"Намрын ногоон өдрүүд" 3 хоногт 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт өнөөдөр (2021.09.19) “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож, тариаланчид, ногоочид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын хөгжилд шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээгдэхүүнтэй танилцан, тэдний санал бодлыг сонслоо.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гар ариутгагч, Монголын уламжлалт Мана 4, Норов 7 тан үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж буй "Одь-тан" компанийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч, 20 ажлын байр бий болгосон байна.

Ажлын байрыг дэмжих 2 наядын зээлийг эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед олгосон нь маш том дэмжлэг болсныг үйлдвэрлэгчид хэлж байв.

Хүнсний ногоочид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж, энэ жил хураан авсан ургацаа нийслэлчүүддээ борлуулж байна. "Монгол ногоо" төслийн хүрээнд саримс, байцаа, сонгины тариалалт нэмэгдсэн, түүнээс гадна энэ хавар ногоочдодоо үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгосон нь маш том дэмжлэг болж чаджээ.

Энэ жилийн хувьд төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг бид дотоодоосоо хангана. Харин илүүдэл ногоог цардуулын үйлдвэрт ашиглаж байх зорилгоор Төв аймагт цардуулын үйлдвэр барихаар ажиллаж байна.

Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь сав байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барих ажлыг зохион байгуулж байгаа юм.

Хонины нэхийгээр гутал хүрэм үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Орхон хонийг олноор нь үржүүлэхэд анхаарсан бодлого хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Тоон дүнгээс харвал 9-р сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд 3 өдрийн турш нийтдээ 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд Засгийн газар болон иргэдийн хамтын ажиллагаа чухал учраас хамтдаа хичээхийг уриалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top