Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн нэгж Увс, Завхан аймагт ажиллаж байна

2021 оны 09 сарын 15

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Төвлөрлийг  сааруулах  бодлогын   дэмжлэг” төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хамт олон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран Увс, Завхан аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлаас шинээр баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уг хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг даган гарах дүрэм, журмын төслийг танилцуулах, орон нутгийн төлөөллөөр хэлэлцүүлж тэдний санал, бодлыг тусгах зорилготой аж. Мөн ажлын хүрээнд бэлчээрийн хамгаалалт удирдлага, зүй зохистой ашиглалтыг сайжруулах зорилгоор аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын алба, төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах хүрээнд цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох гэнэ.

Швейцарын хөгжлийн агентлагийн төслөөс зохион байгуулж байгаа уулзалт хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, нийслэлийн сургагч багш, албаны хүмүүс удирдан явуулж байгаа бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжилж, аймгийн ИТХ, ЗДТГ-ын 30 гаруй төлөөллийг танхимаар хамруулж, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдөд цахимаар оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top