“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй товчхон ярилцлаа.
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж байна. Энэ өсөлт Монгол Улсын айл өрх бүрт хувь нэмэр болж, цар тахлын үеийн эдийн засгийг бага ч гэсэн өргөж байх шиг байна. Ирэх оны төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг. Тухайлбал, 2020 оны улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг 2016 онтой харьцуулбал 5,5 дахин өссөн. Ингэхдээ 2019 оноос эхлэн “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчид үйлдвэр болоод төсвийн орлогоо 1 их наяд төгрөг рүү дөхүүлж, 2020 онд 1 их наяд төгрөг давуулсан. Өнөөдөр зэсийн үнэ харьцангуй өндөр байна. Зэсийн үнэ 100 ам.доллараар өслөө гэхэд 30 ам.доллар нь ашиг болж үлдэнэ. Яагаад гэвэл зэсийн үнэ өсөхөд бусад нь татвар, түүхий эдийн үнэ, технологийн материал өсдөг учиртай.
Энэ жил 1,2 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэж байна. Нөгөө талаас айл өрхийн тог, цахилгааны мөнгийг төрөөс даах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр”-т хариуцуулсан. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн айл өрхийн тог цахилгааны мөнгийг төлж байна. Одоогоор 640 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бол он дуустал 400 гаруй тэрбум төгрөг нэмж төлөх шаардлагатай. Энэ бол том ачаа, гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” цар тахлын үед айл өрх аж ахуй нэгжээ дэмжихгүй бол хэн дэмжих вэ гэдэг байр сууринаас ажиллаж байгаа.
-“Эрдэнэт үйлдвэр” нэг л өдөр зогсолт хийх вий гэсэн айдас байна. Технологийн шинэчлэл хийх боломж гарч байна уу?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүхий л ажиллагаа алсын хараатай, төлөвлөлттэй явж байгаа. 40 жилийн түүхтэй энэ үйлдвэрийн тоног төхөөрөмж цагийн аясаар хуучирч байна. Тиймээс технологийн шинэчлэл хийх нарийн төлөвлөгөө гаргасан. Сүүлийн жилүүдэд 1,3 их наяд төгрөг зарцуулсан. Үүний үр дүнд хуучин тоног төхөөрөмжийн 25 хүртэлх хувийг шинэчлээд явж байгаа. Цаашид ч өргөтгөл шинэчлэлээ өөрийн хөрөнгөө болон стратегийн хөрөнгө оруулагч татах замаар хийнэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тодорхой болгож, ойрын 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл баталж өгсөн. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажил төлөвлөлттэй зорилготой хэвийн үргэлжилж байна.
-Зэсийн үнэ хэдий хугацаанд тогтвортой байх дүр зураг ажиглагдаж байна вэ?
-Зэсийн үнэ ойрын хоёр жилийн хугацаанд тогтвортой байх дүр зураг байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд технологийн материал сэлбэг гаднаас авдаг. Зэсийн үнээ дагаад бусад материалын үнэ өсөж байгаа тул олон жил ярьсан зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрээ барьж байгуулахаар бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байгаа. Зэсийн үнийн өсөлт бол Монголчууд бидний хувьд үүлэн чөлөөний нар юм. Тиймээс энэ нарыг ашиглан боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Үүнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа. Уг бүтээн байгуулалтыг Үйлдвэр технологийн парк болгох Засгийн газрын шийдвэр гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, Үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жижиг дунд үйлдвэрт тодорхой түлхэц болох юм.
-“Эрдэнэт үйлдвэр” хэдэн зуун сая төгрөгөөр массажны сандал авлаа” гэх шүүмжлэл өрнөж байсан. Мөн цар тахлын эсрэг нэлээд мөнгө зарцуулсан тухай шилэн дансны тайланд тусгасан байсан. Санхүүгийн сахилга бат хэр байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн сахилга, дэг журам өндөр хэмжээнд байгаа. Үйлдвэр маань нэг минут, нэг секунд зогсох ёсгүй. Бид вакцинжуулалтад бүрэн хамрагдсан. Одоо гуравдугаар тунгаа хийж эхэлсэн.
Өөрийн тань асууж байгаа асуултын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авах ажиллагаа 100 хувь цахим байдлаар явагдаж байгаа. Үр дүн гарч байгаа. Төрийн өмчийн хэлбэрт 100 хувь шилжээд, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 150 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүй. Менежмент, төлөвлөлт өндөр түвшинд явж байгаа учраас улс, орон нутагт төвлөрүүлэх хөрөнгө нэмэгдэж байна. Мөн цар тахлын амаргүй үед Засгийн газрын шийдвэрээр айл өрхийн тог, цахилгааны мөнгийг төлөөд явж байгаа. Үүнээс л “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн сахилга ямар түвшинд байгааг харж болно.
Сэтгэгдэл ( 2 )
Н.Багабанди хулгайчын гар ХЭЗЭЭ суларч ХЭЗЭЭ энэ өвгөнийг зайлуулах вэ Хүрэлсүх ээ
зөнөг хүүрийн дэг журам тогтооно гэж юу байдгийн.улсын мөнгө идэх үйл явцаа дэг журам гэж ойлгоод яриад байгаа юм.үүнийг байх байр буюу тэр шоронд нь хийгээд өгөөч