Эрүүл мэндийн салбарын хөгжил нэмэгдэж, хүнд хагалгаануудыг дотооддоо хийдэг болсноор цусны хэрэгцээ нэмэгдэж байгаа. Гэтэл цар тахлын улмаас иргэдийн цусаа өгөх нь багасаж, цусны нөөц 2-3 дахин буурсан байна. Цусны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Одоогийн байдлаар манай улсын цусны нөөц ямар хэмжээнд байна вэ?
-Цусны нөөцийн хувьд харьцангуй ойлголт байдаг. Тодруулбал, нэг хүнээс авсан цуснаас улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гээд гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг урт хугацаанд хадгалах техникийн боломж бүрдсэн. Тиймээс зургаан сараас нэг жилийн хугацааны сийвэнгийн нөөц байгаа.
Ялтаст эсийн бүтээгдэхүүн бол цус цуглуулснаас 3-5 хоног хадгалах боломжтой. Өөрөөр хэлбэл нөөц үүсэх боломжгүй байдаг. Тиймээс өдөр тутам цус цуглуулж эмнэлгүүдийн энэ бүтээгдэхүүний захиалгыг хангах боломж бүрддэг. Ялтаст эсийн бүтээгдэхүүнийг захиалга сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Бидний гаргасан судалгаагаар өдөрт дунджаар зуугаас дээш донорын цус цуглуулж байж энэ бүтээгдэхүүний нөөцийг хангах боломжтой болох юм.
Цусны нөөцийг улаан эсийн бүтээгдэхүүнээр тодорхойлдог. Улаан эсийг донороос цуглуулснаас хойш ердийн нөхцөлд 21-42 хоног хадгалах боломжтой. Харин бид 14-21 хоногийн нөөц үүсгэж явдаг. Энэ жил улаан эсийн бүтээгдэхүүний нөөц зарим үед 10-14 хоног байсан. Одоо бол 3-5 хоногийн нөөцтэй байна. Энгийн үеийнхээс 2-3 дахин буурсан гэсэн үг.
-Эмнэлгүүдээс ирэх цусны захиалга нэмэгдсэн үү?
Эмнэлгүүдийн цусны захиалга өсөж байна. Эрүүл мэндийн салбарт нэвтэрч байгаа ололт амжилтын хүрээнд цусны захиалга 2030 он хүртэл өснө гэсэн судалгаа гарсан. Тухайлбал, Монгол улсад өмнө нь оношилж, эмчилдэггүй байсан элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт өвчнүүдийг эмчилдэг болсон учраас үүнд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэх дүр зурагтай байна.
Одоогийн байдлаар манайд 22 элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай цусны захиалга нэгдүгээр эмнэлгээс ирсэн байна. Мөн ХӨСҮТ-өөс 10 гаруй захиалга ирсэн. Үүнээс харахад цусны хэрэгцээ, шаардлага маш их байгаа юм.
Таны нэг удаагийн өгсөн цус гурван хүний амийг аврахад туслана. Тиймээс хүний алтан амийг аврахад туслаж, цусаа өгөхийг иргэддээ уриалж байна.
-Цусны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд цус цуглуулах гурван төв байна. Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо “Сүхбаатар цус цуглуулах төв, Улсийн клиникийн хоёрдугаар эмнэлгийн ард байрлах төв салбар, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээнд гээд гурван төв байна. Ажлын өдрүүдэд явуулын хэлбэрээр албан байгууллагуудаас цус цуглуулж байгаа. Явуулын цус цуглуулалт нийт цус цуглуулалтын 50 орчим хувийг эзэлдэг байсан. Одоо бол 10 орчим хувийг эзэлж байна. Тиймээс бид цусны донорууддаа урилга явуулж, утсаар дуудаж байна. Мэдээ мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэж байгаа. Мөн “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” гурван сарын аяныг зохион байгуулж байна.
Бид маш их хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Долоо хоногт 15 мянган хүнд урилга, мэдээлэл хүргэж байна. Гэтэл янз бүрийн шалтгааны улмаас цусаа өгч байгаа хүн бага болоод байна.
-Цусаа өгөх хүн багассан шалтгааныг юу гэж харж байна вэ?
Монгол улс вакцин хийлгэсэн хүн тодорхой хугацаанд цусаа өгч боломжгүй болчихдог. Үүнээс болоод цусаа өгөх нь багасаж байна. Мөн халдварт өвчний улмаас иргэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхээс зайлсхийж байна.
Цусаа өгөхөөр ирсэн ч өгч чадахгүй байх тохиолдол их байдаг. Түр болон бүр хасагдалт гэж бий. Манай улсад гепатитын B, C вирустэй, архаг хууч өвчтэй хүмүүс цусаа өгөх боломжгүй байдаг. Харин вакцин хийлгэсэн, эм тариа хэрэглэсэн, ковид-19 өвдсөн хүмүүс түр хугацаагаар цусаа өгөх боломжгүй болно.
-Вакцин хийлгэснээр хэр хугацааны дараа цусаа өгч болох вэ?
-Вакцины төрлөөс хамаараад өөр байгаа. Файзер вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой болно. Харин бусад төрлийн вакцин хийлгэсэн бол 21,28 хоног, ковид-19 тусаад эдгэснээс нэг сарын дараа цусаа өгч болох юм.
-Цусны дөрвөн бүлэг байдаг гэж ойлгодог. Энэ зөв үү?
-Иргэд цусны дөрвөн бүлэг байдаг гэсэн ойлголт байдаг. Дэлхий нийтэд 367 төрлийн цусны бүлэг байдаг. Үүнээс эмнэлзүйн ач холбогдолтой 10 гаруй төрлийг манай эмнэлэгт шинжилж байна. Энэ дотроос тухайн мэс ажилбар хийлгэх гэж байгаа хүнд таарах эсэхийг нарийн шинжилж, тогтоодог. Маш олон төстэй цуснаас тухайлсан бүтээгдэхүүнийг сонгодог гэсэн үг.
Сэтгэгдэл ( 2 )
Ажилтнуудаа чадваржуул. Цусаа өгсөн гар бүхэлд нь хөхүүлээд хаясан. Хүйтэн хөндий үйлчилгээтэй. Наснаасаа ус аа уу ч гэж шг.
Цусаа өгөх гээд очихоор бөөн хүнд суртал бдг шдээ. Хүлээлгээд л яах гэж бгаа нь тодорхойгүй, ажилтнууд нь ажлын байран дээрээ бхгүй, хүнийг хүндэтгэдэг гүй хайхрамжгүй. Бас худал зөвлөгөө өгдийм бна. Элэгний Б вирусийн вакцин хийлгээд 2 сарын дараа цусаа өгч болно гд бсн. Худал юм бна. Маш хүйтэн хүнд сурталтай.