“Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл маргааш /2021.09.08/ хуралдах товтой байгаа. Далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь геотехникийн шалтгаан нөхцлүүдээс болоогүй, “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбоотой гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо өнгөрсөн сард гаргаснаас хойш ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг ширээнд суун, асуудлаа хэлэлцэх гэж буй юм.
ТУЗ-ийн хурлыг угтан ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоотой ярилцлаа.
-Юуны өмнө миний хүсэлтийг хүлээн авч, ярилцлага өгч буй танд баярлалаа.
“Оюу Толгой” компанийн ТУЗ-аас байгуулагдсан Тусгай хорооны дүгнэлт төслийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж буй манай Засгийн газрын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх хүлээлтийг дагуулж байна. Та өмнө нь төслийн өгөөжийг нэмэгдүүлэх гэрээний эхний төслийг манай тал гаргах ёстой гэж ярьсан байсан шүү дээ. Энэ чиглэлд Засгийн газар ямар алхмуудыг хийж, ажиллаж байна вэ?
-Засгийн газрын Ажлын хэсэг юуны өмнө яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх хууль зүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээг авах чиглэлээр ажлууд хийлээ. Бид нилээн судалж ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэшсэн зөвлөхүүд томилохоор ажиллаж байна. Бид энэ яриа хэлэлцээг амжилттай дуусгахад дэлхийн хэмжээний томоохон компаниудтай хамтран ажиллах шаардлагатай. Одоогийн байдлаар “Коннекс” санаачилгын хүрээнд АНУ-ын олон улсын хуулийн фирм Акин Гамптай хамтран ажиллаж байна. Оюутолгой төсөлтэй холбогдуулж мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгахад мөн анхаарлаа хандуулж ажиллалаа. Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гарсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт наймдугаар сарын эхээр гарсан нь олон асуудлыг тодорхой болголоо гэж харж байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн бид Оюутолгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийх ажлууд ч тодорхой болж байна.
-Шинжээчдийн зүгээс зөвлөөд буй далд уурхайн зардал хэтрэлтийн шалтгаануудыг нарийвчлан тогтоох санхүүгийн аудит хийх эсэх шийдвэрийг “Оюу Толгой”-н ТУЗ гаргах ёстой байгаа. Засгийн газарт хамтдаа захидал илгээсэн “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ийн ТУЗ дахь төлөөллүүд маргааш болох хуралд ямар байр суурийг илэрхийлэхээс дараа дараагийн олон асуудал хамаарах байх?
-Компанийн сайн засаглалын зарчим, жишгийг дагавал энэ шийдвэрийг “Оюу Толгой” компанийн ТУЗ гаргах нь оновчтой. Аль ч компанийн ТУЗ-ийн үндсэн чиг үүрэг нь гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах шүү дээ. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилсон нь хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөжийг бууруулсан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч ТУЗ шийдвэр гаргах шаардлагатай. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Оюу Толгой” компанийн ТУЗ-өөр баталж байсан, хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтын алдаа, асуудал юу байсан талаар тодорхой мэдээлэлтэй боллоо. Цаашид “Оюу Толгой” компанийн засаглал сайжирч, ил тод ажиллана гэдэгт найдаж байна.
“Эрдэнэс Оюу Толгой” компаниар дамжуулан бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа оруулна. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүд хэлэлцээд шийдвэрлэх биз ээ.
Оюутолгой төсөлд байнгын хяналт тавих шаардлага үүсэж байна.
-Олон жилийн насжилттай төсөл учраас цаашид ч зардлын асуудал гарах байх. Үүнээс өмнө ил уурхай дээр ч гарч байсан. Манай тухайд үндсэн эрх ашгуудтай шууд холбоотой төслийн хувьд зардал хэтрэлтийг ужигруулалгүйгээр, тухай бүрт нь хяналттай хандаад, тал талаасаа арга хэмжээ аваад явдаг байх тийм нөхцлийг бүрдүүлэх боломж бий юу. Зардлын асуудал дээр төслийн менежментээр үр дүнтэйгээр хяналт тавих ямар боломж, гарцууд байна гэж үзэж байгаа вэ?
-Энэ асуудлыг бид анхаарч судлах шаардлагатай байгаа. Ер нь бол төсөлд байнгын хяналт тавих шаардлага үүсэж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжлээд явна. Бид төслийг аль болох үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч бусад оролцогч талуудтай хамтарч ажиллаж байна. Төслийн гүйцэтгэлд хяналт хэрхэн тавих талаар тодорхой саналууд ч гарч байна. Ер нь бол “Эрдэнэс Оюу Толгой” компанийг түшиглэж энэ асуудлыг шийдвэрлэх нь оновчтой болов уу. Бид энэ талаар шийдвэр гаргасны дараа олон нийтэд мэдээлэл хүргэх болно.
-Уг төсөлтэй холбоотойгоор Монголын Засгийн газар, УИХ дотооддоо ойлголцлоо эцэслэн нэгтгэх шаардлагатай гэж Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлж байсан. Далд уурхайн зардлын хэтрэлт, 34 хувийн асуудал зэрэг гол асуудлууд дээр манайх дотооддоо байр сууриа нэгтгэж чадсан уу?
-Засгийн газрын Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл орсон. Хамгийн сүүлд есдүгээр сарын 2-ны өдөр Засгийн газрын Ажлын хэсэг хуралдаж, Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл, санал солилцсон. Яриа хэлэлцээг амжилттай болгоход бид нэгдсэн байр суурьтай байх нь чухал. Засгийн газрын Ажлын хэсгийн үндсэн зорилго бол “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шүү дээ.
Улсын Их Хурлаас мөн 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Түр хороо байгуулсан. Түр хороо 2021 оны хаврын чуулганы хугацаанд ажилласан. Ажлын хэсэг холбогдох мэдээлэл, тайланг Түр хорооны гишүүдэд тухай бүр танилцуулсан.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойших хугацаанд алдаа оноо юу байв гэдэг дээр дүгнэлт хийхэд 12 жил хангалттай урт хугацаа.
-“Рио Тинто”, “Туркойз хилл”-ийн зүгээс манай Засгийн газарт ирүүлсэн зөвшилцөх саналд ногдол ашгаас урьдчилсан байдлаар өгөх талаар дурдсан байгаа гэсэн. Ногдол ашгийн мөнгөнөөс урьдчилан авахын тулд бид тэдний нөхцлийг сонсох хэрэгтэй болох байх. Энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Мэдээж бид ирүүлсэн саналыг нухацтай судална. Ямар нөхцөлөөр тавьж байгаа санал болохыг нягталж шалгах шаардлагатай. Бид “Рио Тинто” компаниас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж тайлбар одоо болтол аваагүй байна. Энэ талаар илэн далангүй, нээлттэй ярилцах шаардлагатай. Цаашид “Оюу Толгой” компанийн менежментийг сайжруулах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүч дотоодоос худалдаж авдаг болох зэрэг шийдэх асуудал олон бий.
Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу Толгой” компани 2017 оноос эхлэн дотоодын эх үүсвэрээс эрчим хүч худалдаж авах маш тодорхой үүргийг тусгасан байсан. 2009 оноос хойш энэ үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан. Энэ хугацаанд эрчим хүч дотоодоос худалдаж авах хэд хэдэн хувилбарыг судалж, төсөл ч хэрэгжиж эхэлж байсан. Одоо төрийн өмчид байх Таван толгойн цахилгаан эрчим хүчний төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Үүнээс өмнө “Рио Тинто”, “Оюу Толгой” компани өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барихаар судалж байсан. Төслийн хөрөнгө оруулалтын зардал маш өндөр байснаас гадна нүүрсний төсөлд хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагчид нь шүүмжилнэ гэсэн шалтгаанаар төслийг өөрсдөө хэрэгжүүлэхэд төдийлөн дуртай байгаагүй буюу хурдан шийдвэрлээгүй юм билээ.
Ажлын хэсгийн зүгээс 2020 оны арваннэгдүгээр сард Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээний хэрэгжилтэд дүгнэлт хийх санал гаргаж “Рио Тинто” татгалзах зүйлгүй гэж байсан. Бид маргаан үүсгэдэг асуудлаар ойлголцох, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш хугацаанд алдаа оноо юу байв гэдэг дээр дүгнэлт хийхэд 12 жил хангалттай урт хугацаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад 12 жил болох гэж байна шүү дээ. Цаашид энэ асуудлыг үргэлжлүүлээд ярилцах боломжтой гэж харж байна.
-Лондоны Арбитрт манай Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлийг царцааж өгөөч гэсэн хүсэлтийг Рио Тинтогоос тавьсан гэсэн шүү дээ. “Туркойз Хилл Ресурс”-ын хувьд Монголын Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой арбитрын маргаанд оролцогчоор татагдах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Татах, татахгүйг Арбитрын зөвлөл шийдвэрлэх байх л даа. Ер нь “Туркойз Хилл”-ийг Монголын Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлд оролцогчоор татах ёстой гэж үзэх бүрэн дүүрэн үндэслэлүүд юу болохыг та энд хэлж болох уу?
-Засгийн газар хоёр үндсэн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компаниудыг маргааны оролцогч талууд болгох хүсэлтийг гаргасан. Анх татварын арбитрын маргаан “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлтэй эхэлж байсан. Бид сөрөг нэхэмжлэлийн агуулгад үндэслэн маргааны оролцогч талуудыг нэмэх хүсэлт гаргасан. Арбитрын маргаан нууцлалын протоколтой учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээг байгуулахад үндэслэсэн гол эрх зүйн баримт бичгүүд нь УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоолууд гэж ойлгодог. Тогтоолуудын аль аль дээр нь Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх тухай тусгасан байдаг. Гэтэл татварын асуудлыг гэрээнд тусгахдаа дээрх тогтоолууд болон тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт зэргийг үл харгалзсан нь татвартай холбоотой асуудал өнөөдөр энэ хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн гэж үзэж болох уу?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу Толгой” компанийн татварын хувь хэмжээг тогтворжуулсан заалтууд татварын маргаан үүсгэдэг. Зарим заалтыг хэрхэн тайлбарлаж ойлгох уу гэдгээс болж ч маргаан үүсдэг. Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулсан байдаг. Тухайн үед гэрээг байгуулахаас өмнө 2009 оны наймдугаар сард нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зарлаж тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Усын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлтүүд оруулж байсан. Тухайн үед хүчин төгөлдөр байсан зэсийн баяжмалд ногдуулсан үнийн өсөлтийн татвар мөн хүчингүй болж байсан. Ер нь бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах суурийг бэлдсэн гэх үү дээ.
Ер нь Оюутолгой төсөл яагаад бидний хүлээлтэд хүрээгүй, манай улсад ирэх үр өгөөж жил ирэх бүр буурахаар байгаа нь төслийн хөрөнгө оруулалтын зардал анх төсөөлсөн, төлөвлөсөн хэмжээнээс их хэмжээгээр нэмэгдэж, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж байгаагаас шууд шалтгаалсан. Төслийг хэрхэн санхүүжүүлэх хувилбар ч өөр байсан. Хувьцааны санхүүжилт түлхүү байгаад ил уурхайн үйл ажиллагааны орлогоор гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр анх төлөвлөж байсан. Одоо бол “Оюу Толгой” компани их хэмжээний зээлтэй, зээлийн дарамт өндөр байна. Санхүүжилтийн зардал өндөр байгаа учраас энэ төслийн ашиг мөн багасч байна. Энэ төслийн анхны ТЭЗҮ-д тусгасан эдийн засгийн тооцоолол өнөөдөр маш өөр болсон. Орвонгоороо өөрчлөгдсөн ч гэж хэлж болохоор. Тиймээс бид нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулж энэ төслөөс бидэнд ирэх үр өгөөжийг сайжруулахад анхаарч, төсөл хэрхэн хэрэгжсэнд дүгнэлт хийхээс өөр аргагүй. Бид энэ ажлыг өнөөдөр л хийхгүй бол хожим үр хүүхдүүд маань биднийг яагаад юу ч хийгээгүй, ямар хойрго байсан юм гэж шүүмжлэх өдөр ирнэ шүү дээ.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 8 )
Ene avgai Oyutolgoig uuriiguu reklamdah heregsel bolgohoos uur hiij baigaa yum alga
chi neg ih ulere agnaal alah geel iim zabhai abgai baijee.bi emdsen shuu.ene barimt hong kong tv ugsun anhaa.
ulzere troi albani said alh ged gemt hereg dee.
Энэ марсгар авгай чинь Рио Тинтогийн буруны Нохой гэж Монголчуудын юм мэддэг хумуус Мон ч их ярьсан даа, яагаад оорчлохгуй байгаам вэ ?
ТУз-д шургаад шимэгчилж хэвтээ Батсүх багабанди нараа зайлуулж чадахгүй байж олон улсын том компанийн удирдлага чацгануудад ямар хамаа байна
ажил урагшлаж байна монголд ашиг авчрахгүй бол эрдэнэсээ ухуулж чахав дээ хүүхдүүд ухаг гээд орхисон дээр дээ манай улс шиг хамаг газраа ухуулаад өрөнд ордог тэнэг улс өөр байна уу
Маш сайн байна. Тууштай ухаалаг байхыг хүсье Амжилт залуус аа
Нянбаатар тэнэгээр ажлын хэсгийн ахлагч хийлгэхээ болиорой тэнэг Оюунаа