Н.Учрал гишүүн сонгуульд зориулсан ПОП хуулиндаа ороогдов уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

"Хууль төрөхийн өмнө" булан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг эргэн сануулж байна. 

Уг хуулийн төслийг Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар 2020 оны тавдугаар сарын 13-нд өргөн барьсан билээ.

Энд нэг зүйлийг сануулахад, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нарын тухайд бол Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.

Хамтын тэтгэвэр, Хувийн тэтгэвэр гэдэг хоёр тусдаа хуулийн төсөл өргөн баригдаад байгааг тодотгох нь зүйтэй болов уу.
 


Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжиж, УИХ-аар анхны хэлэлцүүлэг хийсэн. Ингээд УИХ-аас ажлын хэсэг байгуулсан ч сонгууль дөхсөн байсан тул хууль тогтоох үйл ажиллагаа саарсан юм. 

Ингээд сонгуулийн дараа Н.Учрал гишүүний эрүүл мэндийн асуудлаас үүдэн хуулийн төсөл түр гацсан гэж хэлж болно. Хуулийн төслийн гол агуулга нь Хувийн тэтгэврийн санд шимтгэл төлөх хэлбэрээр тэтгэврийн хуримтлал үүсгэх зорилготой. Хуримтлуулсан тэтгэврээ өвлүүлэх боломжтой болгохыг зорьсон хууль гэхэд болно.

Хуримтлуулсан хувийн тэтгэврээ авахаас гадна Тэтгэврийн даатгалын сангаас сар бүр тэтгэврээ авна. Ингэхдээ тэтгэврийн даатгалын санд төлөх шимтгэлээс даатгуулагчийн хоёр хувь болон ажил олгогчийн хоёр хувь нийт дөрвөн хувийг өөрийн сонгосон хувийн тэтгэврийн санд төлж болох юм. Өөрөөр хэлбэл ажилтан нэг сарын цалингаасаа 8,5 хувийн шимтгэлийг Тэтгэврийн даатгалын санд төлдөг бол 2 хувийг Хувийн тэтгэврийн санд хуримтлуулах боломж бүрдэхээр тусгасан байв.

Хувийн тэтгэврийн шимтгэл төлөгч нь тэтгэврийн насанд хүрсэн эсхүл хөдөлмөрийн бүрэн чадвараа алдсан, гэнэтийн ослын улмаас эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах боломжоор хангагдана...

Шимтгэл төлөгч нас барсан нөхцөлд тэтгэврийн хөрөнгө нь шимтгэл төлөгчийн эрх залгамжлагч эрх залгамжлагч байхгүй бол өвлөгчид шилжинэ...

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин гээд Монгол Улсын иргэн Хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэж болно гэх мэт заалтуудтайгаар анх хуулийн төслийг боловсруулжээ.

Дээрх хуулийн төслөөр бол тэтгэврийн насанд хүрэнгүүт улсаас тэтгэвэр авна. Үүн дээрээ нэмээд Хувийн тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөө авах эрх үүсэхээр байсан юм. 

Гэтэл төр энэ ачааллыг дийлэх үү гэдэг асуудал тулгарна. Учир нь иргэн, аж ахуй нэгж Тэтгэврийн даатгалын санд төлдөг байсан шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэврийн санд шилжүүлснээр Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал энэ хэмжээгээр буурна. Орлого нь буурсан уг сангаас хэвийн хэмжээгээр тэтгэвэр аваад дээр нь Хувийн тэтгэврийн сангаас хуримтлалаа авна гэдэг иргэн хүндээ ашигтай ч Тэтгэврийн даатгалын сан ачааллаа дийлэх үү гэдэг маш том асуудал юм.

Судалгаагаар бол 2016 онд нийт хүн амын 8,2 хувь нь тэтгэврийн насны иргэн байжээ. Гэтэл 2040 онд хүн амын 20 хувь нь тэтгэврийн насанд хүрэх аж.

Хорин жилийн дараа хоёр дахин нэмэгдэх ачаалал дээр шимтгэлийн хувь хэмжээгээ бууруулснаар Тэтгэврийн даатгалын сангийн данс улайгаад зогсохгүй, төсөвт ирэх дарамт энэ хэмжээгээр нэмэгдэх магадлалтай байгаа юм. 

Хувийн тэтгэвэр гэдэг энэ нэр томъёо, энэ хуулийн хүлээлт өргөн барьсан цагаасаа ахмадуудын дунд хүлээлт үүсгэсэн гэхэд болно. Гэсэн ч дээрх нөхцөл байдлууд нөлөөлсөн үү энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд хуулийн төслийн нэрийг өөрчилж оруулжээ. Санаачлагчид нь бараг мартаж орхисон бололтой. Зарим гишүүд утсаа авахгүй байгаа бол зарим нь Н.Учрал гишүүнээс асуу гээд өөрөөсөө холдуулж байв. Яг энэ хууль юу болов, яав ийв гээд албаны яриа, тайлбар хүсэхээр ямар ч хариу өгөхгүйгээр, сэтгүүлчдийн саналаас бултсаар байна.

Ялангуяа, Н.Учрал гишүүнээс Хувийн тэтгэврийн асуудлаар байр суурийг нь сонсох гэсэн ахмадад олон байна. Энэ хүлээлт энэ намар, өвөлдөө лав үргэлжлэх бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top