмнэлэгт хүчилтөрөгчийн хэрэгцээгээ Ховд, Баян-Өлгий аймгаас зөөвөрлөн хангадаг юм байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )