Иргэд цахим залилангийн хохирогч болж 27.4 тэрбум төгрөг гадаад руу алджээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Цахим гэмт хэргээс сэргийлэх зорилготой “Ятгах тусам нягтал-2021” аяны хүрээнд “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд цахим үйлчилгээний тоо олширч, түүнийг дагасан цахим залилангийн гэмт хэргийн гаралт, төрөлжилт нэмэгдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр “Манай улсад цахим орчинд залилангийн гэмт хэрэг гарах нь элбэг байна. Ялангуяа азтан шалгаруулах замаар хууран мэхлэх, онлайн шоп ажиллуулах, пира­мид тогтолцоотой сүлжээнд элсүүлж залилах зэрэг гэмт хэргийг дурдаж болох юм” хэмээв.

Нийслэлд залилангийн гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад эхний найман сарын байдлаар 12.1 хувиар өссөн үзүүлэлттэй гэдгийг ЦЕГ-ын 2021 оны гэмт хэрэг зөрчлийн мэдээнд тусгажээ. Цахим гэмт хэрэг дотроо төлбөрийн картын мэдээллийг ашиглан онлайн төлбөр тооцоо хийх, АТМ болон ПОС машины дутуу хэрэглээ, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага олон улсын их хэмжээний мөнгөн гуйвуулга шилжүүлэх үед крипто валютын худалдан авалт зэргийн талаар хангалттай мэдлэггүйгээс шалтгаалсан гэмт хэрэг давамгайлжээ.

Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байгаа нь залиланд шууд өртөх эрсдэлийг дагуулж байгаа аж. 2017-2021 оны байдлаар цахим залилангийн гэмт хэрэгт 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлж алдсан байна. Гадаадад оршин суугаад мөнгөө алдсан эсвэл гадаадын улсууд руу шилжүүлэг хийсэн залилангийн хэргийг мөрдөхөд ихээхэн хүндрэлтэй байдгийг ЦЕГ-аас дурдсан юм. Цахим гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэлбэрээс нь хамаарч 12 жил хүртэлх хугацаанд хорих эсвэл 450 нэгжээс 40 мянган нэгж хүртэлх мөнгөн торгууль ногдуулдаг байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top