Цар тахлын үед Монголын эдийн засгийн тулгуур болох уул уурхайн салбарынхан чуулж гарц шийдэл хайлаа. Монголын эдийн засгийн оргил үе буюу 2011 оноос хойш зохион байгуулагдаж буй “Mongolia Mining 2021” үзэсгэлэн есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн. Дэлхийн уул уурхайн дэвшилтэт технологи, шинэ шийдэл, тоног төхөөрөмж, машин механизмыг танилцуулсан уг уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл тэргүүтэй төрийн төлөөлөл бодлого шийдвэрээ таницуулсан. Тухайлбал, “Mongolia Mining 2021” уул уурхайн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “10 дахь жилдээ болж буй “Mongolia Mining” арга хэмжээнээс манай компаниуд олон шинэлэг санаа, шилдэг техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадсан.
Цар тахлын хүнд цаг үеийг давахад төр, хувийн хэвшлийнхэнд хамтын ажиллагаа хамгаас чухал. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарын олон компани эдийн засгийн сорилт, бэрхшээлтэй нүүр тулаад байна. Энэхүү сорилтыг даван туулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах учиртай. Үүнд, тогтвортой бодлого, нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн зарчимтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм” гэлээ. Тэрбээр уул уурхайн салбарын гол асуудлын нэг бол тээвэр, ложистик болохыг онцолсон. Цар тахлын хугацаанд хэд хэдэн удаа тэг зогсолт хийгээд байсан Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд Монголын гурван томоохон компани хамтран чингэлэг тээврийн терминал байгуулсан болохыг дуулгалаа. Энэ мэтээр төр нь бодлогоо тодорхойлж чадвал үр дүнтэй хувийн хэвшил үр дүнтэй ажиллаж чадвал, хоёр талын хамтын ажиллагаа бодит ажил болдгийг бодит жишээн дээр дурдав. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлдээ төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид компанийн зүгээс хийж хэрэгжүүлэхээр зорьж буй алхмуудаа танилцууллаа. Үзэсгэлэнд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдээс гадна ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, гадаад улсуудаас Монгол Улсын Элчин сайд нар оролцож, Буянт-Ухаа ордны гол танхимд өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Гадаад талбайн үзэсгэлэнд Беларусь, Бельги, Япон, Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос, Швед, Их Британи, Унгар болон Чех зэрэг 10 улсын 100 гаруй аж ахуйн нэгж бүтээн үйлчилгээгээ дэлгэжээ. Уул уурхайн аварга машин механизмууд, хүнд даацын дугуйн худалдаа, өргөх машин, өрөмний хошуу, хөдөлгөөнт болон суурин тосолгооны системийг шийдсэн тосолгооны машинаас авахуулаад уурхайчны биеийн салшгүй нэг хэсэг байдаг хамгаалах хэрэгслүүдийг хүртэл нэг дор борлуулж байна. Дотор талбайд хүнд даацын машин механизмын сэлбэг хэрэгсэл, шатахуун, түлш, тос, тосолгооны бүтээгдэхүүн, захиалгат төмөр хийц, уул уурхайн ба барилгын гадар болон дотор цахилгаан хангамжийн бүтээгдэхүүн гэх мэт зүйлстэй танилцаж болох аж.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувийг, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Улсын төсвийн орлогын 37-40 хувийг бүрдүүлээд байна. Засгийн газрын зүгээс томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийг бүрдүүлэх, шинэ техник технологиор үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэ бодлогын хүрээн олборлох салбараас боловсруулах салбар руу шилжих шилжилтийн үеийг дамжиж байна. Цар тахал өнөөдрийнх шиг томоохон үйл ажиллагаа зохион байгуулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа хэдий ч амжилттайгаар зохион байгуулж буйд баяртай байна” хэмээв. Мөн хувийн хэвшлийг төлөөлөн Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин эдийн засгийн шинэ сэргэлтийн хуулийн талаарх асуудлыг Засгийн газар, Үндэсний аюулгүй зөвлөлд танилцуулсан гэдгээ хэлсэн юм. Тэрбээр “Манай улсын уул уурхай экспорт ихээр хийдэг тул эдийн засгийн шинэ сэргэлтийн хууль экспортод хөрөнгө оруулах болно. Үүний дараа Монголд томоохон уул уурхайн төслүүд богино хугацаанд хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн төсөл болон уг үйл ажиллагаа хоорондоо ихээхэн хамааралтай” хэмээн онцлов.
Энэхүү үйл ажиллагааны үеэр орчин үеийн байгальд ээлтэй шийдлийг гаргасан хэд хэдэн бүтээгдэхүүнүүд анхаарал татаж байлаа. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хэт өндрийн салхины эрчим хүчний систем байв. Нүүрсний цахилгаан станц нь хамгийн найдвартай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Харин шүхрээр ажилладаг уг салхин сэнс нь эрчим хүчийг түгээмэл салхин сэнснээс илүү ялгаруулах чадвартай тул нүүрсэн цахилгаан станцын араас эрэмбэлэгддэг, зардал багатай бүтээгдэхүүн аж. Энэхүү бүтээгдэхүүн нь 200-400 метр өндөрт тэсвэртэй, салхи энгийн үеэсээ хоёр дахин хүчтэй салхилвал физикийн хуулийн дагуу эрчим хүч гаргах чадвар нь найм дахин, харин гурав дахин хүчтэй салхилсан үед 27 дахин үр өгөөжтэй. Мөн бохир усны бүхий л түвшний боловсруулалт хийх төхөөрөмж, химийн аюултай бодисын савыг дахин боловсруулж уут, зориулалтын хамгаалалтын хувцас үйлдвэрлэх бага оврын үйлдвэр зэрэг дэвшилтэд технологиуд “Mongolia Mining 2021” үзэсгэлэнг чимж байна.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )