“Мөсөн өргөө”-ний нээлтийг АНУ-д амьдардаг О.ИВЭЭЛ охин чимлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Монгол компаниуд хамтран бүтээсэн Монголын анхны битүү дээвэртэй "Мөсөн өргөө" цогцолбор өнөөдөр (2021.09.29) нээлтээ хийлээ.

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн мөсөн өргөөний нээлтийг уран гулгалтын тамирчин Отгонбаярын Ивээл чимлээ.

АНУ-д төрж, өссөн О.Ивээл охин Монголынхоо анхны мөсөн өргөөний нээлтэд оролцохоор анх удаа Монголдоо иржээ.

АНУ болон Канадад төрсөн олон монгол хүүхэд уран гулгалтаар хичээллэдэг.

Тэдний нэг нь 15 настай О.Ивээл юм.
 


2010 оны Ванкуверын олимпод алдарт гулгагч Ким Юнаг түрүүлэхийг хараад “Би уран гулгагч болно” хэмээн ээждээ хэлж учирласаар секцэнд орж, дөрөвхөн настайдаа мөсөн дээр гарч байсан О.Ивээл төд удалгүй мужийн уран гулгалтын холбооны шалгуурыг даван, АНУ-ын Колорадо мужид данстай тамирчин болж байсан юм.

Дараа нь тэр клубийнхээ аварга шалгаруулах тэмцээнд насныхаа ангилалд түрүүлж, анхны алтан медалиа хүртэж байв.

АНУ-ын Денверийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аваргын алт, Мужийн цомын мөнгөн медалийн эзэн болж байжээ. 2013 онд эдгээр амжилтууд нь түүнд АНУ-ын Уран гулгалтын холбооны хаалгыг нээж, АНУ-ын уран гулгалтын холбооны данстай тамирчин, үндсэн гишүүн болгосон байдаг.
 


О.ИВЭЭЛ: ЦААШИД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ ИРСЭН

 

Өнөөдөр болсон "Мөсөн өргөө"-ний нээлтийн үеэр О.Ивээл "Тамирчид маань бэлтгэл хийх бүрэн боломжоор хангагдаж байгаад туйлын баяртай байна. Би 7 хоногт зургаан өдрийн бэлтгэл хийдэг. Эх орондоо энэ бэлтгэлийг хийх болсондоо маш их баяртай байна. Дөрвөн настайгаасаа эхэлж уран гулгалтаар хичээллэсэн. Одоо 11 нэг дэх жилдээ хичээллэж байна. Цаашид Монгол Улсаа төлөөлөн Олон улсын тэмцээнд оролцох хүсэлтэй байдаг. Өдөр тутмынхаа бэлтгэлийг хангаад, хичээх юм бол тэр зорилгодоо хүрэх бүрэн боломжтой. 2010 оны Ванкуверын өвлийн олимпыг үзэж байхдаа Ким Юнагийн аварга болж байгаа тэр тоглолтыг үзээд, сэтгэл маш их хөдөлсөн. Тэр тоглолт надад хүчтэй нөлөө үзүүлж, би өөрөө тийм мундаг уран гулгагч болох юмсан гэсэн бодол төрөх болсон. Түүний дараа аав, ээж хоёр маань намайг ордонд аваачиж, уран гулгалтын хичээлд суулгаснаар би энэ спортод өөрийнхөө амьдралыг зориулахаар шийдсэн. Мөсөн дээр гарах бүртээ би хайртай спортдоо өөрийн чадах бүхнээ зориулж, олимпод оролцоно гэж боддог" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.



О.Ивээл багадаа
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.70) 2021 оны 10 сарын 03

Амжилт

0  |  0
зочин(66.181.186.129) 2021 оны 10 сарын 01

амжилт охин минь эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаарай

0  |  0
Top