“Ачит Ихт”, МАК-ийн хамтрал Монголд анх удаа “МӨСӨН ӨРГӨӨ” байгуулав

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Монгол Улс өвлийн спортын түүхэнд өчигдөр шинэ хуудас нээгдэж, анх удаа битүү дээвэртэй ордонтой боллоо. “Степпе Арена” компани уг төслийг санаачилж, “Ачит Ихт”, “Степпе Линк Холдинг”, “Юнайтед Прожектс Корпорэйшн”, “МАК” компаниудын хамтын хүчин зүтгэлээр “Мөсөн өргөө” сүндэрлэжээ. “Мөсөн өргөө”-ий нээлтэд оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай үндэсний компаниуд нэгдэж, ард түмний мөрөөдлийг биелүүлэх “Мөсөн өргөө”-г босгосонд гүнээ талархъя. Монгол Улсад анх удаа инженерийн техник, технологийг хөгжүүлж, хүнд нөхцөл байдлын бэрхшээлийг даван туулж, их бүтээн байгуулалтыг хийсэн бүх хүмүүст баярлалаа” хэмээв. Мөн тэрбээр олон улсын спортын хорооны стандарт бүхий өвлийн спортын битүү ордонтой болсноор баг тамирчдын бэлтгэлд ихээхэн эерэг нөлөө үзүүлж, хүүхэд залуучуудад ихээхэн урам зориг өгч буйг тэмдэглэсэн юм.

 

60 жилийн хүлээлт хоёр жилд биелэв

 

Монгол Улс анх 1964 онд Инсбургийн өвлийн олимпод оролцсон түүхтэй.  Монголчууд өвлийн спортын ордонтой болох мөрөөдөл тэр үеэс эхтэй гэж болно. Энэ мөрөөдлийг бодит амьдрал дээр хэрэгжихэд голлох үүрэг гүйцэтгэсэн “Ачит Ихт” компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг “Эрүүл биед саруул ухаан оршино хэмээн эцэг өвгөд сургаж ирсэн. Бидний хойч үе болох хүүхэд залуусын эрүүл чийрэг, эрч хүчтэй, өв тэгш хөгжилтэй иргэн болж төлөвшихөд хувь нэмрээ оруулж энэхүү төслийг санхүүжүүлсэн явдалдаа баяртай байна. Олон хүний нөр их хүч хөлөлмөрийн үр дүнд "Мөсөн өргөө" ордыг амжилттайгаар бүтээн босголоо. Чин сэтгэл, хүсэл эрмэлзэл, уйгагүй хөдөлмөр ямар том зүйлийг бий болгож болдгийн тод жишээ боллоо. Хүүхэд залуусын мөрөөдлийг бодит болгож, "Мөсөн өргөө" цогцолборт гар бие оролцсон, хамтран бүтээн байгуулсан та бүхэнд гүнээ талархъя. Бидэнтэй мөр зэрэгцэн бүтээн байгуулалтад бүтээгдэхүүнээрээ хөрөнгө оруулж, хамтарч ажилласан МАК-ийн хамт олон болон бусад компаниудад баярлалаа” гэв.

"Мөсөн өргөө"-ний шавыг  анх 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд тавьсан бөгөөд Монголын 95, гадаадын зургаан компани бүтээлцжээ. Нийт 1600 барилгачин, инженер, техникийн ажилтнууд ажилласан байна. Ийм олон хүний хөлс хүчээр сүндэрлэсэн “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ордон 7.8 мянган ам.метр талбайтай, 2600-3600 хүний багтаамжтай, шүүгч болон тамирчдын байрлах таван өрөөтэй, хурал болон сургалт зохион байгуулах 80-100 хүний уулзалтын танхим зэрэг олон улсын стандарт бүхий иж бүрэн цогцолбор болж чаджээ. Мөн тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайг стандартын дагуу багтаасан гэдгээрээ онцлогтой. Уг бүтээн байгуулалтын талаар Монголын хоккейн шигшээ багийн довтлон тоглогч Ц.Шинэбаяр “Бид гадна талбайд бэлтгэл хийдэг байлаа. Олон улсын тэмцээнд орохын өмнө заавал ОХУ руу явж бэлтгэлээ хийх шаардлага тулгардаг байсан. Учир нь заалны мөс гэдэг нь гадна талбайн мөснөөс өөр. Тиймээс ОХУ руу явж 10 хоног бэлтгэл хийгээд тэмцээндээ оролцдог байсан. Одоо эх орондоо бэлтгэл хийх талбайтай болж буйдаа маш их баяртай байна. Цаашдаа илүү урам зоригтойгоор бэлтгэлээ хийж, амжилт их гаргах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Европ стандартын хөрөнгө оруулалт

 

Энэхүү бүтээн байгуулалтад Монголдоо барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Монголын алт” (МАК) компани манлайлан оролцсон байна.

Дэлхийн техник технологийн дэвшлийг эх орондоо амжилттай нутагшуулж буй “Монголын алт” (МАК) компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн үйлдвэрийн “МАК евроблок”, “МАК евроцемент”, “MAK евровиндор” /SCHUECO/ шилэн фасад, цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулт хийжээ.

Тус компанийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Бидний үед Их дэлгүүрийн урд явган хүний зам дээр эсгий гутлаар модоор чагталж тэшүүр углачихаад гулгадаг байлаа. Өнөөдрөөс эхлэн тэр үед ард хоцорч, манай улсын хүүхэд багачууд мөсөн спортоор хичээллэх, тив дэлхийд амжилт гаргах бүрэн боломж нээгдлээ” хэмээсэн юм. Зөвхөн европт төдийгүй дэлхийн олон улс оронд иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламж барихад хамгийн түгээмэл ашигладаг барилгын материалын нэг бол өндөр хэмийн даралтад уурын сав буюу автоклаваар боловсруулсан хийт бетон юм. Уг европ стандартын блокыг МАК компани  дотооддоо үйлдвэрлэж, барилгын салбарын хэрэгцээнд нийлүүлж байгаа. Үүнээс гадна “МАК евровиндор” үйлдвэрийн хаалга, цонх, шилэн фасадыг захиалагчийн хүссэн хэмжээ, загвараар үйлдвэрлэн, “Мөсөн өргөө”-нд хандивлаж, Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын хүсэл, мөрөөдлийг биелүүлэхэд бодит хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

ТАМИРЧИД БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ БЭЛТГЭЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

Энэ үеэр ахмад хоккейн тамирчин Б.Болд сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр “Миний мөрөөдөл 45 жилийн дараа биелж байна. Би мөсөн спорттой 1970 оноос хойш холбогдсон. Харин хоккейн спортоор долоон жилийн турш тууштай хичээллэсэн. Манай улсад хоккейн бэлтгэл сургуулилт хийх их хэцүү байсан. Өөрсдөө л бор зүрхээрээ бэлтгэлээ хийдэг. Задгай мөсөн талбайг л их ашиглана. Мөсөн ордон ашиглалтад орсноор өвлийн спортын тамирчдаа бэлтгэхэд таатай нөхцөл бүрдлээ. Яагаад таатай хэмээн онцлоод байна вэ гэвэл бүтэн жилийн турш бэлтгэл хийх боломжтой болоод байна шүү дээ. Цаашдаа олимпын аварга төрөх өдөр ойрхон байгаа хэмээн найдаж байна” гэлээ.

Ийнхүү Монголын өвлийн спортын ахмад үе, ид гялалзаж яваа тамирчид, ирээдүй болсон хүүхэд багачуудыг баярлуулсан уг төслийг анх “Степпе арена” компанийн ТУЗ-ийн дарга П.Цагаан санаачилсан байдаг. Тэрбээр нээлтийн үеэр “Бүтээн байгуулалтаа шав тавин эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэр цагаас хойш 898 хоног цаг наргүй зүтгэсний хүчинд өнөөдөр "Мөсөн өргөө"-нийхөө нээлтийг хийж байна. Хөлдөө тэшүүр углаж үзсэн хүн бүрийн мөрөөдлийг биелүүлнэ гэсэн амлалтдаа хүрсэндээ баяртай байна” гэж баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gimme(162.158.106.16) 2021 оны 09 сарын 30

Hulgaich nar ovooshdee mongolchuudaas hulgailsan hurungniihuu 0.0001 huviig zartsuuljee. Busad tsagaa hirtei zahtai hulgaich nart ulger jisher boljee.

1  |  0
Top